2009/01/16

Цуврал X. Хувьцаа - Мєнгє vржvvлэх зам

Германчууд дэлхийд хэмнэхийн мастерууд. Гэтэл мөнгөө зөв байршуулж, жинхэнэ ашиг олох тал дээр тэд хамгийн сүүлийн эгнээнд явдаг...

Франц Раф

Ихэнх хүмүүс хувьцааны талаар маш буруу ойлголттой байдаг. Хэрэв та хамгийн богино хугацаанд хөрөнгө чинээтэй болохыг хүсч байгаа бол удахгүй хувьцааны хажуугаар зүгээр өнгөрч чаддаггүй болно гэдгийг би танд харуулахыг хүсч байна.

Хувьцаатай харьцахад анхаарах хэд хэдэн чухал дүрмүүд байдаг ба харилцан хамаарлыг нь таних хэрэгтэй. Тэдний тухай та энэ бүлгээс олж үзээрэй.

Андре Костолани хэлэхдээ: "Бирж дээр тоглогчдын 90 хувь нь ямар ч онолгүй, сэтгэл хөдлөлдөө автагдагсад байдаг ба тэд ямар ч стратеги барьдаггүй" гэжээ.


Арван алтан дүрэм
Одоо бүгдээрээ хувьцаанд итгэлтэй ханддаг болохын тулд мэдвэл зохих зүйлүүдийг харцгаая.


Дүрэм 1: Бирж дээр сайн болон муу цагууд ээлжлэн байдаг.
Биржийн зун мөнх үргэлжилдэггүй. Үүний адилаар биржийн өвөл ч мөнх үргэлжлэхгүй. Ханшны уналт бүрийн дараа ханш дахин сэргэдэг. Энэ бол хамгийн энгийн мэдлэг хэдий ч хүмүүс үүнийг үргэлж мартдаг учраас л биржийн тоглогчид том алдагдал хүлээдэг. 1948 оноос хойш жил дараалан унасан 2 муу жилийг эс тооцвол өнөөг хүртэл ханшнууд дахиад үргэлж сэргэсээр ирсэн. Үндсэндээ ханш нэг, эсвэл удлаа гэхэд л хоёр жилийн дотор дахин сэргэж байдаг юм. Америкийн хувьцааны ерөнхий төлвийг харуулж байдаг Доу Жонсын индексийн дундаж ашиг жилд дунджаар 12 хувь байдаг. Иймээс ханш хичнээн хонгил руу унасан ч та хувьцаагаа зарж болохгүй.
Дүрэм 2: Хоёроос таван жил мөнгөө биржид зээлдүүлэхэд
бэлэн байгаа хүн л өндөр ашиг хүлээж болно.
Ямар нэгэн шалтгаанаар богино хугацаанд танд эргээд хэрэгтэй болох мөнгийг хувьцаанд хэзээ ч оруулж болохгүй. Учир нь хувьцааны үнэ хонгилд байх үед таны мөнгө гэнэт хэрэгтэй болж хувьцаагаа зарахад хүрвэл та ихээхэн алдагдалд орно. Дахиад ханш сэргэтэл хүлээж чадахаар нөхцөлд л хөрөнгө оруулалт хийх ёстой.
Дүрэм 3: Та доод тал нь тав, гэхдээ 10-аас
илүүгүй төрлийн хувьцаа худалдан авч бай.
Та эрсдэлийг зөв удирдахын тулд доод тал нь 5 төрлийн хувьцаанд хөрөнгө оруулах хэрэгтэй. Болж өгвөл хувьцаа бүрийг янз бүрийн салбар, янз бүрийн улс оронд байхаар сонго. Хэрэв та биржийн мэргэжилтэн биш л бол 10-аас илүү төрлийн хувьцаа авах шаардлагагүй ба үүнээс ихэдвэл хяналтаа алдана.
Дүрэм 4: Хувьцаагаа зарсны дараа л ашиг
эсвэл алдагдлын тухай ярьж болно.
Таны хувьцаа хонгил руу уналаа ч гэсэн та алдагдалд ороогүй байна. Хэрэв та энэ үед хувьцаагаа зарах юм бол жинхэнэ алдагдалд орно. Үүнийг л та хэзээ ч хийж болохгүй. (1-р Дүрмийг хар) Яг үүнтэй адилаар та хувьцаагаа ашигтай арилжсан үед л ашиг оллоо гэж хэлж болно. Хэрэв ханш таны санасан хэмжээнд хүрсэн л бол та хувьцааныхаа тодорхой хэсгийг зарах нь зүйтэй. Гэхдээ энд анхааруулахад: Хувьцаагаа худалдах эсвэл худалдаж авах гэсэн шалтгаан болоод ханшны хэлбэлзэл зэргийг байнга бичгээр тэмдэглэж занших хэрэгтэй.
Дүрэм 5: Ашгийг ханшны өсөлтөөс гадна хувьцааны ноогдол ашиг өгдөг.
Хувьцааны үнэ өсөхөд зарах юм бол та ашиг олно. Харин хувьцаагаа зарах хүртэл хэрэв компани ноогдол ашиг хуваарилбал та жил бүр ашиг олох болно. Хэрэв таны хувьцааг нь эзэмшиж байгаа компани ашигтай ажиллавал, тэрээр ашгийнхаа тодорхой хэсгийг өөртөө нөөц сан бүрдүүлэх зорилгоор авч үлдээд, үлдэх хэсгийг ноогдол ашгийн хэлбэрээр цацдаг. Хэрэв та ноогдол ашгийн амтыг мэдрэхийг хүсвэл үлэмж хөрөнгө захиран, аварга ашиг хийдэг том компаниудад капиталынхаа тодорхой хэсгээр хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Хэрвээ та хувьцаа худалдан аваад 6-аас доошгүй сарын дараа эргүүлэн зарсан бол ханшны зөрөөнд ямар ч ашгийн татвар төлөхгүй. Харин ноогдол ашгаас бага зэргийн татвар төлөх ёстой байдаг.
Дүрэм 6: Уналт өөрийн гэсэн сайн талтай. Энэ нь танд
хувьцааг маш доогуур үнээр худалдан авах боломжийг олгоно.
Яг ид уналтын үед бүхнийг сөрж хувьцаа худалдан авах нь хүнээс хүчтэй мэдрэл шаарддаг хэдий ч бас их сайн талтай. Та сандрах юмгүй худалдан ав. Ханш ихэвчлэн түргэн сэргэдэг ба заримдаа энэ нь бараг анзаарагддаггүй.

Хэрэв та сандралд орж зарж эхлэх л юм бол уналт танд муугаар нөлөөлнө. Дараачийн цойлох үе ирэх нь тодорхой тул та хувьцаагаа хатуу барьж байсан цагт хэзээ ч алдагдалд орохгүй.

Хэрэв та хувьцаа нэмж худалдан авахаар шийдсэн бол "Хааны зам" гэсэн стратегийг сонговол алзахгүй. Хувьцаа нэмж худалдан авахын тулд танд мөнгө хэрэгтэй, иймээс хувьцааг байсныхаа хэрээр бүх мөнгөндөө тултал худалдан авч болохгүй. Ханш унах үед нэмж худалдан авахын тулд үргэлж мөнгө авч үлдэж бай. Магадгүй том уналт ч дөхөж байж мэднэ.



Дүрэм 7: Олноос тасар. Бирж дээр: "Хэн бүгдтэй адилхан хийнэ,
тэр бүгдтэй адил хүртэнэ" гэдэг зарчим үйлчилдэг.
Энд бичигдсэн дүрмүүдийг баримталдаггүй учраас биржийн тоглогчдын 90 хувь нь алддаг. Хувьцаагаар тоглогчдын дийлэнх хэсэг нь цөөнхийнхөө ашгийг санхүүжүүлдэг юм. Үндсэндээ олон танд нөхөр болж чадахгүй, тэд: "Биржийн галт тэргэнд даруйхан суулгүй болохгүй, одоо л хамгийн тохиромжтой үе" гэж хэдий чинээ их ярих тусам төдий чинээ хожимдсон гэдэгт та итгэлтэй байж болно. Ханшны томоохон өсөлтүүд хэдийнэ болоод өнгөрчээ гэсэн үг. Иймээс та хэрэв бүгд авч байвал бүү ав, зарж байвал бүү зар.
Дүрэм 8: Цаг хугацааг мэдрэх, оновчтой шийдвэр гаргах үндэслэл олох нь чухал. Сэтгэл хөдлөлөө дагагчдад ямар ч боломж байхгүй
Та өөрийн хурууны мэдрэмжиндээ найдан сугалаа татаж болохгүй, харин оновчтой харьцуулалт хийж сайн бод. Та хувьцааг нь худалдан авахаар сонирхож байгаа компанийхаа тухай бололцоотой бүх мэдээллийг цуглуулж, туршлага хуримтлуулах нь чухал. Үүний тулд та компанийн бүх тайланг унших шаардлагагүй бөгөөд, зүгээр л эрүүл саруул ухаанаар хандахад болно.

Мак Доналдсын жишээг аваад үзье л дээ. Хүмүүс ирээдүйд гамбургер идэхийг хүсэх үү? Хэдхэн минут тутамд дэлхийн хаа нэгтээ шинэ салбараа нээж байдаг тийм компани цаашид хөгжинө гэдэгт та итгэж байна уу? Компанийн ханшны хэлбэлзэл өнгөрсөн үед ямар байсныг судалж, ирээдүйд яаж хөгжихийг төсөөл. Аль болох олон өгөгдлийг харгалзан үз. Мөн ямар ч тохиолдолд шийдвэр гаргах үндэслэлүүд болон таамаглаж буй ханшаа үргэлж бичиж бай .



Дүрэм 9: Хөрөнгө оруулах мөнгөө та өөрөө олсон байх ёстой.
Хувьцаа худалдан авахын тулд хэзээ ч битгий зээл ав
Хэрэв болзошгүй алдагдал таны амьдралд сөргөөр нөлөөлөхүйц байвал хувьцаанд хөрөнгө оруулж болохгүй. Энэ зарчмыг дагаагүй шалтгаанаар олон хүмүүс бэрхшээлд орж байсныг би мэднэ. Тэд бирж рүү орох гэж мөнгө зээлсэн юм.
Дүрэм 10: Хувьцаа мөнгийг цохидог, цаашид ч мөн тийм байх болно.
Цухас дурьдахад, үүний шалтгаан нь инфляцид оршдог. Хэрэв та тодорхой хэмжээний мөнгийг мөнгө хэлбэрээр нь байршуулбал инфляцаас шалтгаалан тэр мөнгө үнээ алдана. Та 10 жилийн өмнө худалдаж авдаг байсан үнээр өнөөдөр адилхан зүйлийг худалдаж авч чадахгүй, өөрөөр хэлбэл юм үнэтэй болжээ. Үүнийг инфляци хийсэн. Гэвч инфляци мөнгөнд хохирол учруулахын зэрэгцээгээр хувьцаанд тусалж байдаг.

Хувьцаа гэдэг нь компанийн тодорхой нэг хэсэг буюу компанийн үл хөдлөх хөрөнгө, эд зүйлсийг төлөөлж байдаг ба хэрэв бүх зүйл үнэд орж байгаа бол таны хувьцаа ч гэсэн үнэд орно. Мөнгөний хувьд инфляци гэж нэрлээд байгаа зүйл маань биет эд юмс дээр бол үнэ өсөх гэж тодорхойлогдоно. Тэгэхээр та хувьцаа эзэмшиж байгаа бол инфляци танд шууд тусална. Ийм шалтгаанаар биет зүйлсийн үнэ мөнгөний ханшийг үргэлж цохидог юм.

1948-1995 оны хооронд хувьцааны үнэ жилд дунджаар 11,9 хувиар нэмэгдэж байсан бол, бусад үнэт цаасных 6,6 хувийн өсөлттэй байжээ.

Магадгүй та одоо: “Хэрэв би энэ дүрмээр явбал алдахгүй юм байна. Ерөөсөө хувьцаа худалдаж авъя” хэмээн яарч байж болох юм. Гэхдээ үүнээс өмнө та хувьцаагаа яаж ашигтай арилжих тухай уншихаа мартуузай.

Та цааш үргэлжлүүлэн уншихаасаа өмнө, эхлээд доорхи 3 асуултыг өөртөө тавина уу. Үүнд:

• Шаардлагатай үед цацах хангалттай мөнгө танд бий юу? Нэгэнт ажил хэргээ эхэлсэн л бол эгзэгтэй үед дахин хувьцаа дарах мөнгө танд зайлшгүй хэрэгтэй.

• Танд шаардлагатай зан чанарууд бий юу? Бүх хувьцааны 87 хувь нь 1 жилийн дотор эзэмшигчээ сольдог ба нэг хувьцаа жилд 50 хүртэл хувиар хэлбэлздэг. Иймээс та маш хүчтэй мэдрэлтэй байх ёстой.

• Биржийг болон өөрийн сонгосон компаниа анхааралтай ажиглахын тулд та хангалттай цаг зав гаргаж чадах уу?

Хааны зам: Яаж хувьцаа бүрээ ашигтай арилжих вэ?

Олон арван жилийн турш хадгалагдан ирсэн биржийн стратеги гэж байдаг ба энэ нь юуны өмнө консерватив хөрөнгө оруулагчдад илүүтэй тохирдог. Хэн энэ дүрмүүдийг сахилга баттай дагана, тэр хойшид хувьцаа нэг бүрээ ашигтай арилждаг болно. Энэ стратегийг "Хааны зам" гэж нэрлэдэг.

1. Зөвхөн хүчтэй, чанартайг сонго
Хааны зам стратегид зөвхөн дээд зэргийн хувьцаанууд тохирдог. Мөн салбар бүрээс зөвхөн салбарын манлайлагч компанид л хөрөнгө оруулах асуудлыг энд авч үзнэ.

Жишээ нь: Германы бирж дээрх банкнууд дундаас зөвхөн Дойче Банк л үүнд тохирно. Европын хэмжээнд авч үзвэл, Голландын Юнилевр. Америкт бол Филлип Моррис, эсвэл Кока-Кола энд багтана. Харин Японд Канон мэтийн үндэстэн дамнасан корпорациудыг дурьдаж болно.

2. Зөв хольц бэлтгэ
Хааны зам стратегийг хэрэгжүүлэгч хэн нэгний сейфэнд доод тал нь 5, гэхдээ 10-с дээшгүй төрлийн хувьцаа хадгалагдаж байх ёстой. Ингэхдээ таны хувьцааны холимог янз бүрийн улс орон болон салбаруудын хувьд найрлага нь тохирч байгаа эсэхийг анхаар. Хэрэв Японд электроникийн салбарыг сонгосон бол, Германд үүнээс өөр буюу өргөн хэрэглээний барааны Баерсдорф Концернийг (Nivea), Америкт ундааны тэргүүлэгч Кока Колаг, Голландад Роял Датчийг гэх мэтчилэн давхардуулахгүйгээр сонго. Ингэснээр олон хөрөнгө оруулагчдын хийдэг нийтлэг алдаа болох 1 хөзөр дээр бүгдийг тавих эрсдэлээс сэргийлж чадна.
3. Капиталын зөвхөн 50 хувиар хөрөнгө оруул
Хааны зам стратегиар ажиллах гэж байгаа консерватив хөрөнгө оруулагч нь биржийн ханш унах мөчийг анаж байдаг бөгөөд энэ нь хувьцааны үнэ дээд ханшнаасаа 10-30 хувь доогуур тэмдэглэгдэхийг хэлнэ. Энэ үед эхний худалдан авалтаар дээд тал нь нийт капиталынхаа 50%-иар хөрөнгө оруулдаг. Хааны замын дараах нэг чухал нөхцөл нь үргэлж капиталын өндөр нөөцтэй байх явдал юм. Эхний удаагийн худалдан авалтаас хойш хувьцааны ханш дахин унах тохиолдолд хувьцааг бага үнээр нэмж худалдан авах боломжийг хангахад нөөц капитал томоохон ач холбогдолтой.
4. Тэвч, Нэмж худалдан ав, Тэгээд ашиг ол
Анх удаа хувьцаа худалдан аваад ханш өсөх байх хэмээн найдаж байтал, голыг тань гонсойтол ханш унаж эхлэх тэр үед энэ гарчиг ямар чухал утга агуулж байгааг мэдрэх болно.

Нэмж худалдаж авах стратегийг зөвхөн нэгдүгээр зэрэглэлийн компаниудын хувьд л хэрэглэж болно. Харин 2, 3-р зэрэглэлийн компаниудын хувьцааг нэмж худалдаж авах нь хэтэрхий эрсдэлтэй ба ийм компаниуд ямар ч тохиолдолд хямралыг давж гарна гэсэн туйлын баталгаа байдаггүй.

Хамгийн сүүлийн үеийн жишээ гэвэл Сиеменс компани Никсдорфийг өөртөө нэгтгэн авсан тохиолдлыг хэлж болно. Нэг номерийн Сиеменс дээр санаа зовох зүйлгүй бооцоогоо тавьж, доогуур ханшаар хувьцааг нь худалдан авч байсан бол богинохон хугацаанд эргээд өндөр ашиг авчрах байжээ. Харин харьцангуй сул компани болох Никсдорф дээр хөрөнгөө тавьсан хүн гагцхүү Сиеменс Никсдорфийг яаж залгиж байгааг л хараад хоцорно.

5. Mөнгө ба тэвчээр
Нэмж худалдан авах стратеги нь зарим нэгэн тодорхой дүрмүүдийг нарийн баримтлах үед гайхамшигтай сайн хэрэгждэг. Эхний нэмэлт худалдан авалтыг хувьцааны үнэ хамгийн анх худалдан авсан үеийн ханшнаас хамгийн багадаа 30, түүнээс илүү хувиар унасан үед хийж болно.

Хамгийн анхны худалдан авалт болон эхний нэмэлт худалдан авалтын хоорондох зайг доод тал нь 6 сараар хатуу баримтлах хэрэгтэй. Харамсалтай нь энэ дүрмийг олон хөрөнгө оруулагчид үл тоомсорлодог. Ингэж нэмэлт худалдан авалтыг хэтэрхий түргэн хийснээс болж хувьцаа хамгийн доод ханшинд хүрэх үед ямар ч капиталгүй сууж байдаг.

Хоёр дахь нэмэлт худалдан авалтыг ч мөн яг ийм аргаар хийх хэрэгтэй. Эхний нэмэлт худалдан авалт хэтэрхий өндөр ханштай байсан гэж үзвэл дараачийн нэмэлт худалдан авалтыг хамгийн эрт гэхэд хувьцааны үнэ 30 хувиар буурсан үед хийж болох ба үүнээс цааш доод тал нь хагас жил хүлээх хэрэгтэй.

Практик жишээ: Нэгэн хөрөнгө оруулагч 1986 онд Вольксваген компаний хувьцаа 600 $-оос 500 $ болж унах үед анх худалдан авахаар шийдсэн байна. Вольксваген компаний хувьцаа цаашдаа маш эрчтэй цойлсон боловч харамсалтай нь буруу чиглэл рүү байв. 1986 оны сүүл гэхэд хувьцааны ханш дахиад 30 хувь буюу 350 $ болтлоо унав. Хааны зам стратегиар бол эхний нэмэлт худалдан авалтыг хийх цаг нь болжээ. Өөрөөр хэлбэл хагас жилийн хугацаа өнгөрч хувьцааны үнэ 30 хувиар хямдарсан байна. Иймээс өмнөх хөрөнгө оруулагч 350 $-ийн ханшаар Вольксваген компаний хувьцааг нэмж худалдаж авав. Цааш нь юу болсон түүхийг та нар мэдэх буй заа. Вольксваген компани улам уруудаж 1987 оны сүүл гэхэд хувьцааны ханш дахиад 30 хувиар унаж 200 орчим $ болсон. Үндсэндээ дээрх хугацаанд ханшны нийт уналт 60 хувьд хүрсэн байна. Нөгөө консерватив хөрөнгө оруулагч маань үүнд нэг их эмзэглэлгүй тайван хөдөлж, 2 нөхцөл бүрдсэн учраас 200 $-ийн үнээр хоёр дахь удаагийн нэмэлт худалдан авалтыг хийв. Энэ мөчийг хүртэл өнөөх хөрөнгө оруулагчийн тооцоо дараах байдалтай харагдаж байна. Анхны худалдан авалт 500 $, хоёр дахь худалдан авалт 350 $, гурав дахь удаагийн худалдан авалт 200 $ байсан тул түүний худалдан авсан дундаж ханш 350 $ болж байна. Волькеваген компаний хувьцааны цаашид хөгжсөн байдлаас нь харахад бүх алдагдал нөхөгдөж хөрөнгө оруулагч дахин ашигтай бүсэд гарч иржээ. Энэ сургамжтай жишээ дөнгөж 10 cap үргэлжилсэн юм. Яг ийм жишээг Дойче Банк, Альянс болон Сиеменсийн хувьцааны ханшин дээрээс харж болно.

Ийм маягийн ханшны уналтууд нь онцгой тохиолдлууд биш бөгөөд, бирж дээр өдөр тутам болж байдаг л зүйл. Дэлхийн шилдэг компаниудын хувьцаа ч гэсэн үе үе ханшны уналтанд орж байдаг. Иймэрхүү хувьцааны хувьд баталгаатай зүйл гэвэл тэдний ханш хэзээд дахин өсдөг. Хэн хөрөнгө оруулалтын стратегидаа хааны замын дүрмүүдийг хатуу баримтална, тэр эцэст нь хувьцаа бүрээ ашигтай зарж чадна.

Болзлууд
Таныг хувьцаа худалдан авахаар шийдэхээс өмнө би танаас нэг зүйл асуухыг хүсч байна. Яаж хийдгийг нь мэддэг хүнд хувьцаа нь итгэмээргүй их ашиг авчирдаг хөрөнгө оруулалтын хэлбэр гэдэгт та итгэж байна уу?

Хааны зам их хялбархан сонсогдож байгаа биз дээ. Гэвч та хялбар ба энгийн хоёрын хоорондох том ялгааг мартаж болохгүй. Хялбархан ойлгогдож байгаа юм хэрэгжүүлэхэд энгийн биш, урт хугацаа шаарддаг. Хааны замын хувьд танд юуны өмнө тэвчээр, сахилга бат, хүчтэй мэдрэл хэрэггэй. Тэгэхлээр та өөрөөсөө эдгээр шаардлагатай болзлуудыг хангаж байгаа эсэхээ шүүмжлэлтэйгээр асуу.

• Танд хангалттай бэлэн мөнгө шаардагдана. Энэ мөнгөний зөвхөн нэг хэсэг нь хувьцаанд хөрөнгө оруулахад зориулагдах ба энэ нь доод тал нь 5 төрлийн хувьцаа худалдаж авахад хүрэлцэхүйц их байх ёстой. Харин та багаар бодоход энэ мөнгөнийхөө 50 хувийг нэмэлт худалдан авалтанд зориулан авч үлдэх ёстой.

• Танд сахилга бат хэрэгтэй. Та үндсэндээ сэтгэл хөдлөлөө үл харгалзан өөрийн зарчим дээр үлдэх ёстой. Та урт хугацааны турш ханшны өөрчлөлтүүдийг тогтмол хянаж байхад бэлэн эсэхээ өөрөөсөө асуу. Ханш түгшүүртэйгээр унаж байхад зөвхөн зарахгүй байгаад зогсохгүй, нэмж худалдан авахуйц хүчтэй нервтэй эсэхээ асуу.

• Танд шаардлагатай цаг зав гаргахад төвөгшөөхөөргүй, зугаатай байх ёстой. Ихэвчлэн энэ зугаатай байдал нь таны зарцуулж байгаа цаг - түүнээс олох ашиг хоёрын харьцаанаас хамаардаг.

Гэхдээ бүгдээс чухал нь: Та өөрийн санхүүгийн хамгаалалтанд зориулсан капиталыг хэзээ ч бирж дээр тавьж болохгүй!!!

Энэ нь бирж дээр тоглож эхлэхийн өмнө танаас санхүүгийн хамгаалалттай болсон байх ёстой гэсэн болзлыг шаардаж байна. (12 дугаар цуврал) Хэрэв та эдгээр болзлуудын зөвхөн аль нэгийг нь итгэл төгс тиймээ гэж хариулж чадахгүй бол таны өмнөөс бирж дээр ажиллаж чадах мэргэжилтэнд хандах талаар бодож үзсэн нь дээр.

Энэ тал дээр танд хоёр боломж бий. Таны мөнгөөр хөрөнгө оруулалт хийх ямар нэгэн хувьцааны клубт элссэнээр та юунд ч санаа тавих хэрэггүй болно. Эсвэл та хувьцааны сангаар үйлчлүүлж болно. Ингэхийн тулд та дараачийн бүлгийг сайтар уншаарай.

Гэвч үүнээс өмнө бүгдээрээ зарим хувьцааны тэсрэлтийг харцгаая.

Амжилтын хувьцаа
• Питер Линч бол дэлхийн алдартай сангийн менежерүүдийн нэг. Хэрэв та түүнд 1975 онд нэг удаа 10 000 $-ийг итгэл хүлээлгэн өгсөн бол тэр таны мөнгийг 1990 он гэхэд 350'000 $ болтол өсгөөд эргүүлж өгөх байсан. Ноён Линч яаж ингэж чадсан бэ? Тэрээр хожим бизнесийн аварга том акулууд болно гэдгийг нь мэдэрч, тухайн үедээ хэнд ч анзаарагдахааргүй залуу компаниудад хөрөнгө оруулсан юм.
• Боинг: 1975 онд 1,64 $ байсан түүний ханш 1995 оны 12-р сарын 31-ний өдөр 67 $ болж 40 дахин өссөн. Хэрэв та энэ хувьцаанд 10 000 $-оор хөрөнгө оруулсан бол 20 жилийн дараа 400'000 $-той болох байжээ.
• Кока Кола: 1985-1995 оны хооронд 5,92 - 65,63 $ болж өссөн. 10 000 $ хөрөнгө оруулсан хүн 10 жилийн дараа 110 000 $ - той болсон.
• Амген: 1985-1995 оны хооронд 1,36 - 85,13 $ болж өссөн. 10 000 $ хөрөнгө оруулсан хүн 10 жилийн дараа 625 000 $-той болсон.
• Компак Компыотер: 1985-1995 оны хооронд 1,69 - 50,63 $ болж өссөн. 10 000 $ хөрөнгө оруулсан хүн 10 жилийн дараа 229 000 $ - той болсон.
• Майкрософт: 1985-1995 оны хооронд 1,93 - 90,50 $ болж өссөн. 10 000 $ хөрөнгө оруулсан хун 10 жилийн дараа 468 000 $ - той болсон. Эд бол зөвхөн сайн жишээнүүд юм.

Төгсгөлд нь би та бүхэнд ханшны өсөлтийн
маш сайн жишээнүүдээс хоёрыг хэлье.
• Уолл - Март Супермаркетууд: 1975-1995 оны хооронд 0,09 - 26,63 $ болж өссөн. Таны 10 000 $ энд орсон бол гайхамшигтай 2 958 000 $ болох байжээ.
• Сиркүйт Сити Супермаркетууд: 1975-1995 оны хооронд 0,02-37 $ болж өссөн. Хэрэв таны 10 000 $ маш ухаалгаар энд орсон бол та одоо 18 500 000 $ - той болох байжээ.

Та одоо харж байгаа биз дээ. 20 жилийн өмнө компьютерийн зах зээл болон супермаркетийн сүлжээ сайн хөгжинө гэдгийг мэдэх ёстой байжээ. Харамсалтай нь энэ талаар хэн ч мэддэггүй байв. Бүр эсрэгээр хүмүүс компьютерийг хэт үнэлэгдсэн эд гэж үздэг байсан ба, дэлхийг "хүйтэн, харьцаагүй" супермаркетуудаар дүүрнэ чинээ төсөөлөх ч үгүй байсан. Харин зарим нэг хүмүүс тухайн үед ноёлож байсан олон нийтийн үзэл бодлыг үл харгалзан энэ хоёр салбарт хөрөнгө оруулж баян чинээлэг болжээ.

Мөнгөө тархааж байршуулах үндсэн зарчим нь ийм чухал ба бүрэн алдагдлыг багасгаж, онох боломжийг нэмэгдүүлдэг. Хэрэв танд шууд цацах бэлэн мөнгө эсвэл цаг байхгүй бол сангаар үйлчлүүлсэн нь дээр. Энд ч гэсэн бас өндөр ашиг хийх боломжтой төдийгүй, танаас бараг цаг гарахгүй.

Хувьцаа бол бидний тогтолцооны үндэс суурь юм. Бүх зүйл түүн дээр тогтож байгааг үгүйсгэж болохгүй. Харин та өөрийн чинээлэг аж байдлыг хувьцаан дээр бий болгох эсэх нь зөвхөн танаас л шалтгаална.

No comments: