2009/01/14

Цуврал IX. Хvvгийн хvvгийн гайхамшиг

Мөнгө зөвхөн капиталын
хуулиудыг мэддэг,түүнийг
дагадаг хүмүүст л

зориулагдаж нөөцлөгдсөн
байдаг.

С.Клейсон

Хэн мөнгөө аривжуулна тэр баян болно, хэн мөнгө өсгөх хуулийг үл хайхарна түүний мөнгө үгүй болно. Энэ бол маш энгийн ойлголт юм.

Хэрэв та хүүгийн хүүгийн гайхамшигийг харах аваас түүний хүчийг ашиглалгүй орхих нь туйлын хариуцлагагүй хэрэг гэдгийг ухаарах болно. Чухамдаа ядуурал бол хайхрамжгүй байдал юм.

Хүүгийн хүүнд дараах гурван хэмжигдэхүүн онцгой ач холбогдолтой: Үүнд

Цаг хугацаа
Хүүгийн хэмжээ
Хүүлэх мөнгөний хэмжээ

1948 оноос хойш дэлхий дээрх нийт хувьцааны өсөлт жилд дунджаар 12 хувь байсан бөгөөд олон сайн хөрөнгө оруулалтын сангуудын өсөлт үүнээс хавьгүй өндөр түвшинд байсан.

Цаг хугацаа:
Жишээ нь: Та 30 настайгаасаа эхлэн сар бүр 400 $ хэмнэлт гаргаж түүнийгээ жилийн 12 хувийн хүүтэйгээр өсгөвөл 65 настайдаа 2 099 140 $-той болно. Ийм мангас шиг тоо гарсан нь 35 жилийн турш энэ мөнгийг өөртөө ажиллуулсанд оршино.

Харин та 45 настайгаасаа ингэж эхэлье гэвэл “зөвхөн” 20 жилийн хугацаа л таньд оногдох бөгөөд яг дээрхтэй адил 2 099 140 $-той болохыг хүсвэл та сард 400 $-ийн хэмнэлт бус 6 дахин их буюу 2 400 $ сар бүр хадгаламжиндаа нэмэх хэрэгтэй болно.

Хэрэв бүр 55 наснаасаа эхэлвэл таньд мөнгө хадгалах, амьд явах “зөвхөн” 10 жил үлдэх ба гэлээ ч гэсэн та 2 099 140 $-той болохыг хүсвэл сар бүр 10 000 $-оос доошгүй мөнгө хадгаламжиндаа нэмэж хийх хэрэгтэй болно. Хувилбаруудыг нэгтгэн үзвэл 2 099 140 $-той болохын тулд та:

35 жилд сар бүр * 400 $
20 жилд сар бүр * 2400 $
10 жилд сар бүр * 10 000 $ хэмнэх хэрэгтэй болно.

Одоо та харж байгаа биз дээ. Хэдийчинээ эрт эхэлнэ төдийчинээ хялбар, тайван байх болно. Иймээс та үр хүүхдүүдийнхээ төлөө яг одооноос хадгалж эхлээрэй.

Хүүгийн хэмжээ:
Цаг хугацаа мөнгө авчирдаг буюу “цаг бол алт” гэдэг нь ийм учиртай юм. Тэгвэл үүнтэй адил хүүгийн хэмжээ бас чухал. Мянга мянган хүмүүс хөрөнгө оруулалтаасаа жил бүр 20 ба түүнээс илүү хувийн ашиг олж байдаг. Хэрэв та дараах тоог харьцуулан харах юм бол хүүгийн хэмжээ ямар чухал болохыг харна. 5, 12, 15, 21 хувийн хоорондох ялгаа аймшигтай. Та 35 жилийн турш сар бүр 100 $-ийн хөрөнгө оруулалт хийлээ гэж бодъё.

7 хувь – 166 722 $
12 хувь – 524 785 $
15 хувь – 1 078 249 $
21 хувь – 4 671 602 $

Хэрэв та 3 дахин илүү хүүг сонговол та зөвхөн 3 дахин их дүнг аваад зогсохгүй, үнэндээ бараг 30 дахин илүү мөнгө олох болно. Дахин нэг жишээ авч үзье.

Хэрэв та зөвхөн нэг удаа 1000 $-ын хөрөнгө оруулалт хийгээд 30 жилийн дараа ямар үр дүнд хүрэх вэ?

7 хувь – 7 612 $
12 хувь – 29 960 $
15 хувь – 66 212 $
21 хувь – 237 376 $

Зүрхээ дараарай! 30 жилийн дараа 1 000 $-оо 7 612 $ болгож өсгөчихөөд баясаж суугаа хүнийг юу гэж хэлбэл таарах вэ? Толгой руу нь цохимоор санагддаг. Мэдээж та мөнгөө бараг 30 дахин (12 хувь) магадгүй бүр 237 дахин (20 хувь) өсгөж чадвал аятайхан биш гэж үү?

Та бодоод үз дээ. Хэрэв таны эмээ 50 жилийн өмнө таны төлөө 1 000 $-ыг жилд 20 хувийн хүүтэй хөрөнгө оруулалт хийсэн бол та өнөөдөр хичнээн мөнгөтэй болох байсан бол? Одоо таны 1000 $ тань 9 000 000 $ болсон байх ёстой. Тэгэхээр таны эмээ буруутай болж байна. Гэвч үүнийг та залруулж чадах ба танд одоо ирээдүйн ач нарынхаа төлөө санаа тавих боломж байна.

Хүүгийн хүүг толгойдоо хэрхэн хялбар бодох вэ?
Та үргэлж хүснэгт шагайж явахгүйн тулд би танд нэгэн хялбархан томъёо өгье. Та 72 гэсэн тоог хүүгийн хэмжээнд хувааснаар хөрөнгө оруулалтаа 2 дахин нэмэгдүүлэхэд шаардагдах жилийн тоо гарна.

72 : Хүүгийн хэмжээ % = Капиталаа нугалахад шаардагдах жилийн тоо

Жишээ нь та жилд 12 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтаар 10 000 $-ыг 2 дахин өсгөхийг хүсч байгаа бол танд

72:12=6 жил шаардлагатай болно

























12 хувийн хүүгээр тооцоход таны мөнгө 6 жил тутамд нэг нугарна. Харин 5 хувийн хүүтэй бол

72:5=14 жил шаардагдана гэсэн үг.

Өөрөөр хэлбэл та мөнгөө нугалахын тулд бүхэл бүтэн 14 жил хүлээж таарах нээ. Иймд 5 хувь уйтгартай, залхуутай сонголт болж байна.

























Дүгнэлт:
Хүүгийн хэмжээ бол маш чухал. Танд цаг хугацаа бага байх тусам (эсвэл бага байлгахыг хүсвэл) та төдий хэмжээгээр илүү өндөр хүүг эрэлхийлэх хэрэгтэй бөгөөд, ингэж байж л та хөрөнгө чинээтэй болж чадна.

Ямар ч өндөр хүү байлаа гэсэн та капиталаа тэгээр үржүүлвэл ямар ч үр дүнд хүрэхгүй. Жишээ нь: 100 000 $ ямар ч аврага тоо биш бөгөөд та үүгээр ганц машин ч авч болно. Ингэхээр 100 000 $ бол тийм зүтгээд байхаар онцгой зорилго биш. Харин 100 000 $-оо жилд 12 хувийн хүүтэйгээр 20 жилийн хугацаатай хөрөнгө оруулалт хийвэл 1 000 000 $ болж өснө. Иймээс ухаантай хүмүүс л мөнгө хэмнэдэг ба тэд 100 000 $-ыг биш, харин түүний цаадах 1 000 000 $-ыг харж чаддаг.

Тэрбумтан Сэм Уолтон өөрийн анхны муу байшиндаа үргэлжлүүлэн амьдарч, хуучирч халцарсан “Пекап” машинаараа явсаар л байжээ. Тэгж л тэрээр тэрбум, тэрбумаар тоологдох долларыг босгож чадсан байна. Магадгүй таны толгойд ийм хямд машин унавал бусад хүмүүс юу гэж хэлэх бол гэсэн бодол орж магадгүй. Юу гэж ч бодсон байлаа, баталгаатай хэлэх зүйл гэвэл энэ таны бодож байгаа шиг таны ажил хэрэгт тэгтлээ их нөлөөлөхгүй. Харин таны хувийн чинээлэг аж байдалд хүрэхэд маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлнэ. Иймд ямар ч байсан эхний 1-2 саяыг бодитойгоор олоогүй байх үедээ капиталын өгөөжгүй хөрөнгөд бүү мөнгө зарцуулаарай!

No comments: