2009/01/21

Цуврал XV. Одоо тэгээд яах вэ?

Мэдлэг нь чинээлэг аж байдлын хоёр дайсныг зайлуулдаг: Эрсдэл ба Айдас
Чарлъз Гивенс



Та одоо өөрийгөө болон өөрийгөө хүрээлж буй хүмүүсийн амьдралыг өөрчлөх стратеги, арга техникүүдийг мэддэг болсон. Энэ номыг гарнаасаа тавих мөчид та хоёр сонголттой учирна. Нэг бол та ямар нэгэн сайхан зүйл сурч авлаа гэсэн сэтгэгдэлтэй үлдэж урьдынх шигээ цааш үргэлжлүүлэн амьдарна. Эсвэл та өөрийн амьдрал болон санхүүг өөрчлөх тэмүүллээр дүүрч, үйл ажиллагаан дээрээ төвлөрнө. Тэгснээр та гайхамшигийг бүтээх үзэл санааг хэрэгжүүлж цоо шинэ амьдралыг бүтээнэ.

Цицерон ба Демостен

Антикиин үед Цицерой ба Демостен гэсэн хоёр шилдэг илтгэгч байжээ. Цицероныг илтгэлээ дуусгах үед догдолсон хүмүүс суудлаасаа ухасхийн босч алга ташин: "Ямар гайхалтай илтгэл вэ!" хэмээн дуу алдан хашгирцгаадаг байж. Харин Демостенийг илтгэлээ өндөрлөхөд байж ядсан хүмүүс: "Бидэнд ажиллахыг зөвшөөрөөч! Яг одоо эхэлцгээе!" гэж хашгирдаг байсан ба дараа нь түүнийгээ ч хэрэгжүүлдэг байжээ. Хэрэв та энэ номыг уншаад: "Ямар аятайхан ном бэ! Ямар сонирхолтой арга техникүүд вэ!" гэж хэлээд тэдгээрээс нэгийг ч болов хэрэгжүүлэлгүй орхивол та болон бид цагаа дэмий үрсэн хэрэг болно.

Жим Рон нэгэн удаа хэлэхдээ: "Хоёр төрлийн хүмүүс байдаг. Тэд хоёул адилхан ном уншиж өдөрт нэг алим идээд байвал ямар ч өвчин тусахгүй гэсэн үгийг олж үзлээ гэхэд, нэг нь би илүү үндэслэлтэй олон мэдлэгийг цуглуулах хэрэгтэй гэж хэлдэг. Харин нөгөөх нь шууд л хамгийн ойрхон жимсний лангуу руу явж алим худалдан авдаг байна."

Мэдлэг бол хүч чадал гэж үзэх нь өрөөсгөл юм. Харин мэдлэгийг хэрэглэж байгаа чадвар л хүч чадал гэвэл зүйд нийцнэ. Иймээс та энэ хоёр үгийн алийг сонгохоо өөрөө шийдээрэй.

Магадгүй яг одоо л өөрөөн мөрөөдлийн ертөнцийг эрж олох амъдралынхаа хамгийн том аянд мордож болно. Та одоо төөрч будилахгүй, зүг чигээ алдахгүй болсон.

Миний амьдралд сургагчид орж ирснээр яг ийм зүйл надад тохиолдсон ба энэхүү номонд бичигдсэн чухам энэ л зарчмуудаар би өөрийнхөө амьдралыг залж эхэлсэн. Та ч гэсэн өөрийн амьдралыг жинхэнэ урлагийн бүтээл болгох хэрэгтэй.

Чухал санамж

Би чинээлэг болох ёстой. Үүний тулд шаарддагатай бүхнийг хийнэ. Мөнгө намайг аз жаргалтай болгоно. Яагаад гэвэл чинээлэг амьдрал миний зорилго байх учраас.

• Бусдад мөнгө, хайр халамж бэлэглэдэг хүн өөрийгөө төдийгүи бусдыг жаргалтай болгодог.
• Мөнгө надад эрх чөлөөтэй амьдралыг нээнэ. Өөрөөр хэлбэл, хамгийн зугаатай, авьяас чадвартаа тохирсон, бас бусдад тустай ажлыг эрхлэх боломжийг олгоно.
• Мөнгөтэй бол би өөрийн төдийгүй бусад хүмүүсийн чадварыг илүүтэй дэмжиж чадна.
• Хэрэв би мөнгөтэй бол мөнгө миний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл байхаа болно.
• Мөнгө миний гол зорилго болохгүй ба харин зорилгодоо хүрэхэд туслах ёстой. Тэгснээр би өөрийн чухал гэж үзсэн зүйл дээрээ төвлөрч чадна.
• Мөнгө миний сайн чанар, давуу талыг илчилж шинэ санааг маань тэтгэнэ.
• Зөвхөн мөнгөтэй үед л тэнцвэр боломжтой. Мөнгөтэй байж л хүн амьдралын бусад салбарууддаа санаа тавьж тайван байдлаа хадгална.
• Мөнгө амьдралыг сонирхолтой, солигдмол баялаг шинжтэй болгоно.
• Би хүссэн газраа амьдарч, хүссэн зүйлээ хийж, сурч болно.
• Мөнгөтэй бол би цагаа өөрөө хуваарилна.
• Би хэрэгцээндээ хөтлөгдөх биш, харин амьдралынхаа утга учрыг дагах ёстой.
• Мөнгө бол хүч чадал бөгөөд, бусад хүмүүсийг тэтгэж сайн тал руу нь өөрчлөх илүү их боломжийг надад олгоно.
• Мөнгөтэй бол бусад хүмүүстэй харьцахад ч хялбар.

Та дараах нөхцлүүдийг төсөөлөөд үз.

Долоон жилийн дотор таны амьдралд хэн нэгэн этгээд гарч ирнэ. Тэр таны байшинд орохын тулд таны түлхүүрийг ашиглана. Таны хөлсөө урсгаж олсон, зүрх сэтгэл шингээсэн бүхнийг тэр бас хэрэглэнэ.

Тэр таны алхам бүрийг чинь ажиж хянана. Тэр таныг ажлын байран дээр чинь дагаж, таны дансны хуулгыг үзэж, ажлын толөвлөгөөг чинь уншиж, хэрэгжүүлж чадсан эсэхийг хянана. Энэ этгээд таныг толь руу шүүмжлэнгүй харахад өмнөөс тань таны нүд рүү ширтэж байх болно.

Энэ этгээд бол үнэхээр юм хийж бүтээсний дүнд олж авсан таны зан чанар байх болно. Хамгийн гол нь энэ ямаршуухан этгээд вэ гэдэгт асуудлын гол байна. Тэр юунд итгэдэг, юу хийдэг, яаж боддог гэх мэт. Түүнийг ямар хүмүүс хүрээлж хайрлаж байна вэ? Тэр хаана амьдарч, юугаар бахархдаг вэ?

Яг энэ мөчид та хаашаа явж байна вэ? Энэ номын эхний хэсэгт: "Хэрэв юу ч өөрчлөгдөхгүй бол 7 жилийн дараа та хаана байх вэ?" гэдэг асуудлыг тавьж байсан. Хэрэв та чиглэлээ өөрчлөхгүй бол эргэлт буцалтгүй хүрэхсэн гэж бодож байгаа тэр газартаа үнэхээр очиж чадах болов уу?

Жон Найсбит хэлэхдээ: "Ирээдүйг урьтаж харах хамгийн сайн арга бол одоогийн энэ мөчид болж байгаа үйл явдлын утга учрыг тодорхой ойлгох явдал юм" гэсэн байдаг. Энэ номыг уншиж дууссаныхаа дараа та явж байгаа чиглэлээ цаг зав гарган шударгаар бодож үзээрэй.

Та байнга урагш өсөх замаар явахыг хүсч байна уу? Хэрэв энэ ном таныг энэ зам руу оруулсан бол би маш их баяртай байна. Би таны урамшлаас их талархах болно. Магадгүй би хожим таны амжилтын түүхийг мэдээлэх хэрэг гарч байж ч мэдэх юм шүү. Бид хэзээ нэгэн цагт хаа нэгтэй уулзаж учрах боломж асар их юм. Яагаад гэвэл гайхамшигийг бүтээж буй хүмүүс магад цөөн боловч тэд маш түргэн, байнгын хөдөлгөөнтэй байдаг учраас хаа сайгүй хүрч чаддаг.

Чинээлэг аж байдалд хүрэх зам дээр таныг тогтоон барьж байх багаа бүрдүүл

Хэрэв та шийдвэрээ гаргасан бол танаас хамгийн сайн бүхнийг шавхан гаргаж чадах бүлэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Гайхамшигийг бүтээж зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай бүхнийг хийж чаддаг тийм хүмүүстэй нөхөрлө. Үр дүнг тооцож, өдрөөс өдөрт өсч, таныг дэмжиж туслаж чадах тийм хүмүүсийг сонго. Тэдгээр хүмүүс таныг өөрийн хүрч чадах хэмжээнээс бага зүйлээр сэтгэл ханахыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Зөвхөн энэ хүмүүсийн ойролцоо байхад л та байнгын урамшил түлхэц авч, өөрийгөө хөгжүүлж өсч байх болно. Ийм хүмүүстэй ойр байх нь таны өөртөө төсөөлж чадах хамгийн том бэлэг юм шүү.

Энэ хүмүүсийн дэргэд байх нь бас зутаатай. Хэрэв та хэн нэгнээс амьдралынх нь хамгийн сайхан мөчийг асуувал түүнээс ихэвчлэн ямар нэгэн багийн гишүүн байсан үеийнх нь тухай сонсох болно. Багийн хэсэг байна гэдэг нь таны өсч тэлэхэд тустай. Бусад хүмүүс таныг өөрөө хийж чадахааргүй тийм арга хэлбэрээр дэмжиж бас шамдуулж чадна.

Сурсан мэдлэгээ цааш түгээ

Энэ бол танд тавих миний хамгийн сүүлчийн шаардлага. Чинээлэг аж байдал нь хэнд ч хүртээмжтэй гэсэн мэдлэгийг цааш дамжуулж хүн бур мэддэг болгохын төлөө та санаа тавиарай.

Үүнийг хийх хоёр сайн шалтгаан бий. Нэгдүгээрт: Бид ихэвчлэн хамгийн сайн сурч чадах байсан зүйлээ л сурдаг. Бид өөрсдийн санааг бусадтай хуваалцсанаар өөрсдийгөө нөгөө хүний эсрэг байр сууринд аваачдаг. Ийм аргаар бид өөрсөддөө юу хамгийн чухал вэ гэдгийг сануулж, мөн илүү гүнзгий боловсорч мэргэшиж байдаг. Хоёрдугаарт: Бусад хүмүүст тусалж, тэдний амьдралд үнэхээр чухал өөрчлөлтүүдийг оруулах нь тайлбарлаж үл болох баялаг болон азыг төрүүлдэг нь гайхалтай.

Та одоо юу хийх ёстой болон яаж хийж чадахаа мэддэг боллоо. Одоо хамгийн чухал алхам ойртож байна. Та хөдөл. Байж боломооргүй түргэн хөдөл. Үүнийг өөрийнхөө төлөө болон бусдын төлөө хий. Бусдын танаас хүлээж найдаж байгаагаас хавьгүй илүүг бүтээ. Ингэж байж л та өөрийн байж чадах хамгийн шилдэг нь болж чадна.

Хүн бүр тодорхой үүрэг зорилгыг биелүүлж байж амьдрал утга учиртай болдог гэдэгт би хатуу итгэдэг. Та одоо хаана зогсож байгаа нь огт хамаагүй, хамгийн гол нь та аль зүгт хөдөлж байгаа нь л чухал.

Баялаг бол таны төрөлхийн эрх гэдгийг хэзээ ч бүү март. Зөвхөн танд л заяагдсан нэгэн газар энэ наран дор бий. Та амьдралаа давтагдашгүй нэгэн бүтээл болго. Та өөртөө болон бусдад долоон жилийн дотор чинээлэг нэгэн болж чадна гэдгийг нотол.

Мнний хувийн хүсэл

Ингээд би та бүхэнтэй салах ёс гүйцэтгэхийн хамт таныг шинэ замд үдэх хувийн ерөөлөө айлдъя:

Та төрөхөөсөө эхэлж эзэмшсэн эрх чөлөөгөө эдэлж. Сэтгэл. Оюун, бүхий л биеэрээ амжилт болон баялагаар дүүрэн явахыг хүсье.

Эрүүл саруул, амар тайван, улам батжин гүнзгийрэх зохистой харилцаан дунд оршин амьдраарай. Та өөрийн баялаг болон азыг бусад хүмүүстэй хуваалцсанаар өөрийнхөө биелэлийг олоорой.

Өөрт зугаатай, авъяас чадвартаа тохирсон, бусдад тустай ажлыг хийснээр амьдралынхаа утга учрыг гүйцэлдүүлэхийг хүсье. Та авьяас билэгтээ хөтлөгдөн энэ гариг дээр өөрийн гэсэн байр суурийг олох болтугай.

Та өөрийн байж чадах хамгийн шилдэг нь болохын тулд байнга сурч өсч байх агуу хүслээр бялхаж явах болтугай.

Эцэст нь танд төрөлхийн эрхүүдээ хэрэгжүүлж өөрийн амьдралаа бусдын даган дууриаж, бахдал төрүүлэхүйц сод бүтээл болгохын ерөөл дэвшүүлье.

No comments: