2008/04/30

ЦАГААН БОРОО


Бороо шивэрнэ... Бороо шаагина... Богинохон даашинзны оготор хормойг салхи үлээж дэггүйтнэ. Нүцгэн шилбэ норно... Нүдэнд оч асах шиг, зүрхэнд гал цахилах шиг чамайг санана... Бороонд норсон уруулыг минь салхи л эгшээнэ...

Бал эрсэн зөгий шиг, балга дарсанд шунах хүсэл шиг... шүлэнгэтсэн харц, хуурамч уруул... ичихээ мэддэггүй гар... Ийм зэвүүн төрхнөөс би зугатсаар ирсэн. "Энд" ирсэн... "Энд" бороотой... Борооны нутаг "энд" чи суудаг. Бусдаас огт өөр, хүүхэд шиг л гэнэн ааштай... Бас доогтой харц, ёж үгтэй... Бүхнээс хүйтэн санагдах чамайг үзэн ядмаар ч, үзэн ядах тусам зүрх улам хүчтэй цохилж... Бүхнээс хорсом санагдах чамайг мартмаар ч, тархи зүрхтэй мэт лугшиж... Гэвч, энэ бороотой үдшээр дуусгавар болгож би чамайг өөрөөсөө "үдэх"-ээр шийдлээ.

Бороо шивэрнэ... Нүдээ анилаа. Бороон дуслууд уруулд ойртоно... Бороон дуслын чимээ сонсдоно. Бороо биш, чиний амьсгал байгаасай... Бодно, хүснэ.

Бороо шаагина... Бүх биеийг минь шалба норгохоор айсуй... Аанай л, нүдээ анилаа. Шаагих чимээ улам тодорно... Шаналгам, хачин хүсэл ээрнэ... Бороо биш, чиний тэврэлт байгаасай... Үс илбэх энэ зөөлөн салхины урсгал... Нүдээ бүр тас анилаа... Чиний гар үсэнд минь зөөлөн хүрэх шиг... Би нүдээ нээхгүй ээ, бороо зогстол... ( Үгүй ээ, чамайг явтал...)

Яг одоо чамайг мэдрэх шиг уйтай агаад гашуун байна... Уянгатай атлаа нулимстай байна... Бороо шивэрнэ... Бороо шаагина... Ахиад л шивэрнэ... Бүр алсаас цайран цайрсаар, цээжинд зүсэрч ирсэн энэ цагаан бороо... Бүжин зүрхний минь гүн рүү гижиг хүргэн цутгасан энэ цагаан бороо... Аньсан нүдэнд минь алслан алслан цайрсаар одов оо...
Нүдээ нээе дээ. Одоо тэр борооны чимээ зүрхэнд минь үлдсэн.

2006 он

2008/04/26

Хvлээчий... хvлээчий....


зүгээр л хүлээлт 2 жилийн ч юмуу 20 жилийн ч юм уу.. амьдрал өөрөө хүлээлт ч юм шиг... гэхдээ аз жаргалтай, итгэл найдварай хүлээлтэд би дуртай.

Би хүлээсээр ч ирсээн... төрөнгүүүтээ ээж аав минь намайг хайрладаг эсэхийг нь мэдэх гэж хүлээлээ... шууд хайрласаан... эвий бяцхан үр минь элээ халаг минь гээд л.....

тэгээд л хөлд орж дэгдэж, хэлд орж шулагнах болуу гэж хүлээсээн... бас л дэгдэж гүйж сурлаа, дэмий бурж, хүссэн бүрээ ярьдаг болчлоо... дэмий хүлээгээгүй байна шүү... би

за тэгээд анхны хайр анхын үнсэлт анхны шөнө, бүгдийг нь хүлээсэн бүгд л бас хүрээд л ирлээ... Хоосон хүлээлгээгүй л байна ш дээ намайг....

мэдээж дан хайр дурлал бодоод л явдаг галзуу хүн байгаа биш дээ, би ... их сургууль, ажил төрөлөө бас хүлээж л байсым... бас л хүссэнээр санаснаар л хүлээсэн бүхэн хүрээд л ирлээ...

харин одооо ганцхаан юм хүлээгээд л байна... юу вэ гэж үү... хэхэ за за яасан хэрэгт дуртайм бэ.... би өөртөө нууцаллаа... тэртэй тэргүй хүлээлт намайг хуурдаггүйм чинь бүтэж л таараа... гэхдээ бас жоохон хүлээчий...




2008/04/21

I love my Mongolia

Уг нь би "Монголд тавтай морил" дууны видео клипэнд аймар дуртай. Даанч хайгаад олдохгүй бололтой. Дууг нь тавчихая. Хавар болоод ч тэрүү ойрд нутгийн уул, хад бодогдоод хэцүүдэж байна. Миний blue period эхэлж байгаа бололтой. Номинжингийн дуудлага гоё цэвэрхэн сонсогдож байна шүү.




2008/04/19

Goodmorning Saturday

"Сайн байцгаана уу?" Та бүгдэд өглөөний мэнд хүргэе! Ажил, амьдрал ямаршуухан байцгаана даа? Минийх маш сайн, та бүгдтэй хагасыг нь хуваалцмаар тийм сайн байна.

Ингээд "Theory" радиогийн "Хүссэн дуугаа захиалагтун” нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдөр бямба гараг. Анхны бороо ч орсон байна. Иймд та бүхэнтэй бүтэн өдрийн турш хамт байх болно! Өнөөдөр та бүхэн янз бүрийн стилийн маш олон дуу сонсох болно. Гунигтай, эргэн дурссан, хөгжилтэй дуунуудыг хүлээн авах болно. Мөн сонсоод бүжиглэмээр, уйлмаар, нулиммаар дуунуудыг ч хүлээн авах болно.

Өөр хоорондоо огт адилгүй маш олон дуу! Гэснээс "Миний хит" булангаас хүссэн дуугаа татаж авах боломжтой болсныг дуулгахад таатай байна. Мөн Home Internet Speed-ээ 1024 kbps болгуулчихсан тул video, media файлууд дээр ажиллахад асуудалгүй боллоо. Гоё шүү :)

Ингээд эхний дуу! Киви - Сүүлчийн найраглал. 

Магадгүй өнөөдөр хэн нэгэнд хүндхэн өдөр болж байгаа бол үүнийг нь Поп үлдэн хөөг! Энэ дууг зүгээр л сонсоцгооё. 



2008/04/17

"Зvрхэнд vйлдвэрлэв"


Өчигдөр Х.Болор-Эрдэнэ бүсгүйн “Зүрхэнд үйлдвэрлэв” нэртэй номыг худалдаж авлаа. Уншиж дуусаагүй байгаа ч үнэхээр таалагдаж байгаа шүү. Ихэнхи өгүүллэгүүд нь Анудар маягийн бичлэгтэй анзаарагдсан. Модернист чиглэлд нэг ч атугай сайн зохиолч нэмэгдэж байгаад би хувьдаа баяртай байгаа. Анудар иргэж ирсэн юм шиг... Ингээд нэг өгүүллэгийг нь энд тавчихая. 

Болзоо

Гэнэт цагаа харав. Болзсон цагт хэдхэн минут дутуу. Яарах хэрэгтэй. Яарья. Хоцорч магадгүй. Хувцаслая гэтэл хувцас олдохгүй. Яарах л хэрэгтэй. Яарья. Яг л саадтай харайлт хийх гэж байгаа морь шиг түгших хэрнээ яарах. Гэрт нэг л бүрэнхий. Гэвч яарах хэрэгтэй. Би болзсон. Өдөр бүр хүчтэй санагдах болсон тэр зэвүүн төрхтэй залуутай болзсон. Болзоо. Хуучирсан жинс, хорссон харц. Юу нь тэгтлээ намайг татаад байгааг мэдэхгүй. Хаанаас ч юм нэг онцгүй даашинз олж өмсөөд болзоондоо явав. Уйтгартай урт саарал гудамж. Хүмүүс, байшин. “Ямар дуусдаггүй урт гудамж вэ?” Яарна. Бүдэрнэ. Дахиад л гудамжны эхэнд ирлээ. Дахиад л гүйлээ. Болзсон цаг бараг өнгөрчихөж. Тэр хүлээх дургүй. “Далавчтай ч болоосой”. Цааш гүйв. Тэгсээр барааны газарт өнөөх модон сандал. Тэврэлдсэн хосын чулуун хөшөө. Бүрэлзэнэ. Бүр ойртоно. Яг тэнд, яг тийм залуутай болзохсон гэсэн багын мөрөөдөл урд хойно минь орон жирэлзэнэ. Дурласан залуу ирчихэж. Зөвхөн л дурласан. Тамхи татан ууртайгаар нааш цааш холхино. Холгүйхэн гудамжны эхэнд би түүнрүү очиж явна. Тэр хүлээх дургүй. “Түр хүлээгээч! Ганцхан минут. Би очиж явна”. Гэнэт тэр тамхиа шидээд огцом эргэн цааш алхав. Дурласан залуу. Хуучирсан жинс. Хорссон харц. Би хашгирлаа. Гүйлээ. “Хүлээгээч дээ, тэр ээ!”
Тэр цаашилна. Хэзээ ч эргэж хардаггүй хүн. Тэгсээр ямар нэг булан тойрон алга болов. Өмнөхөн талд өнөөх л модон сандал, тэврэлдсэн хосын чулуун хөшөө. Энд хоёр эрэгтэй хүнийг дүрсэлжээ. “Шал тэнэг юм. Урьд нь яагаад анзаараагүй юм бол?” Унтарч амжаагүй тамхины иш. Утаанд нь гараа ээхийг тэсгэлгүй хүсэв. Хажууд нь өнөөх л модон сандал. Тэврэлдсэн хосын ой гутам хөшөө. “Тэр дахин ирэхгүй”. Хорссон харц. Хуучирсан жинс. Улам зэвүүн. Улам дотно. Шаралхуу нулимс урсах эсэхээ шийдэж ядсангүй. Сая л хөл нүцгэнээ анзаарав. Тийм ч ичмээр биш байлаа.
Хаа нэгтээгээс эмэгтэй хүн нэрээр минь дуудна. Ээжийн цангинасан хоолой. “Чи босохгүй юм уу?” Босоод цагаа харав. Болзсон цагт хэдхэн минут дутуу. Тэр хүлээх дургүй. “Ээж ээ, миний гутал хаана байна?” Ээж чимээгүй. Харанхуй тасалгаа. Ганц төмөр ор. Тэнд би ганцаараа. “Ээж саяхан л намайг дуудсан юмсан. Юу болоод байнаа?” Зовиуртай ганцаардал.
Хаа нэгтээгээс намайг дахин дуудаж, гараас минь хүчтэй дугтарлаа.
“Ээж ээ, босохгүй юм уу?” Босоод цагаа харав. Өгөршиж үрчийсэн хөгшин гарт цаг алга. Цаг зүүх ч эрхгүй болтлоо өтөлсөн хатингар эмгэн болзоондоо яарна. “Ээж нь босмооргүй байна.”


2008/04/16

Дэвтэр сєхлєє, хэсэг єгvvлбэр...


хүлээсээр хүлээсээр......... хүлээхдээ, худлаа хүлээсэн, итгэл алдарсан, сэтгэл зовнисон, хараал идсэн 5 жил... анхны хайрын гэнэн тэнэг дурсамжуудыг чөтгөр аваг.....

амьдралаас минь холдсоон гэж бодтол шаналан нь эргэж ирдэг гэнээ.. за яах уу... хүлээсэн сэтгэлийн итгэл алдраагүй байгаам бол.. шаналалт энэ хугацааг давааад гарчий би...


хар тамга дарагдсан мэт сэтгэлийг яалтай билээ..

харанхуйн дундах ганц гэрэл чи юм шиг бодох сэтгэлээ яалтай билээ..

сэтгэлээ хуурая бүхнийг мартая... март зүрх минь түүнийг март...


үгүй ээ хүлээе... үерхэл хайрын сайхан бүхнийг анх чи түүнээс л хүртсэээн гэж зүрх минь шивнэх юм....


дэвтэр сөхлөө, хэсэг өгүүлбэр...



2008/04/14

Том болж дээ, би...


Санаа угаасаа том байжээж гэж загнах гэжийнуу... үгүй эээ, биеийн том ярих гээгүй байна.... насны том, ухааны том жижиг ярих гэж байна...

Нас явсаар нэг л мэдэхэд 30-д 2 жил дутуу болсон байхымааа.. гэтэл надад бүтээсэн барьсан үр удамаа үлдээсэн, минийх гээд л өмчилөхөөр юм юу ч алга даа.. ганцхаан зүйл минь бол миний ажил, миний бөндгөр доторх жоол жууул юм, хэдэн хиртэй хувцас л байх шив дээ...

за яах уу дээ чи залуу байна гэх гэжийнуу... ...үгүйй ээ, үгүй миний насны залуус цаана чинь уулыг өргөж улсыг удирдаж байна ш дээ.. гэтэл би ажил дээрээ юу.... за яахуу дээ хэхэх.. доороо хэдэн цэрэгтэй... энэ хангалтгүй байна.... өшөө ихэд шунаад байна..... өөрийн гэсэн бүхнийг бүрдүүлмээр байна... энэ минийх, энэ ч минийх гэсэн эдийн сонирхолтой хүүхэн бол би мөн... яадагийм бэ.... өөрийн юмтай байх сайхан ш дээ...

надад нэг ажлын санаа байгаад байгаам.......... бүүр эртний санааа түүний төлөө би маргаашнаас шууд л зүтгэлээ... шууд шүүү... за за тэр санаа бол нөхөр мөхөр биш шүү.. шаал өөр ажлын төлөвлөгөө байна.... /юм л болуул нөхөр сүүдэр гэжаахийм хаашаа юм та нар/

надад амжилт хүсээрэй.. гэхдээ банжигаасаа бүүр мөсөн яасан ч явахгүй ээ....


2008/04/04

Хэсээд ирлээ би.

Айдсын даваа, Түргэний гол, Өлзийт тосгон гээд тэнээд ирлээ... хаварын урь ороод байгаль дэлхий налгар сайхан байна шүү...

малчин хүү дугуй унаад хонь үхэрээ зэрэг маллаж байхтай таарлаа...

жоохон явж байгаад морьд тарлаж байхым. бөөн жийпнүүд.... бөөн гүзээтэнгүүд

Хавар ааа чи хачин сайхан сэтгэл хөдөлгөөд байх чинь вээ.... наа нанан аааа наа нааа.....

Аз жаргалын гармон асгарч байна.. ГЭХДЭЭ ӨМД НОРООГҮЙ.... монголын тэнгэр дооорх 1000 1000н хавар ааа гэжжжжжжжжж...


Мэндчилвээ...

Миний бие энэхүү блогт бичлэг нэмж болох тухай зөвшөөрлийн утга бүхий и-мэйлийг санамсаргүй нэг өдөр хүлээн авснаас хойш тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг memberүүдийн дунд миний нэр бичигдэж олон сар, хоногыг үджээ. Бичлэг нэмэх санаачлага гаргахгүй, нэг л эв нь таарахгүй явсаар өнөөдөр "хувьсгалын тохироо" бүрдсэн билэгт сайн өдөр болтой. Бичих хүсэл төрөөд болдоггүй, харин бичлэгүүд маань Theory-ийн хэлээр нилээд далий зүйлүүд болж байх шиг байна. Гэхдээ санаа зовсонгүй ээ, тэртэй тэргүй блогийн нэр Элийрэл, Дэмийрэл, Хадуурал юм чинь гээд ичих булчирхай минь ажилласангүй, ээж аавыгаа санасаар элийрэв үү, эх орноо үгүйлсээр дэмийрэв үү, илүү дутуу мөр холбосоор хадуурав уу? ямар ч байсан гурван бичлэг орууллаа. Зарим нэг нөхдийн тархи, зүрхэнд "ток" цохиулах гээд чадалгүй хэт далийгаад бүр гажчихсан байвал устгах бас нэг мэргэн сонголт бий шүү Theory!


Хvн байхын учир буюу тэнгэрлиг ижий аав

Би оюун ухаант, сэтгэл зүрхт хүн заяанд төрсөндөө туйлын ихээр баярладаг, магадгүй би гэдэг хүний оронд ямар нэгэн амьтан аль эсвэл огтоос ор мөргүй байсан бол... ийм бодол хаа хаа толгойд орж ирэх ч би үүнээс цааш төсөөлж чаддагүй ээ.

Орчлонд намайг "хүн"-ээр төрүүлж, намайг бүтээсэн "бурхад"-ад би насаараа төлж барахгүй өртэй хүн. Тиймээ, би эжий аав хоёртоо хэзээ ч буцааж чадахгүй "цагаан өглөг"-тэй гэсэн ч миний эжий, аав надаас тэр их өрийг нэхэхгүй цагаатгаж чадах тийм нинжин сэтгэлтэй өгөөмөр "баячууд".

Эжий аав хоёр минь энгийнээс энгийн эгэл хүмүүс, аав минь миний алдаанд гаднаасаа биш дотроосоо нурна, эжий минь харин гаднаасаа эмтэрнэ, оноход минь хоёулаа бие биеэсээ булаалдан "охин минь" гэж онгирно. Би тэр хоёрынхоо сайн үр нь биш ээ, муу эжий аав хоёр минь л сайн үртэй байх гэж хичээдэг юм, аргаддаг юм, айлгадаг юм, аргаа бардаг юм, амьтнаас өмөөрдөг юм, худлаа магтдаг юм.

...Одоо бодож суух нь ээ би өнөөдрийг хүртэл тэр хоёрынхоо хамгийн "том толгойт"-ой, юу хүссэнээ л дураараа хийдэг, даруулгагүй зоргоороо хүүхэд нь байжээ. Би өөрийгөө сайн хүн болгох гэж нуухгүй ээ тэр хоёрыгоо их гомдоосон, өнгөндөө надад гомдож харагддаг ч цээжин дотроо ухаан муутай үртэй "азгүй" хэмээн өөрсөддөө гомддогийг нь би мэднээ. Цөхрөхдөө харин чулуу шиг хүнд үгийг өөрсдийнхөө төлөө биш миний л төлөө хэлдэгийг ч одоо ухаарахтай болсоон.

...Ээжээ, хүү чинь уул өргөх урт холын бодолд дарагдаатай яваа шүү гэдэг шиг би эжий аав хоёрынхоо удтал чилээсэн сэтгэлийг амрааж, "зөв" охин төрүүлснээрээ бахархах цагийн төлөө алхаж явна, амьсгалж явна. Ижийдээ би бусдын адил алтан бөгж, булган дээл авч өгч үзээгүй ээ, ... тэглээ гээд миний ижий намайг зөв амьдарч, сайн явснаас илүү баярлахгүй.

...Ертөнцийн ээж амьтны үйл даанч их, тэр үйлтэйгээ эвлэрч, үйлэндээ дарлуулж суухыгаа жаргал гэж бодож энэрч нигүүлсэхийн, өрөвдөж хайрлахын учгийг сэтгэлээсээ хөврүүлж байдаг дэндүү ховорхон заяа эх хүнийх л байдаг. Биенээсээ бие таслаж "ээж" хэмээх өндөр хэргэмээр дуудуулах, надад хүндэдсэн заяаг эдэлж яваа би азтай эмэгтэй. Үрээ мэндэлсэн тэр мөчөөс л би ээжийнхээ сэтгэл дотор орж "ээж үйл"-ийн ямархан амттайг амталж жинхэнэ ээж болсон доо.

...Одоо би эжий аав хоёрыгоо орчлонгийн жамаар буцаж ирэхгүй одохоос нь өмнө амжиж цээжинд нь намайг төрсөн тэр цагаас эхлэн уягдсан хатуу зангилааг нь сулруулж өгөхийн төлөө амьдарч байна.

Хүн байхын учирыг би ойлгохдоо ганцхан удаа эдлэх даанч ховорхон энэ заяаг оноосон эжий аавыгаа л ойлгож, хайрлахаас эхлэнэ гэж бодном...
Би орчлонгийн хөдлөшгүй ганцхан үнэнийг биеэрээ мэднэ - миний бас таны, орчлонгийн бүх эжий аавд үрээ л гэсэн сэтгэлийн "жаргал" бас "зовлон" байдгийг мэднээ.


Сормуус тэмтрэх уйт шєнєєр

Нэг л их хөнгөн гуниг зүрхэнд минь хургаж хургаж
Нэлхийтэл сэтгэлийн хойморт ирж асгараад л
Нил харанхуй шөнүүдэд чиний нүдийг санан санахад
Нэрээр чинь бичсэн шүлэг нимгэн цааснаа амилаад л

Яагаад би ингэж сормуус хөндөн гунигладгаа мэддэгүй
Ялдам хайрын үгсийг зүрхнийхээ нулимсаар сийлдэгээ мэддэгүй
Хэний төлөөнөө сэтгэл сэмрэн сэмрэн өнчирдгөө мэддэггүй
Хээнцэр залуухан насаа хүслээсээ нууж үрдэгээ мэддэггүй

Яах гэж би олон олон гэрэлт мөрүүдийг оддоос түүж газарт үлдээдгээ мэддэггүй
Ямар сайхан хайраа цээж дүүрэн гунигаар арилжснаа мэддэггүй
Хэнд зориулж уйт шөнөөр сормуус тэмтрэн хайрын бадаг тэрлэдгээ мэддэггүй
Хээр талын өнчин саранд гоо үзэсгэлэнгээ өргөдгөө мэддэггүй

Тэгэвч би...
Хөндүүр зүрхний нулимс минь чиний л төлөө урсахад дуртай
Хөнгөн бийрийн үзүүртээ чиний л хайрыг зурах дуртай
Ганцаар үдэх шөнүүдийг чиний л харцаар дүүргэх дуртай
Гуниг баярын аль алинд нь чиний л нэрээр дуудах дуртай

Зуун жил сарны дор ганцхан чамайг л хайрлаж гуниглах бол
Ай ямархан их жаргал тэр билээ
Зуун жил зөвхөн чамд л зориулж салхи надад хайрын үгс шивнэвэл
Ай юутай их хувь тавилан энэ билээ


Гэртээ байхдаа л ...

Гэртээ байхдаа л би хүн болдог
Гэзэг үсээ хумьж гэргий төрхөндөө ордог
Бариу даашинзаа тайлж эрх чөлөө мэдэрдэг
Байж ядсан харцуулын шуналт харцнаас ангижрдаг

Гэртээ байхдаа л би хүн болдог
Хэрүүл уруул, хэл ам, хов живнээс хол
Хуурмаг харц, ёсорхуу үгсээ хөөж орхиод
Хүүгийнхээ сэвлэгийг үнэрлэн бүүвэйн дуу аялдаг

Гэртээ байхдаа л би хүн болдог
Хиймэл инээмсэглэл, хоосон магтаалаас холддог
Хээ хуар, будаг шунх, чимэг зүүлтнээсээ салж
Хэн нэгний өмсгөсөн хуурамч багийг тайлдаг

Гэртээ байхдаа л би хүн болдог
Гэм зэм, алдаа оноо, шагнал шийтгэлийг ч мартдаг
Өнгө мөнгө, өнөө маргаашаас чөлөөлөгдөж
Өөдөсхөн үртэйгээ бурханы хэлээр ярьдаг
Гэртээ байхдаа л би хүн болдог.