2007/03/26

Хайку

Хэдэн сарын өмнө Яруу найрагч С.Оюунтөгсийн шүлгийг унших завшаан тохиосон юм. Одоо санахад номных нь нэрийг мэдэж авуутаа Улсын их дэлгүүрийн номын тасгаас гүйж очоод авч билээ. Ингээд яруу найрагч С.Оюунтөгсийн 2006 онд гаргасан "Толинд дуссан өчигдөр" хэмээх хоёр дахь шүлгийн номноос дээжлэн Хайку шүлгүүдээс нь хүргэе. Хамгийн их таалагдсан, сэтгэгдэл төрүүлсэн гого шүлгүүдээс нь сорчлов. Удахгүй гурав дахь номоо гаргах байх гэж найдаж байна. Чамд амжилт, аз хүсье.


Цав цагаан бороо


1
Би гурван хоног ертөнцийг мартан унтлаа. Нойрон дунд минь цав цагаан бороо ороод л байх юм. Би хэний төлөө амьдарч байгаа юм бэ? Өөрийнхөө төлөө юу? Хүний төлөө юу? Аль алиных нь төлөө юу?

2
Би урт удаан амьдармаар байна. Хөгжмийн гайхамшиг, шүлгийн гайхамшиг, ерөөсөө ертөнцийн гайхамшиг, энэ бүгдийг би урт удаан жил таашаамаар байна.


3
Энэ цагаан бороо юунд намайг тойрч шиврэнэ вэ? Морьдын төвөргөөн, өвсний сэрчигнээ, шувуудын жиргээ бүхэн орчлонгийн төгс үнэн байдаг. Энэ цагаан бороо ч орчлонгийн шивнээ юу?


4
Тэгээд яагаад заавал зүүдэн дунд минь л цагаан бороо ороод байгаа юм бэ? Тэгээд яагаад миний сэтгэл өвдөөд байна вэ? Ийм урт замд зогсохийг би хүсэхгүй байна.


5
Би үхэхгүй, би төгсөхгүй. Миний жаргалыг ч, зовлонг ч хүмүүс ойлгохгүй. Зөвхөн зөөлөн цагаан бороог харсан хүн л намайг дурсана.

2007/03/21

Narration


Ямар нэгэн юмыг таньж мэднэ гэдэг тийм ч хэцүү биш. Харин нэгэнт таньж мэдсэн зүйлээсээ оюун ухаанаа тусад нь байлгаж чадах л хэцүү. Бидний ухаарч ойлгосон бүхэн, өөрөөр хэлбэл ухаж төнхөж байж олж мэдсэн, ойлгосон бүхэн анх тайлагдашгүй мэт санагдаж байсан тэр л нууцаа дэлгэж эхэлснийхээ хариуд оюун ухааны маань салшгүй нэгэн хэсэг болчихдог. Салшгүй нэгэн хэсэг. Хүн хэзээ ч өөрийнхөө нэгэн хэсэг рүү өнгийж харахыг тэмүүлдэггүй. Ямар ч оюун ухаан нэгэнт хүлээгээд авчихсан мэдээллээ хуучирсанд тооцдог. Тэгээд л бид саяхан нээсэн тэр зүйлээсээ ахин шинийг олж харах, бүр гүнзгийрүүлэх хүчгүй болдог. Энэ бол гарцаагүй төөрөгдөлд хөтлөх зам. Мэдлэг бол хязгаар юм. Бид юуг ч бүрэн гүйцэд, төгс,хязгаарт нь тултал мэдэж, таних боломжгүй гэдгийг үргэлж мартдаг.

"Рафаэлло" "Мечта" "Снежок"
Яаж би энэ чихрүүд шиг
амттайхан байх вэ?

Яаж би чамайг чихэр шиг
агшин зуур
арвантай эзэмдэх вэ?

Амсаад л хоцорсон чи
надаар л өлсөж явбал сайхан аа

"Рафаэлло" "Мечта" "Снежок"

2007/03/19

Толгодын vлгэр


Тэр охин надад толгодын тухай үлгэр ярьж өгдөг байсан юм. Түүний ярьж байгаагаар толгод дуулдаг, уйлдаг гэнэ. Би түүний ярианд итгэн толгодыг чагнаж үзсэн. Толгод юун уйлах, юун дуулах. Зөвхөн өвс сэрчигнэх, салхи шуугих, хаа нэгтээ малын хөлд шороо нурах төдийхөн чимээ надад өгдөг байв. Би зөвхөн түүнтэй хамт байхын тулд үгийг нь дагаж:

Vл таних зохиол


I can understand the hesitation of my generation, indeed it is no longer mere hesitation; it is the thousandth forgetting of a dream dreamt a thousand times and forgotten a thousand times; and who can damn us merely for forgetting for the thousandth time? Franz Kafka

Хуучин ном дэвтэр, бичиг цаасаа цэгцэлж суутал шарлаж урагдсан, хавтас нүүрээ гээсэн үл таних ном оллоо. Царай алдсан, өнгө үзэмжийн хувьд тун тааруухан, хэвлэл муутай энэ ном нэг л содон харагдана. Ном болгон өөрийн дүр төрх, үнэр танар, зан чанартай байдаг бол энэ ном ямар ч өвөрмөц шинжгүй, таних тэмдэггүй байв. Нүүр хуудас нь аль дээр алга болсон бололтой, зохиогчийн нэр нь ч мартагджээ. Миний шүүгээнээс ийм содон ном олдох нь тун сонин хэрэг -Би амьхандаа номнуудаа аль болох эмх цэгцтэй байлгахыг хичээдэг юм л даа. Гунигт амьдралын минь үнэн ч нөхдүүд зөвхөн эд юм шүү дээ! Өчнөөн олон удаа уншиж, үг үсэг бүрийг нь цээжлэх дөхсөн номнуудаа өөрийн хар амьнаас илүүтэй хайрлаж сургасан он жилүүд минь... Хөврөн өнгөрөх цаг хугацааны огтлолцолд зөвхөн эдгээр номнууд л надаа ухаарал хайрлаж, сэтгэлийг минь дэвтээсэн. Гэтэл нэг нэгэнгүй мэдэх номын шүүгээнд минь ийм нэгэн өнчин зохиол явж байдаг... Хаанаас гараад ирэв ээ? Аливаа нууцлаг зүйл хүний сонирхолыг заавал татдаг тул сониуч зандаа хөтлөгдөн эл номыг шөнөжин сууж уншив. Хайр дурал, үерхэл нөхөрлөлийн талаар үл мэдэх зохиолч маань ямар сэтгэл хөдлөм бичээв? Залуу нас минь нүдний өмнө зурайн өнгөрөх шиг боллоо. Гэнэн ч байж, цайлган ч байж... залуу байж дээ. Түүнтэй учирсан мөч, түүнийг мөрөөдөж хоносон өдрүүд минь бүгд энд хадгалаастай байлаа. Тэр үед би хайрлаж чаддаг байж, мөрөөдөх тэнхээтэй байж... омголон байж дээ. Миний залуу насны мөрөөдөл ийнхүү зөвхөн хэн нэгэн үл таних зохиолчийн шарласан хуудаснаа намуухан эгшиглэх хувьтай байж. Хэн мэдлээ... Үл таних зохиолчийн бүтээл хайр сэтгэлийг магтан дуулжээ. Түүний бийрээр сийлэгдсэн дурлалын түүх юутай сэтгэл хөдлөм санагдана вэ? Ердийн нэг хайрын түүх юутай уянга эгшиг агуулна вэ? Гэвч энэ бүхэн ердөө сэрүүн зүүд төдий зүйл билээ. Хүн бол зөвхөн адгуус төдий өрөвдмөөр амьтан -арчаагүй, атаархуу, амиа хичээсэн, адгийн араатнаас долоон дор амьтан. Хайр дурлал, халуун сэтгэл гэх хийсвэр үлгэрээр өөрийнхөө арчаагүй сул дорой байдлаа халхалж, гэгээн цайлган бурханы дүрд тоглох дуртай цорын ганц амьтан бол хүн. Худал хуурмаг бүхнээ хайр дурлалын золиос хэмээн хаацайлж, хар бараан бүхнээ хатан сэтгэлийн тэмцэл хэмээн хамгаалдаг цорын ганц амьтан бол хүн. Үл мэдэх зохиолч маань андуурчээ. Түүний бийрээр сийлэгдсэн уран үгс зөвхөн хүн төрөлхтний мөнхийн үлгэрийг үргэлжлүүлж, бусдыг сайхан төрхөөрөө хуурч мэхлэхийг санаархах гоёмсог зэрэглээ... Ийнхүү бодлогширсоор мөнөөх номоо уншиж дуусгалаа. Цонхоор хартал үүр цайсан байв. Үүлэн дунд бүдэгхэн сүүмийх өглөөний наран мөнөөх номын сүүлийн хуудсыг гэрэлтүүлэв. Үл таних зохиолч өөрийн гарын үсгээ татласан байсныг унштал, Хайрт чамдаа зориулав Ж гэсэн байлаа... Бурхан минь, миний гарын үсэг байна шүү дээ!

Нэгэн дурлал


Өөрийн мэдрэмжүүдээ хадгалж үлдэхийн тулд ийнхүү цаасан дээр буулгахыг оролдсон юм.

1.
Прости меня за пустоту моих глаз
Прости меня как ты прощала не раз
Прости меня если сможещь простить
Прости меня за то, что я хотел с тобою быть
Мальчишник-аас

Түүнд би хайртай гэж ганц ч удаа хэлээгүй... Хайрлаж халамжилж, хардаж харамлаж явсан хэрнээ хайртай гэж хэлж байгаагүй. Яагаад ч юм хий хоосон үгсээр сэтгэлээ илэрхийлж амжаагүй, зүрхлээгүй... Энэ нь ч сайн хэрэг. Хэлээгүй үгсийн төлөө хариуцлага хүлээх биш... Үнэндээ надад хайрын үгс хэлэх боломж олдоогүй, завшаан гараагүй... Түүний нүдрүү ширтэх тоолонд хоолойнд минь хайрын үгс тээглэх шиг болдог байсан... Үгс хүртэл тавилантай байдаг аж.

2.
Я смотрила на мир твойх глазами
Не видя ничего, я дыщала только тобою
Жда твоего звонка, я не спала ночами
А дождавшись в тебя
Тэмдэглэлийн дэвтэр-ээс

-Тэр үүлийг хараа зүрх шиг хэлбэртэй үүл байгаа биз? -Хаана тэр вэ? -Яг дээр чинь байна даа! -Харагдахгүй л байна даа... -Ээ чи... за, зүгээрээ нааш ир, үнсье... Түүний цээжийг дэрдлээд хэвтлээ. Бидний дээгүүр хөвөх зүрхэн хэлбэрт үүлийг тэр үдэш би олж хараагүй ч, түүний нүдэнд орчлон ертөнц тэр аяараа ойж харагдсан юм. Тэнгэрийн зураг удалгүй солигдож, мөнөөх үүл алсад одсон... харин миний зүрх түүний нүдэнд үүрд мөнхөрсөн билээ.

3.
Why don’t we break up? There’s nothing left to say
I got my eyes shut, praying they won’t stray
Robbie Williams-аас

Түүнтэй хамт өнгөрүүлсэн мөч бүхэн жаргал зовлонгийн туйл мэт... Зарим өдөр бид хоёр үлгэрийн мэт жаргалд умбаж, ертөнц тэр аяараа бидний хайр дээр тогтдогт итгэж найддаг байсан. Зарим шөнө түүний харц миний хажуугаар хайхрамжгүй гулсаж, хажууд цохилох зүрх нь тэртээ мянган бээрийн тэртээ лугших мэт санагддаг байсан. Би түүний нүдийг дагуулж, харцыг нь манахдаа өчнөөн шөнө нойргүй хоносон. Нэг л өдөр тэр намайг орхин одож, би орь ганцаараа үлдэх болно гэсэн аймшигт бодол нэг л мэдэхэд миний хувь заяаг түүний хайртай зад зангидаж орхисон юм. Түүнээс магтаалын үг сонсох, түүний нүдэнд хайрын гал асаах нь миний хувьд хамгийн эрхэм зүйл болж хувирав. Хайраа бататгах гэсэн гэнэн оролдлого минь зөвхөн уй их уйтгар гуниг, зовлон шаналал авчирна гэдгийг би яаж мэдэх билээ... Нэг л мэдэхэд хайр дурлал огт сонин биш болж, зөвхөн түүний нүдэнд бусдаас онцгой харагдах гэсэн хүсэл эрмэлзлэл намайг эзэмдэж эхэлсэн... Тоглоомын дүрэм ийнхүү өөрчлөгдөж, бид хоёрын түүх нэг л мэдэхэд өндөрлөсөн байлаа.

4.
Girl I thought you'd realize, I'm not like them other guys
Cause I saw them with my own eyes, you should've been more wise
Well I don't wanna live my life, too many sleepless nights
Not mentioning all the fights, I'm sorry to say lady
I’m walking away from the troubles of my life
Craig David-c

Бид хоёр байнга хамт байсан ч амин чухал сэдвээр нэг ч удаа үг солиогүй холдоцгоосон нь одоо бодоход дэндүү харамсалтай. Хайран цаг, хайран цаг... Хайран хайр. Хэлж зүрхлээгүй үгс нэг л мэдэхэд сэтгэлийг минь эзэмдэж, хэмжиж болшгүй хайр минь нэг л мэдэхэд дундарсан байсан. Нэг л мэдэхэд, нэг л мэдэхэд... энэ үг намайг ховсдож буй мэт... нэг л мэдэхэд. Нэг л мэдэхэд дурсамж, мөрөөдөл хоёр өөр хоорондоо хутгалдчихсан, болсон явдал, зүүд зэрэглээ хоёр ялгагдахаа байх... Нэг л мэдэхэд ганцаардсан сэтгэлээ мөрөөдлийн бурмаар хий тайтгаруулан суух.
...Нэг л мэдэхэд түүнтэй хамт өнгөрүүлсэн мөч бүхэн хуурамч алт лугаа адил өнгөө алдах... Нэг л мэдэхэд түүний төрх санаанаас минь бүр мөсөн арчигдаж, сэтгэлийг минь хөглөхөө байх... Нэг л мэдэхэд... Түүний нүд ... намайг дагахаа болих.

5.
Baby it’s yours, all yours -
If you want it tonight.
Just come through my door,
Take off my clothes
And turn on the red light.
TLC-ээс

Түүний гар... биеэн дээгүүр минь гүйнэ... Түүний уруул... арьсийг минь илбэнэ... Түүний харц... нүдийг минь гижигдэнэ... Түүний үнэр... ухааныг минь мансууруулна... Түүний хоолой... тархинд минь эгшиглэнэ... Түүний гар... Өнөөдөр би дахиад л ганцаараа хононо. Түүнтэй өнгөрүүлсэн тансаг шөнүүдийг дурсан нойргүй хонохдоо би түүний гарыг орлохыг хичээнэ... Яг тэр мөчид л түүний уруулын хүйт, амьсгалын халууныг дахин нэг мэдрэх шиг болно. Түүний түрэмгий хөдөлгөөн, ширүүн хэмнэлийг би үгүйлнэ... Түүний уруул...

6.
Чамтайгаа хамт байна гэж зүүдэлдэг
Чиний уруул нүдийг тодоос тод зүүдэндээ хардаг
Харин өглөө сэрэхэд энэ бүхэн
Үүрийн цолмонтой хамт алга болно
Нэгэн мартагдсан дууны үг-нээс

Би хэдий түүнийг мартахыг хичээв ч, түүний төрх санаанаас огт гарахгүй юм... Тэр сэтгэлийн минь нэгэн харанхуй мухарт чимээгүй отож суучихаад, яг л түүнийг мартах гэхэд гэв гэнэт гарч ирж өөрийн тухай бушуухан шиг сануулж аваад далд орж буй мэт санагдана. Би өнгөрснөөрөө амьдармааргүй байна шүү дээ, ойлго л доо... намайг тайван орхиоч... Дурсамж... Би аль хэдийн дурлалын тухай дурсамжийн боол болжээ... Гэсэн хэдий ч, түүнийг дурсах тоолонд түүний төрх гандаж, түүний үнсэлтийн амт суларна. Тэр өдөр өдөржин цас орсон ч, өдгөө би зөвхөн түүний сормуусанд тогтсон өнчин цасан ширхэгийг л санаж байна. Нэг л мэдэхэд энэ цасан ширхэг ч цаг хугацааны эрхшээлд уусан алга болж, түүний тухай хоосон бодлоос өөр зүйл надад үлдэхгүй нь... Би айж байна.

7.
Мой тебя настроение
От крошки, от гения
Мощ в тебя сердце юное
Щербатое лунное
Оно в тебя мое прощлое
Не прощлое
Земфираг-аас

"Би чамд хайртай" хэмээн тооны дэвтэрийн уранхай хуудасны буланд хичээнгүйлэн татлаад, хажууд нь улаан өнгийн балаар бяцхан зүрх зурсан захидал илгээж байсан жаахан банди хаана явна? Энэ ганган онгироо залуу мөн үү? Миний анхны хайрын эзэн айлын нөхөр, хүүхдийн аав боллоо гэж үү? Би энэ залууг танихгүй ээ... Тэр минь өөр хүн байсан юм.

8.
Things base and vile, holding no quantity,
Love can transpose to form and dignity.
Love looks not with the eyes, but with the mind,
And therefore is winged
Cupid painted blind-aac

Хайр сохор гэдэг. Түүнд миний харааг булаахаар гоц гойд зүйл нэг ч байсангүй -тийм ч царайлаг бус, боловсрол хүмүүжил өөр, зорилго нь тодорхойгүй тэр залуу чухам яагаад миний хайрыг тэгтлээ татав аа? Зүрх нүдгүй юмсанж. Гудамжны архичин, халаасны хулгаачийг сохроор хайрлаж халамжлаад, тэдний төлөө амьдралаа золиослож яваа бүсгүйчүүдтэй би нэг биш удаа таарч байсан. Тухайн үед би тэднийг ойлгож чадаагүй ч, одоо бүх зүйл тодорхой боллоо -хайр гээч нь дэндүү сохор юм байна. Түүнд дутагдал зөндөө бий... би мэднэ. Гэсэн хэдий ч, би түүнийг мартаж чадахгүй юм. Тэр надад хань болохоор хүн биш гэдгийг зөн совингоороо мэдрэх боловч түүний төрх санаанаас минь огт буухгүй юм. Когда же моё сердце проззеет.

9.
Пожалуйста, только живи
Ты же видищь я живу тобою
Моей огромной любви хватит
Нам двойм с головою
Земфираг-аас

Би ганцаардалд дасчихжээ. Хүмүүс ганцаардлаас айдаг гэх юм, гэвч ганцаардал гээч нь намайг тодорхойлох боллоо. Ганцаараа сэрж, ганцаараа унтаж, ганцаараа идэж, ганцаараа бодно... Аливаа шийдвэрийг мөн л ганцаараа гаргана. Би Би Би... Бид гэдэг үг миний хувьд утгаа алдаад удаж байна. Угаасаа хүн ямагт би-гээрээ л үлддэг юм байна. Үнэн хэрэгтээ тэр намайг ганцаардлаас аврах ёстой байсан юм. Гэвч би даана ч аврагдахыг хүссэнгүй. Аврал хайхгүй амьдарч болно биз дээ?! Би бурханд итгэдэггүй. Хойд ертөнцөд итгэдэггүй хүн хайр дурлалд итгэж чадна гэж үү? Аврал чухам хаанаас ирэх ёстой юм бэ? Түүний хайр намайг гэгээрүүлж чадсангүй. Учир нь би зөвхөн би-гээрээ л амьдрах ёстой юмсанж.

10.
Заавал амсах ёстой зовлон юм шиг
Заавал мартах ёстой дурсамж гэж байдаг юм байна
Бүтэх тавилангүй хайр сэтгэл шиг
Бүлээн нулимсандаа дасах цаг ирдэг юм байна
Өдрийн тэмдэглэл-ээс

Хайрынхаа төлөө үхэн хатан тэмцэх хэрэгтэй гэдэг. Гэвч надаа түүний төлөө тэмцэх эрх байхгүй, учир нь тэр намайг хэзээ ч ойлгож чадахааргүй хүн билээ. Бүтэшгүй зүйлийг хүчлэх ямар хэрэг байна аа? Өнөөдөр би шаналах боловч маргааш гэхэд миний зүрх эдгэрэх болно. Толгой нь зүрхээ залах хэрэгтэй, энэ бол хууль. Сохор тэмцэл хэзээ ч зөв байгаагүй... түүний төлөө тэмцэх эрх надад байхгүй. Бурхад мартаж чаддаг болов уу? Хэрэв үгүй бол би хэзээ ч мөнхөрхийг хүсэхгүй... Мартахын жаргал юутай үнэтэй вэ?

11.
Хайрлаж байсан гэхэд хатуудаж байна чиний үг
Дурлаж байсан гэхэд дутуудаж байна чиний үг
Камертон-оос

Саяхан л чи миний хамгийн дотно хүн байсан, саяхан л би чамд итгэдэг байсан, саяхан л би чамд зүрхээ бэлэглэсэн... Гэтэл өнөөдөр чи миний хажуугаар толгой дохиод л өнгөрлөө гэж үү? Цаг хугацаа ямар хурдан юм бэ? Чи миний сэтгэлийг ураад хаячихсан шүү дээ, гэтэл өнөөдөр чи юу ч болоогүй юм шиг инээгээд явж байх гэж... Хэн нэгэн чамайг шийтгээгүй гэж үү? Чи надаа хайртай байгаагүй гэж үү?

12.
Теперь сожжены все мосты
Остались одни только мечты
У вы как жаль, что я не поэт-
Исполнила бы последний пируэт
Өдрийн тэмдэглэл-ээс

Өнөөдөр би түүнтэй гудамжинд таарвал танихгүй хажуугаар нь өнгөрч мэднэ. Миний хайрыг татсан тэр залуу зөвхөн миний сэтгэлийн гүнд л орших тул түүний бодит төрөх аль хэдийн санаанаас минь бүр мөсөн арчигджээ. Угаасаа би түүнийг өөрөө зохиочихсон юм биш үү? Хайр дурлалыг хийсвэрлэн хүсэмжлэх тэр жаахан охин анхны эр хүнээ мөрөөдлийн ханхүү мэтээр төсөөлж, дутууг нь сэтгэлдээ гүйцээж, бодит ертөнцөөс салган авч зүрхэндээ тээсэн аж. Түүний оронд Болд, Бат, Баяр ер нь хэнбугай нь ч байсан би яг л адилхан хайртай учрах байж. Ингэхэд хүн ер нь хайр хэмээх хийсвэр ойлголтонд хий хөтлөгддөг болохоос биш хэн нэгэн бие хүнд хайртай болдоггүй юм биш байгаа? Хайрыг хайртаас салгаж ойлгож болох уу? Миний хайрт хэдийнээ хаа нэгтээ одсон хойно хайр минь амьдарсаар л байна... Ном зохиолд гардаг мөнөөх хайрын түүхийг би дахин нэг зохиохыг хүссэн юм. Миний хайрын түүх л зохиогдож байвал хайрын эзэн нь хэн байх нь чухал биш байжээ. Үлгэр ингэж л төрдөг байх... Мянга хоёр дахь шөнө.

2007/03/18

Анхны блог...

Ямартай ч блогтой боллоо. Гого шүү! Бичлэгүүдээ эрэмбэ дараатай байлгах гэж баахан ухаж, төнхөж байж учрыг нь сая л оллоо. Учиргүй АйТи-чин биш ч энэ тэрт жаахан суралцахгүй бол нэг мэдсэн асар хоцрогджий шт дээ. Хэхэ