2011/02/13

Монгол ахуй...


Би монгол ахуй, зан заншил, буйр сууц, өтгөс өвгөдийнхөө сургах сануулахын завсар хэлсэн хармын хэдэн үгэнд нь хайртай нэгэн үр сад нь билээ... Тиймдээ ч өнөөдөр МОНГОЛ АХУЙ гэсэн нэгэн шинэ сэдвийг блогтоо бичгэлхийг хүслээ.

Үүдэн хоймроо онгорхой орхидог, айлчин гийчиндээ айраг, цагаагаа сөгнөн барьдаг, айл саахалтын нүүдлийг тосон угтдаг монгол ахуй улам бүр алсалсаар... Гэвч би тэр нэгэн эгэл ёс заншил, аяг араншинг үр удам, үндэс угсаандаа таниулан үлдээх үүрэг хүлээсэн үр сад нь бөлгөө.

МОНГОЛ АХУЙ гэсэн сэдвийн өмнөтгөл болгож "Үнэнч сэтгэл" хэмээх үгсийг 
даялуулан Монгол банхарын тухай бичиглэхийг хүслээ. Монгол хүн ерөөс амьтныг уяж гинжлэх, хаших дургүй. Үхэр нь өглөө бэлчээрлээд оройн нар хүүшлэхэд тааваараа цувсаар хүрээд ирнэ, хонь, ямаа ч мөн л адил. Адуу бол харин онцлогтой амьтан. Ийнхүү Монголын тал нутгаар эзэнгүй чөлөөтэй хөлхөлдсөн адгуулсан амьтан олон. Энэ амьтдын нэг нь хоточ банхар билээ.

Хоточ банхар гэрийн гадаа өвөл зунгүй уяатай, уяагүй байж л байна. Уяатай ч гэж дээ уяагүй байх нь олонтой. Боохой ойртвол хуцаж чимээлнэ, зочин ирвэл хоргоож угтана. Зарим сургасан нэг нь хонь дагана, ан хийлцэнэ. Угаадсаар хооллоно, ульбал зодуулна, эрхэлвэл өшиглүүлнө. Гэлээ ч нохой эзэндээ гомдохгүй. Гадагш гарахад нь даган шогшино, дотогш ороход урамгүйхэн хоцорно. Энэ бол нохойн үүрэг.

Хүүхэд, нохой хоёрыг холбосон хэлц үг монгол хэлэнд элбэг байдаг. Магадгүй хүүхэд эцэг эхдээ, нохой эзэндээ гомддоггүйтэй холбоотойгоор эдгээр үгс үүссэн биз. Ер нь монгол банхар хүүхэд зуудаггүй.


Нохойн нас богино. Насаараа эзэндээ зүгтгэсэн нохойг нас эцэслэхэд сүүлийг нь тайрч дэрлүүлэн, аманд нь шар тос хийгээд ирэх төрөлдөө хүн болохыг билэгдэн хөдөөлүүлнэ. Нохой хөдөөлүүлэх монгол ёс харин их л хүндэтгэлтэй, утга учиртай байдаг ажаам. Нохой хөдөөлүүлдэг ийм нарийн ёсыг бий болгосон зөөлөн сэтгэлтэй ард түмэн энэ ертөнцөд чухам хичнээн байдаг бол?

Өндөр хөгжилтэй орнуудад нохойд зориулсан эмнэлэг, саатуулах газар, хувцас, тоглоом гээд тоймгүй их үйлчилгээ байдаг. Хүн шиг хувцасласан нохой, хөдөлгөөн дутаж жин нь ихдэж зөнөсөн нохой ч их бий. Энд нохой хүнээс ялгаагүй амьдарч, насан эцэслэхээрээ тусгайлан бэлдсэн нохой муурны оршуулгын газарт заларна. Тэд нохойг хүний төвшинд тэжээн эрхлүүлээд, нохойн төвшинд оршуулдаг ажаам.

Тэд нохойг нохой болон мэндлэхийг хүсдэг бол монгол малчин нохойг нохой шиг тэжээж, хүн болгон оршуулж, хүн болон мэндлэхийг хүсдэг ажээ. Хүн шиг амьдралыг туулсан нохой, нохойн ёсоороо насаа барсан нохой. Аль нь илүү жаргал үзсэн бол? Харин эсрэгээр нь хүнийг нохой шиг амьдруулахыг хэн ч үл тэвчинэ. Нохойд нь нохойн жаргал, хүнд нь хүний жаргал. Хорвоогийн жам гэдэг энэ ажаам.


“Өвлийн нар нь ээ хө
Өвөлдөө дулаан даа хө”

гэсэн ардын дуу онож хэлсэн ажээ.

PS: Түүх сөхөн үгүүлвээс сайн нохой эзэндээ үхлээ үзүүлэлгүй хээрээр хэсч нас нөхчдөг бол зарим нэг нь эзнийхээ цаг бусийн гай зовлонг авч өмнөөс нь нөхчдөг билээ. Эцэст нь хэлэхэд энэ бүхэн учир жанцантай бөгөөд миний бие амьдралаараа мэдэрч, тэмтэрсэн бөлгөө...

2 comments:

Erdenebaatar said...

Таны бичлэгүүд их таалагддаг шүү намайг багад өвөөгийнд минь хонь мал хариулдаг нутаг усныхан нь бүгд мэддэг сайн нохой байж билээ хэзээ уяуулдаггүй хэрнээ хэнийг ч урахгүй тэгсэн хэрнээ согтуу хүнд дургүй хонио манаж хонодог. Бас тэр хавийнхаа нохдийн эрлэг нь, тэгсэн хэрнээ хонь ямаагаа сайн манадаг гөлөг байхдаа ямаанд мөргүүлээд их хаширсан байх гэж боддийн илүүлэх их дуртай. Бороо цасанд уруудсан малаа буцаагаад туугаад ирдэг байсын. Нэрийг нь Хүрээтуу гэдэг сонин нэртэй. бараг л арав гаран жил насалсан байх нэг зун л үхчихсэндээ сүүлдээ зөнөглөөд үс нь бууралтаад хараа сонсгол нь муудаад хөөрхий нохойныхоо залуу байсныг бодохоор цаг хугацааны сүрдүүлэг энэ байх гэж бодогдож билээ. Муу өвөө минь нохойгоо оршуулсан аманд шар тос хийгээд сүүлийг нь дэрлүүлээд... нүд нь чийгтэж харагдсансан. Ямархан бодол тэр уул шиг хүний дотор төрсийн бол бүү мэд.. нас яваад ойлгох байлгүй дээ. Яг л байгалийн нэг хэсэг шиг өвөөгөө харахаар дандаа энэ чигээрээ байгаасай гэж боддог юм. даанч болохгүй юм даа... Үнэнч банхар, гүйгүүл морь, Дээлтэйгээ гандсан миний өвөө нутаг ус энэ бүхэн надад диваажингийн зураглал шиг л санагдана... үгээр ч хэлж чадахгүй нь энэ мэдрэмжийг.. эх нутгаасаа өөр хаана ч мэдэрч чадахгүй зүйл

Different Theory said...

"Хүрээтуу" гэж нэрийг нь харин ч мундаг бодож өгсөн юм биш үү...