2011/02/12

Нью Йорк, Нью Йорк

Jay Z, Alicia Keys хоёрын “Empire state of mind” дууг сонсох тоолонд хамаг юмаа хаяад Нью Йорк руу нисмээр санагдаж, ганц ч өдөр болов жинхэнэ Нью Йоркер мэт амьдрах хүсэл төрдөг юм. Яагаад гэвэл Нью Йорк бол “where dreams are made of”, тэнд очсон л бол юу л бол юу хийж чадна. Нью Йорк юм чинь, аргагүй шүү дээ. Нью Йорк хотыг магтан дуулаагүй хамтлаг дуучин ховор: Beastie Boys, The Clash-аас авахуулаад домогт Frank Sinatra, Duke Ellington, хаа байсан Sting хүртэл “An Englishman in New York” гэдэг дуу хийсэн санагдана. Энэ утгаараа Нью Йорк бол жинхэнэ онгодтой газар. Жил бүр сая сая жуулчид түүнийг зорьж, мөрөөдлөө биелүүлэхийг хүсдэг. Харин очсон хойноо юу хийхээ төдийлөн сайн мэддэггүй. Улиг болсон Times Square, маруужин барьсан хүүхэн (Эрх чөлөөний хөшөө), Empire state building-ын урд зургаа авахуулна уу гэхээс биш Нью Йоркын мөн чанарыг мэдрэлгүй буцах нь бий. Харин жинхэнэ Нью Йоркер шиг алхахыг хүсвэл...

1. ДЭМИЙ ТЭНЭХ / NYC SUBWAY
Нью Йоркын метро бол Нью Йорк хотын амин сүнс, зүрх судас юм. Wall Street-ын санхүүчид нь ч тэр, орон гэргүй гуйлгачид нь ч тэр, Нью Йоркынхон бүгд метрогоор зорьчдог (Дональд Трамп шиг хувийн нисдэг тэрэггүй бол тэр шүү дээ). Та ч бас тэдний адил $8.25-аар 24 цагийн тасалбар худалдаж аваад, өдөржин дэмий тэнэж чадна.

Метроны буудлууд нь Москвагийнх шиг тансаг биш боловч үзэж харах юм ихтэй. Times Square-ын буудлын ханан дээр поп артын үндэслэгчдийн нэг Roy Lichtenstein-ы бүтээл байдаг бол 59th Street/Columbus Circle-ын буудлаас дүрслэх урлагийн conceptualism хөдөлгөөний томоохон төлөөлөгч Sol Lewitt-ын ажлыг харж болно.

Хэрэв та дүрслэх урлаг сонирхдоггүй бол Нью Йоркын метро дахь түм буман хөгжимчид таныг уйдахгүй нь лавтай. Lexington/59 Street-ын буудал дээр “Катюша”-г гайхалтай дардаг нэгэн Хятад өвгөн аккордионоо тэврээд зогсож байж мэднэ, эсвэл Нью Йоркод азаа туршиж буй залуу зөвхөн танд зориулан дуулж өгч магадгүй юм (хожим та түүнийг MTV-ээр харах ч юм билүү).

Хэрэв метроны хөл хөдөлгөөн, газар доорхийн хаад болох харх найзуудаас (Нью Йоркод хэдэн арван сая харх амьдардаг гэнэ билээ – том хотын түгээмэл зовлон энэ буюу) залхвал такси руу шилжихийг зөвлөе. Шар такси хөлөглөн Бродвэйн түгжрэлд гацах нь Нью Йоркын хэв маяг биш гэж үү?

2. АГААР АМЬСГАЛАХ / CENTRAL PARK

Нью Йоркод газар ямар үнэтэй билээ дээ, гэсэн хэдий ч Манхэттэны нийт газар нутгийн 10 гаруй хувийг цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж эзэлдэг \манайхан бол аль хэдийн паркийг нь “нүүлгэн шилжүүлээд” оронд нь байшин барьчихсан байгаа даа\. Нью Йоркын олон арван цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн том нь Central Park.

Нью Йоркыг мэдэрье гэвэл New York Times сонины тухайн өдрийн дугаарыг худалдаж аваад, Central Park-ыг зорихыг зөвлөе. Төв цэцэрлэгт хүрээлэнд ганц хоёр цаг хүн харж сууна гэдэг бол Нью Йоркын оршин суугчидтай маш дотно танилцах боломж. Аз таарвал хэн нэгэн алдартантай нүүр тулж ч юуны магад. Жаахан уйдаад ирвэл Нью Йоркеруудын нэгэн адил гуйж эсвэл дугуй унаж, роликоор гулгаж болох юм. Хэрэв та Beatles-ын fan бол Strawberry fields хэмээх Жон Ленноны дурсгалд зориулсан хэсэгт заавал саатаарай. Товчхон хэлэхэд, Нью Йоркод очоод Central Park орохгүй буцвал алдас болно шүү.

3. ШУНАЛТАХ / SHOPPING Дизайнер болгон Нью Йоркт дэлгүүрээ нээхийг мөрөөддөг гэвэл буруудахгүй. Dior, Gucci, Prada гэх мэт домог болсон загварын ордуудаас авахуулаад Alexander Wang, Jason Wu зэрэг шинэ дизайнеруудыг нэг дор сонирхъё гэвэл чухам Нью Йоркыг л зорих хэрэгтэй.


Нэн түрүүнд Нью Йоркын домогт Bergdorf Goodman их дэлгүүрээр зочлохыг зөвлөе. Алдарт Тавдугаар авеню дахь энэхүү их дэлгүүр 1899 оноос эхлэн дэлхийн баячуудын хэрэгцээг хангасаар ирсэн. Тэд шинэ авьяасыг нээхдээ гаргуун гэгддэг, иймд “последний писк моды” тэнд байх нь гарцаагүй. Хэрэв танд Bergdorf Goodman хэт консерватив санагдвал SoHo-г зориорой. 1960, 70-аад онд зураач, уран бүтээлчид голдуу амьдардаг байсан тус дүүрэгт дизайнер бутик, моодонд орж буй зоогийн газрууд төвлөрсөн байдаг. Супермоделиуд, одууд, оюутнууд, hippies – хэнбугай нь ч SoHo-гоос иж бүрэн хувцаслаж чадна. Учир нь тэнд үнэтэй нь ч бий, хямд нь ч бий.

Өндөр үнэтэй бутикт наймаа хийтлээ баяжаагүй бол Wall Street-ын ойролцоох Century 21 их дэлгүүрийг зорино уу. Жилийн дөрвөн улиралд хямдралтай байдаг уг дэлгүүрээс Jean Paul Gaultier-ийн 2 000 долларын үнэтэй даашинзыг 300 доллараар худалдан авч болдог л юм даа. Аз таарвал тэр шүү дээ.

Гутал хувцас сонин биш байвал Нью Йоркын бас нэгэн гайхамшгийг танилцуулъя. Цин циририн! Энэ бол Strand номын дэлгүүр. Хуучин болон ховор номын цуглуулгаараа алдартай энэ дэлгүүрт нэг орчих юм бол гарахаа мэдэхээ байдаг тул хэн нэгнийг дагуулж явахыг зөвлөе. Эс тэгвээс контейнер ном ачуулах шаардлага гарах вий.

4. ИДЭЖ УУХ / WINING AND DINING

Хэрэв та амьдрахын тулд идэх бус идэхийн төлөө амьдардаг бол Нью Йорк таны хот мөн. Нью Йоркод 20 000 орчим зоогийн газар байдаг ба Франц, Италиас авахуулаад Түвд, Узбек хоол ч олдоно. Та маханд дуртай бол Нью Йоркын олон арван steakhouse-ын нэгт 70 долларын стэйк амталж, аманд хайлах эсэхийг нь шалгаарай. Юун наадам, юун Цагаан сар – махыг ингэж л идэх ёстой гэлтэй. Эсвэл дурын нэг deli руу ороод 7 долларын roast beef sandwich захиал.

Үгүй бол, Нью Йоркын Chinatown-д dim sum амсаад зэргэлдээх Little Italy дүүрэгт \дон Корлеонегийн дош шүү дээ\ gelato амтлан нэг сумаар хоёр туулай буудаж болох юм. Пиццаг Италичууд бодож олсон гэгддэг ч, түүнийг Нью Йоркынхон төгс болгосон гэдэг. Жинхэнэ Нью Йорк пицца ямар байдгийг Нью Йоркод л амтлахгүй бол өөр хаана амтлах вэ дээ.

Хэрэв та орос ах нарын амтыг санагалзаж байвал алдарт Brighton Beach-ыг зориорой. Үе үеийн орос цагаачдыг орогнуулсан Brighton Beach дүүрэгт тасархай борщ ууж болохоос гадна цагаан архийг жинхэнэ “сало”-гоор даруулан нэгэн үдшийг даруухнаар үдэж болох юм. Хаа байсан Бруклины эцэс руу явах завшаан олдохгүй бол Манхэттэны “Russian Samovar” ресторанд түр саатна уу. Иосиф Бродскийн үүсгэн байгуулсан энэхүү ресторанд алдарт Михаил Барышников хувьцаа эзэмшдэг гэнэ билээ.

5. БАЙШИН ШИРТЭХ / BROOKLYN BRIDGE

Ихэнх хүмүүс Нью Йоркыг тэнгэр баганадсан байшин барилгаар төсөөлдөг. Тэгвэл Манхэттэнийг ил захидал дээрх дүр төрхөөр нь харахыг хүсвэл Манхэттэн, Бруклинг холбодог Brooklyn bridge-ийг гатлахыг зөвлөе. Явган явах нь чухал юм шүү! 1.8 км зам туулах тул эвтэйхэн гутал өмсөхийг сануулж байна.

6. ҮЗЭЖ ХАРАХ / NYC ART MUSEUMS
Жуулчилж яваа л бол заавал музей үзэх ёстой гэсэн ойлголт байдаг. Ямар сайндаа Улаанбаатарт ирсэн жуулчид хүссэн хүсээгүй тоосонд дарагдсан Уран зургийн галерейгаар маань орж байхав. Нью Йоркын Орчин Үеийн Урлагийн Музей (MOMA)-г манай галерейтэй харьцуулах юм биш. Та дүрслэх урлаг сонирхдог ч бай, үгүй ч бай, MOMA-аар ороод гарахад огтхон ч илүүдэхгүй. Пикассо, Матиссаас авахуулаад Jeff Koons, Chuck Close нарын сор болсон бүтээлүүд зөвхөн энд л бий. Иймд дэлгүүр хэсэх цагаасаа ганц хоёрхон цаг ч болтугай хумслаад, MOMA руу яв.

Хэрэв та дүрслэх урлагийн мэдлэгээ гүнзгийрүүлэхийг хүсвэл Metropolitan Museum of Art-аар ороод гараарай. Дүрслэх урлагийн түүх тэнд бий. Эсвэл Guggenheim Museum, Whitney Museum of American Art, PS1 Contemporary Art Center, Brooklyn Museum of Art, Frick Collection, New Museum of Contemporary Art, The Cloisters, г.м., г.м. – Нью Йоркын музей барагдахгүй. Бүгдийг нь дуусгалаа гэхэд үй түмэн хувийн галерейнууд байна. Амжилт хүсье!

7. ХӨГЖӨӨН ДЭМЖИХ / NY YANKEES

Арван жилд байхад манай сургуулийн cool банди нар Yankees-ын малгайгаар гангардаг байж билээ. Хаанаас ч олдог байсан юм бүү мэд, ямар ч байсан Yankees-ын малгайгүй л бол хүн биш байсан юмдаг. Нью Йоркеруудын хувьд Yankees-ын малгай бол ердийн нэг гангараа биш, бүхэл бүтэн амьдралын хэв маяг гэж хэлж болно. Хэрэв бэйсболыг АНУ-ын үндэсний спорт гэх юм бол (Америк хөл бөмбөгийн фанатууд үүнийг эсэргүүцэж мэднэ л дээ), Yankees бол АНУ-ын баатрууд. Тоглолтыг нь үздэггүй юм аа гэхэд ядаж стадионыг нь сонирхоорой. Бид наадмаар стадионоо тойрч, хуушуур авч иддэг шиг Yankees стадионы барааг харж, хот дог авч идэх нь Нью Йоркын уламжлал гэж хэлж болно.

8. ГЭГЭЭРЭХ / THEATRE
“Lion King” үзнэ үү, “Отелло” үзнэ үү, өөрөө л мэд. Гэхдээ Нью Йоркод очсон л бол заавал театр орох хэрэгтэй. Одууд тоглосон, мөнгөөр зодсон гял цал тоглолт үзэхийг хүсвэл Broadway-н 40 гаран театрын нэгийг зорино уу, харин илүү авангард, шинэлэг зүйл харахыг хүсвэл off-Broadway эсвэл off-off-Broadway хэмээгддэг жижиг театруудыг онилох хэрэгтэй. Хэрэв та сонгодог урлагийн тоглолт сонирхож байвал Metropolitan Opera-гийн дурын нэг тоглолтыг үзэхэд хангалттай болов уу.

9. МӨНГӨ ҮНЭРТЭХ / WALL STREET

Дэлхийн санхүүгийн төвд ирсний хэрэг юу билээ, С.Баярцогт сайдын нэгэн адил New York Stock Exchange-ын хонхыг дугаргадаггүй юм аа гэхэд ядаж Wall Street-д хөлөө тавь. Юмыг яаж мэдэхэв, огцом баяжчих ч юм билүү. Шунал халдварладаг гэдэг шүү дээ.


Б.Жаргалан

1 comment:

САЙХАН САНАА said...

тэр хотыг би Сээгс ин дээ сити киногоор төсөөлдөг.. тэхээр нью иоркийн загварын долоон хоног эсхүүл... сээгсийн эрх чөлөө илүү их янз бүрийн бэлгийн чиг хандлагууд чөлөөтэй оршин тогтнодог гэдгээр нь мэдээд байгаам болуу.. заза бөөн сээгс худлаа биччихлээ.. чооорт гэж..