2008/08/19

Амьдрал сvvлийн єдрvvдэд


Сүүлийн хэд хоног шөнө дөл хүртэл дэмийрч, үнэ ханш харж, ном сонин эргүүлж, мартагдсан дуунуудаа сонсож, янзан бүрийн төлөвлөгөө хийж, далий зүйл мөрөөдөж суулаа. Сайхан л байлаа. Хааяадаа ингэж байхгүй бол нэг л мэдэхэд өдөр тутмын асуудалдаа хэт баригдаад, учраа мэдэхгүй жирийн нэгэн кноп дарагч болчих юм шиг санагдах юм. Нэг л мэдэхэд толгойд орж ирэх бодлууд “За байз, би маргааш тийм юм хийх ёстой, нөгөөдөр хүнтэй уулзана, зав гаргаад тийшээ орно” гэх мэтээр хязгаарлагдаж эхлэнэ. Үүнийг анзаарахгүй, өөрт ноогдсон ажлаа хийх төдий урдахаа хараад л яваад байвал сүүлдээ өөр зүйлийн талаар бодох ч сэхээгүй болох мэт...

“чи толгойгоо ажиллуулаач ээ”. Жоохон байхад ээж надаa байнга ингэж хэлдэг байж билээ. Хэлэх тоолонд нь би гайхаад л, сүүлдээ толгойгоо ажиллуулахгүй бол загнуулна, яана даа ухааны юм боддог болсон юмдаг. Ээжээс юм асуухаар, “Чи өөрөө толгойгоо ажиллуулаач ээ, битгий залхуур” гэж хэлнэ. Би ч хөөрхий аль болох “толгойгоо ажиллуулчих” санаатай л үзэж тараад байдаг байлаа. “Ээж заавал миний толгойг ажиллуулж яах гээд байгаа юм бэ, зүгээр байж л байна биз, хэцүү юм бэ” ч гэж бодно. Гэтэл одоо бодоход үүнээс илүү зөвлөгөө үгүй байж...

Толгойгоо байнга ажиллуулах хэцүү л дээ. Гаднаас ирж байгаа мэдээллийг тэр чигээр нь хүлээж аваад, өөрөө огт бодолгүй ажлаа автоматаар хийгээд баймаар санагдах үе зөндөө гарна. Гэхдээ заримдаа залхуураад, ном уншаад ойлгохгүй эсвэл ажил дарамттай болоод ирэхээр “Tолгойгоо ажиллуулаач ээ” гэж өөртөө хэлэхэд арай л өөр болдог юм. Сонин шүү, нөгөө асар дурамжхан хүлээж авдаг байсан үгээ өөрөө өөртөө хэлээд сууж байдаг... амьдралаа гэж.

Хамгийн чухал нь толгойгоо ажиллуулах... залхууралгүй толгойгоо ажиллуулах...

PS: сэтгэл хөдлөөд асар cheesy юм биччихлээ... Хэхэ

2008/08/07

Market news

Сүүлийн 1 сарын хугацаанд Дэлхийн зах зээл дээр алт, нефть бүтээгдэхүүний үнэ ханш өмнө байгаагүйгээр огцом өсөж 1 Barrel түүхий нефтийн үнэ 148 $-т хүрлээ. Үүнтэй холбоотойгоор Олон Улсын валютын зах зээл ч хөдөлгөөнд орсон сар болж өнгөрлөө. Хар алтанд хөрөнгө оруулагчид мөнгөө байршуулснаар евро долларын эсрэг чангарч EUR/USD ханш 1.6040 буюу 2008 он гарснаар хамгийн өндөр түвшиндээ хүрч дээд амжилтаа тогтоов. Долларын ханш ингэж унасан явдал нь алтны үнийг хөөрөгдөх гол шалтгаан боллоо. Ажиглагчдын үзэж байгаагаар нефть бүтээгдэхүүний үнэ огцом өсөх болсон шалтгааныг 2 үйл явдалтай холбон тайлбарлаж байна:

1. Ойрх дорнодод дэлхийн 3-р дайн болох тухай хүчтэй яригдсан нь хар алтны зохиомол эрэлтийг бий болгож үнийг хөөрөгдсөн явдал гэж үзсэн

2. Америкт нэгэн томоохон MUTUAL FUNDS хүнд байдалд орж дампуурлаа зарлах эсэх нь тодорхойгүй байснаас долларын ханш огцом унахад нөлөөлсөн гэж үзэх хүмүүс нэлээдгүй байна

Харин 8 сар гарснаар 1 Barrel түүхий нефтийн үнэ 118 $ болж буурлаа. Цаашид ч буурах хандлага ажиглагдаж байна. Үүнтэй холбоотойгоор алт, еврогийн үнэ ханш ч бууж эхэллээ. Нефть бүтээгдэхүүний үнэ буурах болсон шалтгааныг ажиглагчид тайлбарлахдаа:

1. Том Бушийн үед Америкт нэгэн томоохон нефтийн цооногийг нөөцөд авч ашиглахыг хориглосон шийдвэр гаргаж байсан аж. Саяхан бага Буш энэ шийдвэрийг конгресоороо цуцлуулж чадсан нь нефть бүтээгдэхүүний үнэ буурахад нөлөөллөө гэж үзэх хүмүүс их байна.

Damn, үлгэрийн юм шиг юу юугүй CNN царайлдаг байна шт... :) За хөөрхий ингээд намар болчихдог юм байжээ. Нэг хэсэг Bloomberg царайлж хий сандарч гүйсээр байгаад ядаргаанд орох шахав. Гэснээс Бээжингийн олимп болох гэж байгаатай холбоотой ч юм уу эсвэл амралт зугаалгын цаг нь болчихсон ч юмуу Азийн валютын зах зээл сүүлийн хагас сар зогсонги байдалд орчихлоо. Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжаа эхэлтэл үнэ ханшны өөрчлөлт гарна гэж найдалтгүй болжээ. Ямартай ч тоголдог залуустаа аз, ашиг хүсье гсн

2008/08/06

Нэгэн захидал


Сайн байна уу? би чамд захиа бичиж сууна, магадгүй чамд санаандгүй хүрэх энэ захидал надад бол оройтсон байж мэдэх юм. Бодлоосоо бодлоо нөхөж, шаналлаасаа шаналал хариулж чадахгүй болохоор би бичиж сууна.

Хэдийгээр энэ захидал чамд юу болон очихыг мэдэхгүй ч санах сэтгэлийн минь гүнд бөхөлгүйгээр гийх, уйтгар гуниг бялахсан жаргалаа би чамтай хуваалцмаар байна. Хүсэл минь хөг болон очиж, хайр болон уянгалах үгүйг би мэдэхгүй ч хүрэхгүй газрын алсад нэгэнт зочилсон бодлоо бичихгүй байж бас чадахгүй нь ээ.

Би чамд юу бичих гэсэн юм гэж үү, буцааж болохгүй цаг хугацааны нандин дурсамж болоод байгаа учирлыг гэж үү, үгүй ээ хундганд дүүрсэн жаргалыг бялхуулах байсан үгийг оройтсон ч гэсэн одоо чамд бичих гэсэн юм, сэтгэлдээ нууж явсан бүхнээ хүүрнэж, зүрхэнд минь ороод байгаа гунигийн бороог цэлмүүлэх гэсэн юм.

Шархалсан газрыг идгээж болдог ч, чамд дундуур үлдээсэн бүхнээ, уучлал гуйж нөхөхөд оройтсон байж мэдэх ч гэлээ, уян зөөлөн сэтгэл чинь амьдралыг минь тэтгэж чиний л хайраар дайлуулж явсан болохоор, эндүү ч гэсэн хамаагүй ээ, бичих гэсэн үгээ бичмээр байна, хайр халамж сэтгэлийн дэмээр чи намайг хэзээ ч дутааж байгаагүй, гэтэл би чадсан уу, үгүй ээ чадаагүй, яагаад би чадаагүй юм бэ, яагаад хайртай байсан шигээ үнэ цэнийг нь амтлуулж чадаагүй юм бэ, яагаад гэвэл би өөрийнхөө жаргалаар бусдын сайхан амьдралыг гишгэлж чадаагүй чи мэднэ, бид хоёрын жаргал өөр өөрийгөө ирж олдог байсан, гэвч оройтсон зуурдын байхаас хэтэрч болохооргүй жаргал байсан шүү дээ, гэтэл би чам шиг л залуутай учрахыг хүсдэг байсан, сэтгэл минь чамайг олж амьдрал минь гэрэл гэгээгээр дүүрч, буруу бүхэн өөрөө өмнө минь сөхөрч байсан.

Би яах ёстой байсан гэж, өгсөж яваа амьдралыг чинь өөрийнхөө жаргалын төлөө үгүй хийх байсан гэж үү, үгүй ээ би чадахгүй байсан, одоо ч чадахгүй, яагаад гэвэл би чамд л хайртай болохоор, хайртай гэдэг үгний үнэ цэнийг хийсвэр зүйлээр сэтгэлд чинь үлдээх хүсэл байгаагүй, тийм ч учраас энэ захидлаар би чамд хэлэх ёстой байсан тэр нандин үгийг хэлж бас яагаад хэлээгүйгээ чамд хүргэн уучлалт гуйх гэсэн юм, бас баярлалаа гэдэг бяцхан үгийг хэлмээргүй байна, бүх л амьдралын мөч болгонд минь дурсагдахаар сайхан хайрыг чи минь надад бэлгэлсэн шүү дээ, ганцхан чи тиймээ. Би чамд хайртай, дэндүү их хайртай болохоор чи минь үргэлж инээмсэглэн бусдад хайр бэлгэлж амьдрах ёстой. Тунгалаг өглөө шиг инээмсэглэл чинь жаргалынх байгаасай гэж би хүсэж байна.

Чи минь санаж байна уу? бид хоёрт санан дурсах олон сайхан мөчүүд цаг хугацааны бэрхийг умартан мартагдахааргүй үлдсэн. Сайхан амьдралыг цэлмэг тэнгэртэй зүйрлэн боддог бол би тэр мөчүүдийг зэрлэггүй алаглах цэцэгстэй зүйрлэнэ.

Одоо эргэн санах тусам чамайгаа хайрлаж, чамайгаа бас харамлах юм. Амьдрал хатуу байдаг ч гэлээ бас буруутган чичиж болохооргүй орон зайд хүргэж болдог юм байна. Хамаагүй ээ шаналал, баяр баясгалан, гуниг юу байсан ч хамаагүй, би чамд хайртай байсан даа хэзээ ч харамсахгүй, хайр хэмээх энэ дөрөвхөн үсэг хэн хэний минь сэтгэлд гандахааргүй цэцэг дэлбээлүүлсэн бол одоо түүнийгээ “найз” хэмээх дөрвөн үсэгт нандигнаж явъя, надад үүнээс илүүг хүсэх зүйл алга аа. Хайрт минь хамгийн сүүлчийн удаа энэ үгийг чамд хэлээд захидлаа өндөрлөе.

Хайр сэтгэл мөнхөд юм бол
Хайраа цаасаар дамжуулан бичиглэлээ
(М-ээс У-д)