2013/07/07

Хөөрхөн Халиун


“Хөөрхөн халиун ДОЛГИОН шүү
Хөлд нь сууж бариарай”
 
Ардын дуу цусанд минь, эсэнд минь байгаа юм болохоор, сонссон даруй нүх сүв бүгдээр минь нэвчин дотогшилж, бодол ухааныг минь тэтгэнэм... 

Энэ л мөрүүд төрөн гарсан тэр цаг үеийн монгол ахуй өнөөдөр алга гэхэд хилсдээд, гүжирдсэн болох биз... Цус минь мартаагүй, мартах ч үгүй олон, олон үнэт зүйлсийг бид мартаж, өнөөдөр ахуйд нь амьдрахгүй, ахуйг нь үгүй хийсний үрээр үгүйсгэж, үл тооно...

...Үргэмтгий, цочимтгой зантай халиун морь, Тэр нүд ам... чих толгой... гэж үгүй ээ мөн уран сайхан амьтан аа... Тиймдээ ч ХӨӨРХӨН ХАЛИУН хэмээн нэрийдсэн хэрэг дээ гэх бодол тархинд хөвөрнө... 

Бидний мартсан тэр олон, олон үнэт зүйлсийн нэг нь агт морины зан аашны тухай ойлголт, мэдлэг хомс болсныг дээрх хоёр мөрөнд буй "ДОЛГИОН" гэх үг гэрчилнэ.

Дууны үгийг цахим ертөнцөд шивж, эхийг нь бэлтгэсэн хотын, тэр дундаа адуу малаас баахан хөндий охид бүсгүйчүүд алдсан байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэнгээ үүнийг бичиглэж сууна.

“Долгион” гэвэл орчин цагийн монгол хэлнээ “усны мандал дээгүүр атриатан гарах давалгаа”, мөн “физикийн тодорхой орчинд үүссэн хөдөлгөөний эрчим хүчний хэлбэлзэл, тархалт” гэх утга зааж байна.

Хөөрхөн ч бай, муухай ч бай амьд амьтан физикийн ухааны үүднээс хөдөлгөөний эрчим хүчний тодорхой орчин мөн. Тиймээс “хөөрхөн халиун долгион шүү” гэчихэд болохгүй газар үгүй ч юм шиг санагдаж байж мэднэ.