2008/11/13

Обама дэлхийн найдвар


Америкчууд Обамаг сонгосны дараа дэлхийн биржүүдийн индекс огцом өсч, дэлхийн зах зээл өндийж эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн тодорхой болсны дараа Америкийн хөрөнгийн зах зээл огцом өссөн бөгөөд үүнийг даган Азийн зах зээлийн индексүүд ч хаданд гарлаа. Азийн хамгийн том зах зээл болох Японы “Nikkei”-н индекс 4.5 хувиар дээшилж 9.521-д хүрчээ. Түүнчлэн Өмнөд Солонгосын “Kospi”-гийн индекс 3.2 хувиар өсч 1.190-д хүрсэн бөгөөд Сингапур, Австрали, Шанхай, Шинэ Зеландын биржийн индексүүд ч их хэмжээгээр өссөн. Америкийн “Wallstreet”-ийн биржийн өсөлтөөс шалтгаалан хөрөнгө оруулагчдын итгэл ч бага зэрэг сэргэх хандлагатай байна. Дэлхий нийтийн хөрөнгө оруулагчид АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд Барак Обамагийн ялалт хөрөнгө оруулагчдад томоохон боломжийг олгох аж. Учир нь Барак Обама бол Америкийн эдийн засгийг сэргээх оновчтой бодлогыг боловсруулж чадах хүн гэж хөрөнгө оруулагчид үзэж байна. Хонконгийн эдийн засгийн мэргэжилтэн Алекс Танг “Энэ жилийн эцэс гэхэд хөрөнгө оруулагчдын итгэлцэл онцгой сайжирна. Хөрөнгө оруулагчид Обамаг онцгой чадвартай хүн гэж үзэн ихээхэн найдлага тавьж байна” гэжээ. Нью-Йоркийн “Dow Jones”-ийн индекс 3.28 хувь буюу 305.45 функтаар өсч 9.625-д хүрсэн. Харин “Standard & Poor’s 500″-гийн индекс 4.08 хувь буюу 39.45 функтаар өсч 1.005-д хүрсэн нь сүүлийн үед байгаагүй өндөр үзүүлэлт боллоо. Европын зарим биржийн индексийн өсөлтийг танилцуулбал Их Британийн “FTSE 100″-ийнх 4.4 хувиар өсч 4.639-д, Германы “DAX”-ийнх таван хувиар өсч 5.278-д, Францын “САС-40″-ийн индекс 4.6 хувиар нэмэгдэж 3.691-д тус тус хүрлээ. Ингээд та бүхэнд дэлхий нийтийн хэрэглээний гол бүтээгдэхүүн болох Нефтийн үнийн талаарх мэдээллийг хүргэе. Дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ 70 ам.доллар байсан бол лхагва гаригт 0.81 центээр доошилж 69.72 ам.доллар болжээ. Цаашид дэлхийн зах зээл өссөөр байх бололтой.

No comments: