2008/02/05

Жингvйдэл /монолог/


Оршил буюу орхиж ч болох хэдэн үг

Цаг хугацаа хийгээд орон зай хайрыг шалгах жинхэнэ шалгуур болж чадна. Эдгээр нь яг л салхи мэт; өчүүхэн дурлалыг бол ганц үлээлтээр унтраах хүчтэй ч жинхэнэ хайрын дэргэд хүчин мөхөс. Хэдий хүчтэй үлээвч хайрын түүдгийг улам л дүрэлзүүлэхээс цаашгүй.

Ингэхэд дурлал, хайр гэж яг юу юм бэ? Ямар үг яг тохирч, түүнийг юугаар орлуулж болох вэ? Надад энэ бүхнийг бодож олоход, ойлгож ухаарахад хангалттай биш ч гэсэн тодорхой цаг хугацаа, орон зайг Эрот илгээсэн юм шиг байгаам. /хайрын охин тэнгэр Афродита бурханы хүү, бяцхан "далавчит" жаалхүү/ Ингээд тэр цаг хугацааг туулсны дараа би тэр үгийг өөрийнхөөрөө нэрлэсэн нь ЖИНГҮЙДЭЛ. Эцэст нь тэр цаг хугацаа орон зайг хэрхэн туулсан хийгээд тэр бүхнийг өөртэйгөө хэрхэн хүүрнэснээ та бүхний өмнө дэлгэж байна.

Үлгэр энд төгсөж үнэн түүх эндээс эхэлж байна...

Хэцүү л байна. Нэг л зүйлийг би өөрөөсөө нэхээд л, нэхээд л. Нэг хэсэг тэр нэхээд байсан зүйлийг минь өгөөд л байдаг. Аваад л байгаа хэрнээ улам ихийг нэхээд л. Сэтгэл гэдэг ёроолгүй эрхтнийг яалтай ч билээ. Ханашгүй. Дуусашгүй. Сайхан байсаан.
Гэтэл одоо нэг л их гиюүрч ганцаардсан амьтан. Гэрт ч тэр, гудамжинд ч тэр. Орь ганцаар байсан ч адил, олны дунд байсан ч адилхан. Ямар ч ялгаагүй. Сүүлдээ би өөрийнгөө өвчин туссан гэж бодох болсон. ЭМЧИЛГЭЭГҮЙ! Энэ өвчнийг лав анагаах ухаан дийлэлгүй орхисон; судлахаа больсон.

Үүнийг судалдаг шинжлэх ухаан гэж одоохондоо байхгүй биз. Гэхдээ энэ өвчнийг эмчилж чадах нэг "эм", тодруулбал, нэг хүн бий. Тэр хүн л намайг анх энэ өвчнөөр өвчлүүлсэн юм. Тэр өөрөө ч бас өвдсөн болов уу гэж найдаж байгаа. Би энэ өвчиндөө бүр нэр бодож олсон. ЖИНГҮЙДЭЛ гэж. Би жингүйдэл дунд амьдарч байна.

Хүмүүс ажил руугаа, гэрлүүгээ, сургууль руугаа, дэлгүүр лүү алхаад л гүйгээд л амьдарцгаагаад л. Гэхдээ жингүйдэл дунд биш. Тэд намайг бодвол эрүүл саруул хүмүүс гэхүү дээ. Харин би тэднээс аль хэдийн тасарчихаж. Магадгүй амьдралаас тасарчихаж. Урьд нь тэдний хийж байгаа бүхэн утга учиртай санагддагсан. Харин одоо ямар ч утга учиргүй цонхны цаана гүйлдээд л байх шиг. Эсвэл бүр эсрэгээр: Тэд амьдралаас тасарсан, хэнд ч хэрэггүй зүйл хийгээд хэвшчихсэн. Харин би жинхэнэ ёсоор амьдарч байж ч болох юм. Хэн ч мэдэхгүй. Би жингүйдэж эхлээд бараг 1 жил болох гэж байна.

Яагаад гэж үү?

Ямар нэг хүчнээс болоод л тэр.

Гэхдээ тэр нь ганцхан надад үйлчилдэг, тэнгэрийн татах хүч ч юм уу газрын түлхэх хүч мэдээж биш. Сэтгэлийн минь орон зайд байгаа тэр л хүч намайг 1 жил жингүйдлийн байдалд барьж байна. Тэр орон зайг юугаар ч нөхөж чадахгүй гэдгийн би саяхнаас олж мэдсэн. Эцэг эх ч тэр, эд хөрөнгө ч тэр. Анд нөхөд, амттан шимттэн, архи дарс аль алинаар нь нөхөж орлуулж, ядахнаа мартуулж ч чадахгүй. Сэтгэл гэхээр хүмүүс хий хоосон, хийсвэр зүйлийг ургуулан боддог. Хий хоосон зүйлийг амлахдаа ч сэтгэл гэдэг үгийг ашигладаг. Тэгвэл энэ ХҮЧ лав л хий хоосон зүйл биш. Ер нь ХҮЧ гэхээ ч болъё. Тэр чинь өөрийн гэсэн нэртэй. Нэр нь Одончимэг.


Тэр минь нэг зүрхтэй. Тэр нь миний зүрх. Өөрийнх нь зүрх энд, надад, цээжин дотор минь байгаа. Мэдээж хүн зүрхгүйгээр амьд оршиж чадахгүй л дээ. Гэхдээ би түүнийхээ зүрхээр амьд оршиж, түүний хайраар бусдыг хайрлаж байгаа болохоор жинхэнэ АМЬД ОРШИГЧ гэж өөрийгөө хэлнэ. Магадгүй үүнээс болоод л би жингүйдэж байж ч мэднэ. Цээжиндээ байсан хүндрүүлэгчийг аваад өөр хүнд өгчихсөн болохоор.

Хүн хэзээ өөрийгөө хайрлахаа больдогийг чи мэдэх үү? Чамайг өөрөөс чинь илүү хайрлах тийм хүнийг олсон хойноо. Тэр цагт өөрийгөө биш түүнийг хайрлаж эхэлдгийм даа.

Түүнтэй хамт 10 сар амьдарсан энэ гэр. Түүнтэй олон шөнийг жаргал дунд өнгөрөөсөн энэ ор. Түүний минь сонгосон цагаан хэрэглэл. Түүнтэй хамт ордог байсан цайны газар. Бидний ширээ. Түүнтэй хөтлөлцөөд алхдаг байсан тэр зам. Хамтдаа суудаг байсан саравч. Түүний дуртай зайрмаг. Түүнтэй хамт 10 сар уруудаж өгссөн тэр шат. Хамтдаа тоолоод л мацдаг байж билээ. Яг 60 гишгүүр. Түүний хоол хийдэг байсан тогоо. Хоол хийж байхад нь би нуруунд нь наалдчихаад л хүзүүг нь үнсээд зогсож байдагсан. Түүнтэй хамт ордог байсан шүршүүр. Бие биенийхээ нурууг угаагаад л. Түүнтэйгээ хэвтчихээд үздэг байсан энэ зурагт. Түүнтэйгээ сонсдог байсан энэ хөгжим. Би одоо хоёуланг нь хэрэглэхээ больсон. Түүний бүтэн өдөржин сууж зурсан ханан дээрх энэ зураг. "ТӨЛӨВЛӨГӨӨ" гэдэг нэртэй. Би, бас тэр, голд нь бид хоёрын гараас хөтлөсөн биелэж амжаагүй бидний бяцхан "төлөвлөгөө". Валентины баяраар хамт явж авсан аквариум, хос мефирь. Түүнгүйгээр бүгд дурсамж. Өөр юу ч биш. Намайг зовоохоос цаашгүй. Бүгд л надаас түүнийг асуугаад, түүнийг нэхээд байгаа юм шиг. Ер нь тэр "САНАХЫН ЖАРГАЛ" гэдэг үг ч гэсэн шал худлаа, хэн ч харсан би жаргаж байгаа хүн шиг харагдахгүй л байгаа биз дээ. Түүний углааш, түүний аяга, түүний дэр, түүний шүдний сойз. Түүнийг явснаас хойш бүгд л өнчирсөн. Яг л над шиг. Дэрнийх нь хажуу талд жижигхэн уранхай. Намайг цохиж байгаад өөрөө урчихаж билээ. Дэрэнд түүний үнэр шингэчихэж. Дэрэнд тэр үнэрээ орхиод явжээ. Харин надад хоёр зүйлээ орхисон. Зураг, зүрх. Зургийг нь жаазлаад ханандаа өлгөчихсөн, төлөвлөгөө биелтэл тэндээ байж байг. Харин зүрх нь одоо ч гэсэн цээжин дотор минь цохилоод л байна. Харин миний зүрх хаана яваа бол? Хэдий хол далайн цаана харь газар байгаа ч түүнийгээ би мэдэрдэг. Уг нь ойрхон байвал цээжинд минь байгаа түүний зүрх хүчтэй цохилдог юм. Харин одоо нэг л сулхан.

Одоо би: би биш, хэн нэгэн болж дээ. Түүнгүйгээр би өөрөөрөө байж чадахгүй гэдгээ мэдсэн. Хийх дуртай зүйл гэж надад байхаа больсон. Зайрмаг идэх дургүй болсон, нэг л амтгүй. Гадуур гарахаа ч больсон. Ганцаардахаас айдаг болсон. Түүнийг унтсан хойно бичдэг байсан зохиолоо дуусгалгүй орхисон. Хамгийн сүүлд хэзээ инээснээ ч санахгүй байна. Гэртээ байсан бүх цагаа гаргаад хаячихсан. Одоо намайг тойроод ямар ч цаг хугацаагүй, дурсамжаар дүүрсэн, энэ жингүйдлийн орон зай. Хэргийн гол эзэн ирэх болоогүй ээ. Хамгийн багаар бодоход дахиад 18 сар. ХҮЛЭЭЛТ. Би түүнийг үзэн ядаж байна. Ядаж байна. Ядаж байна. Арван найман сар. Энэ чинь бидний хамтдаа байсан жаргалаас ч урт хугацаа. Урт зовлон. Жаргалаасаа их зовлон.

Энэ юун чимээ вэ? Хаанаас гараад байна. Ойрдоо ямар ч чимээ сонсоогүй энэ чих бүр өвдөж орхилоо.
Энэ чимээ...
Мөн байна...
Тэр минь...
Зүрх минь...
Утас, утас хаана байна. Тэр залгаж байна.

Төгсгөлийг нь та бүхэнд үлдээе.

4 comments:

Och Oyuntugs said...

Миний "Согтуурал" архагшихаараа "Жингүйдэл" болдын байшд. кэцүү кэцүү

Anonymous said...

Nadtai adilhan jinguidej baigaa hun bgaal yum bna.Yalgaa ni minii jinguideliig uusgegch huch nadad irehgui ni l bololtoi. Tiim bolohoor bi jinguidehee udahgui bolino gej itgej l suuna. Huniig jinguiduulj orhichihood yu ch bolooguim shig yavchihsan huniig bi uzen yadaj baina gej helj chadahgui l baina. Tsag hugatsaa l ene hooson jinguidelees mini gargaj ene ih ovdood baigaa setgelyg mini emchleh bolov u gej naidah yum da. Minii sharh l lav gun bololtoi tsag hugatsaa erdoo ch ongorooguim shig l sanagdah yum.

Different Theory said...

Хэй Заяа, Thx a lot. Уншсан чинь юу юугvй л жингvйдэж байна шт гсн. Keke. Сайн бичлэг болжээ. Ондоо гоё монологуудаасаа бичнэ гэж найдаж байгаа шvv. Чиний энэ гого монологт зориулаад дараах дууг Bоnus болгон хавсаргаж байна.
Болд - Яагаад гэдгийг хэлээч

Б.Батзаяа said...

Bonus таалагдлаа баярлалаа.
Одоо арай өөр гуниг ханхалсан жингүйдлийн тухай монолог дуншиж эхлээд байгаа.

Зуун намрын гуниг харуусал болсон
Зургаан шөнийн дурлал минь чи хаа байна
Архи тамхины ширээнээс гуниг үүрээд өндийхөд
Алхаад л чи өмнөөс минь ирдэг бол сайхаан /уртаар санаа алдсан/