2008/02/13

Хайр дурлал мандтугай


Хайр сэтгэл бүгдийг ялна...
Яруу найрагч Сюлли Прюда

Хайр сэтгэл гээч нь хүмүүний амьдралд хамгийн гэрэл гэгээтэй дурсамжийг үлдээдэгч, уйтгар гунигт бодлуудыг ч шигтгэж үлдээх нь бий. Яг л зоосны хоёр тал шиг... Гэлээ ч хайр өөрөө тэнгэрлэг гэрэл гэгээт чанартай учир азтай ч бай азгүй ч бай хүмүүс бидэнд нэгийг бодуулж амьдралыг таниулж байдаг.

Бүтэлгүй хайр дурлалаас болж зарим нэг хүн архинд орж амьдралаа алдаж байхад зарим сэтгэлийн тэнхээ муутай нь амиа хорлодог. Хайраас болж дайн дэгдэж улс гүрэн бөхөж дэлхийн түүх эргэж байсан түүх ч зөндөө байдаг.

Хайр сэтгэл бол маш их хүч юм. Хайр дурлалын хүч чадлын өмнө сайн хүн ч муу хүн болон хувирч муу хүн ч сайн хүн болж хувирдаг. Бас хичнээн муу хүн байлаа ч хайртай хүндээ хамаг сайн сайханаа зориулж чаддаг. Тийм дээ хайраас хүн уйддаггүй улам л шуналтан тэмүүлдэг. Хайр дурлалын гуниг зовлон нь ч, баяр хөөр аз жаргал нь ч амттай байдаг. Хайр бүхэн хэдийгээр аз жаргалтай төгсдөггүй ч сэтгэлийн агуу хүчийг мэдрүүлж хэзээ ч мартамгүй цаг мөчийг бэлэглэдэг тийм сайхан мэдрэмж юм.

“Цаг хугацааны машин“ кинон дээр залуу нь гэрлэх санал тавиад бөгж бэлэглэх тэр агшинд дээрэмчний гарт эмэгтэй нь амиа алддаг. Харин уй гашуунд дарагдсан залуу тэр цаг мөчийг өөрчилөхөөр цаг хугацааны машин бүтээж байгаа тухай гардаг... Хэдийгээр кино боловч амьдрал хайр дурлалаас үүдэлтэй олон сайхан бүтээл байдагыг мартаж боломгүй юм.

Би ч арван хэдэн насандаа анх дурлаж үзээд хувцасаа цэвэрхэн өмсөөд л хичээлдээ шамдаад л шүлэг зохиогоод л бүүр тэр охиндоо таалагдах гэж оросоор шүлэг бичих гэж оролдож байсан. Магадгүй энэ кино нь дээр гардаг шиг эмгэнэлт түүх тэр үед надад таарсан бол цаг хугацааны машин бүтээхээр суух байсан байх гэж би хааяа боддог юм.

Одоо ч гунигт хайрын түүхийг өгүүлсэн Их Моголын эзэнт гүрний хаан Шах Жаханы хайртай эхнэр Мумтаз Махал нь нас нөгчихөд дурсгалд нь зориулж бүтээсэн Мөнх хайрын билэг тэмдэг Таж Махал гоо сайханаа гайхуулан сүндэрлэсээр байна. Гэвч уй гашуунд дарагдсан Жахан хаан энэ бунханг бариулах гэж улсын сан хөмрөгөө хоосолж түүнээс болоод Их Могол улсын сүйрэлийн эхлэл тавигдсан гэж зарим судлаач нар үздэг юм билээ. (Хайр дурлал бол нэг талаасаа солирол юм.)

Гэвч хайр дурлал нөгөө талаасаа гэрэл гэгээт таашаал аз жаргал юм. Ямартаа ч хүний амьдралын хамгийн сайхан цаг мөчүүд хайр дурлалтай учирсан үед нь тохиож хайр дурлал нь амжилт аз жаргал эд хөрөнгө бэлэглэсэн түүх домогууд их байдаг. Энэ тухай би цаг зав гарган уншиж судлахад хайр сэтгэлдээ шатсан үедээ бүтээж туурвисан дэлхийн сор болсон яруу найраг дуу уран зураг гээд урлагын бүтээлүүд шинжлэх ухааны сор болсон нээлтүүд маш их байдаг юм байна лээ. Хүн төрөлхтөний түүх гэж бараг хайр дурлалын түүх юм шиг бодол төрсөн. (Хүний дотоод ертөнцийг нээж өгч амьдралтай биднийг улам ойртуулдаг хайр бол бидний бурханлиг чанар юм)

Хэрвээ агуу Напелон дээдсийн үдэшлэг дээр Жозефина дэ Богарнег харж ухаангүй дурлаагүй бол дэлхийн түүх өөрөөр эргэж Напелон жирийн нэг генерал хэвээр үлдэх байлаа. Тэд хэдийгээр салсан ч Напелон үхэн үхтэлээ Жозефинад хайртай байж тэр миний азын од байж гэж үглэдэг байсан гэнэлээ. Жозефинагаасаа салсныхаа дараа Ватерлоогын тулаанд анхны ялагдлаа хүлээж “Агуу хүнээс эгэл жирийн инээдэмтэй хүн болоход ганц алхам хүрэлцэнэ“ гэсэн алдарт үгээ хэлсэн байдаг Хайр дурлал нь түүнд агуу их нэр ялалтуудыг бэлэглээд буцаагаад авчихсан юм.

Алдарт зураач Модильяна яруу найрагч Бэатрис Гастингсд анхны харцаар дурлаагүй бол уран зурагын ертөнц нэг өнгөөр дутуу байх байлаа. Хайр сэтгэл нь түүнд онгод болж тэр үед л тэр цуут зурагуудаа зурсан юм.

Дэлхийн цорын ганц амьддаа алдар нэр эд хөрөнгө хурааж чадсан суут зураач Сальвадор Дали Орос бүсгүй Галатай учираагүй мөн Гала түүнд: “Залуу минь бид дахиж салж хагацахгүй чамайг суут хүн гэдгийг чинь дэлхийд би харуулна гэж амлаагүй бол сюрреалзм гэдэг урсгал төрөхгүй байлаа. Дали эгэл нэгэн өлмүүн зэлмүүн зураач болж үлдэх байсан. Хайр сэтгэл нь түүнд бүгдийг бэлэглэжээ.

Домогт найрагч Сергей Есенин, Айсдора Дункан хоёр учираагүй бол Есениний хайрын шүлгүүд төрөхгүй дэлхий түүнийг мэдэхгүй өнгөрөх байлаа.

Антон Чехов хайрт Ольготойгоо учираагүй бол түүний зохиол төрөхгүй “Гоо сайхан ертөнцийг аварна" гэдэг үгийг хүмүүс хэзээ ч сонсохгүй.

Мөн Пьер Кюри, Мари Кюри нар дурлалцаж гэрлээгүй бол Нобелын хоёр шагналтан байхгүй байж цацраг идэвх бодис, Радиум хоёрын элемент төрөхгүй байсан.

Агуу их Эйнштэн, Милева Маричтай гэрлээгүй бол харьцангүй онолыг хүн төрөлхтөн одоо ч нээж чадаагүй байж мэднэ. Хайр сэтгэл нь түүнд харьшгүй их оюуны хүч бэлэглэсэн юм.

Чингис хаан Мэргидэд булаалгасан Бөртэгээ эргүүлэн олж ирэхээр Тоорил вантай уулзаж дайнд мордоогүй бол хайр сэтгэлийнхээ төлөө тэмцээгүй бол их хаан жирийн нэг адуучинаараа насаа үдэж Монгол орон гэж байхгүй байсан байх бас бидний мэдэх дэлхий өөр байх байсан ч юм билүү? Тэмүүжин Бөртэ хоёрын хайр Агуу Их Монгол улсыг байгуулж дэлхийг өөрчилж чадсан юм.

Энэ мэтчилэн хайр дурлалын хүч хорвоог өөрчилж эгэл жирийн хүнийг агуу цуутан болгож чаддагт хайр дурлалыг бахдан биширэхээс өөр яах билээ. Харамсалтай одоо энэ цаг үед хүмүүс хайр дурлалыг мөнгө, баталгаат амьдралаар сольдог болжээ. Мөнгө чухал хэрэгтэй зүйл боловч амьдралын баялаг биш юм. Амьдралын баялаг бол оюун ухаан, сайхан сэтгэл, хүнийг хайрлах хайр юм. Эд бүгдийн ачаар бид амьдралыг хайрлаж сэтгэл хангалуун амьдарч чаддаг. Мөнгөнөөс үүдэлтэй гэрлэлт бидэнд насан туршидын амар амгалан амьдралыг бэлэглэж чадах болов уу?

Миний хувьд залуус охид маань өнгө мөнгөний хорвоод бууж өгөлгүй хайрын чөлөөт нисэлтээр нисэж амьдраасай гэж хүсдэг. Магадгүй дэлхий өмнө нь бөхийх ч цаг ирэх юм билүү.

Эцэст нь нэг үг... Хайр дурлал мандтугай!!!
Сайхан хайр гэж байдаг юм шүү...

No comments: