2008/04/30

ЦАГААН БОРОО


Бороо шивэрнэ... Бороо шаагина... Богинохон даашинзны оготор хормойг салхи үлээж дэггүйтнэ. Нүцгэн шилбэ норно... Нүдэнд оч асах шиг, зүрхэнд гал цахилах шиг чамайг санана... Бороонд норсон уруулыг минь салхи л эгшээнэ...

Бал эрсэн зөгий шиг, балга дарсанд шунах хүсэл шиг... шүлэнгэтсэн харц, хуурамч уруул... ичихээ мэддэггүй гар... Ийм зэвүүн төрхнөөс би зугатсаар ирсэн. "Энд" ирсэн... "Энд" бороотой... Борооны нутаг "энд" чи суудаг. Бусдаас огт өөр, хүүхэд шиг л гэнэн ааштай... Бас доогтой харц, ёж үгтэй... Бүхнээс хүйтэн санагдах чамайг үзэн ядмаар ч, үзэн ядах тусам зүрх улам хүчтэй цохилж... Бүхнээс хорсом санагдах чамайг мартмаар ч, тархи зүрхтэй мэт лугшиж... Гэвч, энэ бороотой үдшээр дуусгавар болгож би чамайг өөрөөсөө "үдэх"-ээр шийдлээ.

Бороо шивэрнэ... Нүдээ анилаа. Бороон дуслууд уруулд ойртоно... Бороон дуслын чимээ сонсдоно. Бороо биш, чиний амьсгал байгаасай... Бодно, хүснэ.

Бороо шаагина... Бүх биеийг минь шалба норгохоор айсуй... Аанай л, нүдээ анилаа. Шаагих чимээ улам тодорно... Шаналгам, хачин хүсэл ээрнэ... Бороо биш, чиний тэврэлт байгаасай... Үс илбэх энэ зөөлөн салхины урсгал... Нүдээ бүр тас анилаа... Чиний гар үсэнд минь зөөлөн хүрэх шиг... Би нүдээ нээхгүй ээ, бороо зогстол... ( Үгүй ээ, чамайг явтал...)

Яг одоо чамайг мэдрэх шиг уйтай агаад гашуун байна... Уянгатай атлаа нулимстай байна... Бороо шивэрнэ... Бороо шаагина... Ахиад л шивэрнэ... Бүр алсаас цайран цайрсаар, цээжинд зүсэрч ирсэн энэ цагаан бороо... Бүжин зүрхний минь гүн рүү гижиг хүргэн цутгасан энэ цагаан бороо... Аньсан нүдэнд минь алслан алслан цайрсаар одов оо...
Нүдээ нээе дээ. Одоо тэр борооны чимээ зүрхэнд минь үлдсэн.

2006 он

4 comments:

Anonymous said...

Сайн уу, Different Theory. Өөрийн хайртай нэг бичлэгээ энд аргамжчихлаа

Different Theory said...

Welcome Арима! бичлэгийг чинь аргамжиж авлаа гэсэн :) Хайрыг, хайртыг бороогоор дvрсэлсэн нь vнэхээр сэтгэгдэл төрvvллээ. Надад шинэлэг бас их содон санагдлаа. Thx Арима

Tuya said...

Надад борооны нутагт суудаг ичэхээ мэддэггvй тэр гар л тааллагддагаа гэжvv... Хэхэ. Би бодно, хvснэ

Anonymous said...

Баярлалаа, үе үе ирж зарим нэг бичлэг юугаа аргамжиж байнаа дашрамд хэлэхэд блог чинь их таалагддаг шүү