2008/12/15

Цуврал VIII - Хэмнэлт буюу єєртєє тєлбєр хийх нь

Мөнгө үрдэг ч, мөнгө хэмнэдэг ч хүн бол хамгийн сэтгэл хангалуун хүн бөгөөд тэр хоёуланг нь
баяр хөөртэй хийдэг.
Самуэл Жонсон.


Нэгэн өдөр ядуу тариачин саравчиндаа орж галууныхаа үүрнээс алтан өндөг олжээ. Тэр учрыг олохын тулд өндгөө авч алт мөнгөний дархан дээр очиход, дархан өндгийг хольцоогүй шижир алт болохыг хэлжээ. Ингээд тариачин өндгөө зарж их мөнгө олоод гэртээ харив. Тариачин тэр оройдоо том баяр наадам хийж маргааш нь үүрийн гэгээнээр гэр бүлээрээ босч галуу нь дахин өндөглөсөн эсэхийг үзэхээр очив гэнэ. Гэтэл үнэхээр үүрэнд нь дахин нэг алтан өндөг байх нь тэр. Үүнээс хойш тариачин өглөө бүр нэг алтан өндөг авч, түүнийгээ зарсаар их баяжиж гэнэ. Гэвч тариачин их шуналтай хүн байсан тул удалгүй яагаад галуу нь ганцхан л өндөг гаргаж байгаа юм болоо гэж бодох болжээ. Ер нь энэ амьтан яаж алтан өндөг гаргаад байгааг мэдэж аваад өөрөө сагс сагсаар нь алтан өндөг хийхийг хүсч, саравч руугаа гүйн орж өнөөх галуугаа хутгаар хоёр хуваачихжээ. Гэтэл тэр дөнгөж үүсч байгаа өндөгтэй төстэй зүйлээс өөр юу ч олж үзсэнгүй.

Энэ үлгэрийн сургамж нь “Галуугаа битгий ал!” гэсэн санаа юм. Ихэнх хүмүүс үүнтэй төстэй зүйл хийдэггүй гэж үү? Галуу гэдэг нь капитал бөгөөд капиталын хүү нь түүний өндөг юм. Ихэнх хүмүүс бүх мөнгөө үрдэг ба ингэснээр тэд галуугаа хэзээ ч өсгөж чаддаггүй. Тэд алтан өндөг өгч болох байсан галуугаа өсч том болоогүй байхад нь алдаг.Та өөртөө галуутай буюу мөнгөний машинтай болоогүй байхад хичнээн их орлоготой байсан ч хамаагүй та өөрөө мөнгөний машин байсаар байх болно. Олж байгаагаасаа бага үрэх нь танд тийм сүйдтэй сонсогдохгүй байгаа бол хэмнэх нь танд зугаатай мөн утга учиртай гэдгийг ойлгоно.

Хүмүүсийн мөнгөө хэмнэдэггүй шалтгаан ба хэмнэх шалтгаан

1. Би одоо хэмнээд байх шаардлагагүй, тийм их мөнгийг хожим хэзээ ч олж чадна.
- Орлогоороо биш хэмнэснээрээ баян болно!2. Би өнөөдрөөрөө амьдарч сэтгэхийг хүсдэг ба хэмнэх нь хэцүү төдийгүй бүхнийг хязгаарлахад хүргэнэ.
- Хэмнэх нь зугаатай бөгөөд энгийн!


3. Би хэмнэхийг чухал гэж үздэггүй, түүнээс гадна энэ үзэл бодлоо өөрчилж чадна гэж бодохгүй байна.
- Та хэмнэх талаар өөрйин үзэл бодол, сэтгэлгээг хэзээ ч өөрчилж болно!


4. Ингэх нь ямар ч нэмэргүй. (хадгаламжийн бага хүү, мөнгөний ханш уналт)- Хэмнэх нь таныг саятан болгоно. Та ямар ч төвөггүй 12 хувийн ашиг бүр түүнээс ч илүүг хүртэж болно. Үүнд бүр инфляци ч таныг дэмжинэ.
Орлогоороо биш хэмнэснээрээ баян болно.

Мөнгийг хуримтлуулж чадсан үед л баялаг бий болно. Би сард 50 000 $-оос илүү орлоготой олон зуун хүн мэднэ. Гэвч тэдэнд өрнөөс өөр юу ч байдаггүй. Яагаад орлого нь тэдний санхүүгийн байдлыг өөрчилсөнгүй вэ? Учир нь орлого нь нэмэгдсэн боловч хэрэглэх хувь болон тэд өөрсдөө хэвээр үлджээ.

Хэрэв та өнөөдөр мөнгөтэй сайн харьцаж чадахгүй байгаа бол хожим орлого тань өсөх үед бүр ч чадахгүй. Ийм хандлага таны орлого нэмэгдэхийн хирээр улам хүчтэй болно. Та өөрийн зайлшгүй зардлыг өөрийн хүсэлтэй эндүүрч болохгүй. Бидний зайлшгүй гэж нэрлээд байгаа тэр зүйл маань бидний орлогын хэмжээнд тулж байж л зогсдог.

Шаарлагагүй мөнгө үрэхийг зөвтгөдөг хамгийн тэнэг шалтгаан бол: “Надад хэрэгтэй байгаа учраас би авах ёстой” гэсэн сэтгэлээ юм. Үнэн хэрэгтээ бидний хэрэгцээ өчүүхэн бөгөөд, гагцхүү бид өөрсдийгөө л зөвтгөхийг тулд ийнхүү надад хэрэгтэй гэж баталдаг.

Хэмнэх нь зугаатай бас хялбар.
Хэрэв та амьдарлыг бүрэн амтлахыг хүсч байгаа бол хэмнэх ёстой. Гэхдээ урд нь олон удаа оролдож бүтэлгүй төгсөж байсан тэр аргаараа хийж болохгүй. Хамгийн түрүүнд өөртөө төлбөр хий. Сар бүрийн эхэнд орлогынхоо 10%ийг тусгай дансанд оруулж бай.

Ингээд галууны дансаа нээлээ. Галууны дансандаа жирийн данснаас илүү урт хугацаатай хадгаламжийн гэрээ байгуул. Сар бүрийн эхэнд таны цалингаас 10%-тай тэнцэх мөнгө галууны дансанд автоматаар шилждэг болго. Энэ тусгай дансан дахь мөнгөнд хэзээ ч битгий гар дүр. Галууны дансан дахь мөнгөнөөс та хөрөнгө оруулах үндсэн зарчмын дагуу (бид дараагийн цувралаараа хүргэх болно) хөрөнгө оруулалт хийгээрэй. Галууны мөнгө өсөхийн хирээр таны амьдрал улам зугаатай болж санхүүгийн аюулгүй байдал тань нэмэгдэнэ.

Галууны данс бол таны сахилга батыг дээшлүүлэх энгийн бөгөөд ухаалаг арга юм. Та мөнгөнийхөө өнөөдрийн үнэ цэнийг харвал удахгүй хадгаламжиндаа гар хүрч, улмаар дуусгах болно. Харин 10, 15 эсвэл 20 жилийн дараа уг мөнгө хэд болохыг хар. Та өнөөдөр цалингийнхаа 90 хувьтай байсан ч 100 хувьтай байсан ч ялгаагүй хүнд, хялбар гэлтгүйгээр амьдралаа болгосоор байх болно.

Гэхдээ хитэрхий их мөнгө илүүчлэх гэж оролдсон хадгаламжийн төлөвлөгөө удалгүй нурдаг. Эсвэл ихэнх хүмүүс сарын эцэст илүү гарсан мөнгөө хадгалах гэж оролддог. Гэвч энэ нь бараг илүү гардаггүй тул та хойшид өөртөө хийх төлбөрийг хамгийн түрүүнд сар бүрийн эхэнд гүйцэтгэж байгаарай. Хэрэв цалин чинь нэмэгдсэн бол цалингийнхаа нэмэгдэл бүрийн 50%ийг галууны дансандаа шилжүүлж бай. Ингэснээр цалин нэмэгдэх бүрт таны галуу өсөлтийн түлхэц авна. Та тухайн цалингийнхаа нэмэгдэлд дасаагүй байх учраас эдгээр 50% нь танд ямар ч төвөг болохгүй. Энэ нь хэцүү мэт санагдаж байсан ч хэмнэ. Хэмнэхгүй байх нь хэмнэхээс илүү зовлонг бий болгоно.

Мөн та өөрийн хүүхдүүдээ ч хэмнэх сэтгэлгээнд сургаарай.

Хүүхдээ анхны халаасны мөнгө өгсөн өдрөөс л хэмнэж сургах хэрэгтэй ба ер нь хүүхдэд аль болох эртнээс “Өөрөө төлбөр хийх” зарчмын үзэл санааг таниулах нь чухал. Миний нэгэн танил найман настай охиндоо халаасны мөнгө өгч эхлэхээр шийдэж, түүнийг машиндаа суулгаад 10 $ өгөөд өөрийн амьдарч байсан хотын захын хамгийн ядуу хэсэгт очоод ийн тайлбарлажээ. “Чи ийм газар амьдрахыг хүсч байна уу, эсвэл хувийн байшинд найрсаг хөршүүдийн дунд амьдармаар байна уу? Чи дахиад 10-15 жил ээж аавтайгаа хамт амьдрах болно. Харин дараа нь өөрөө тусдаа гарч өөрийнхөө амьралыг дангаараа хариуцах болно. Тэр үед чи ийм муухай газар амьрах эсвэл сайхан хувийн байшинд амьдарх эсэхээ одоо шийдэж чадна. Энд 10 $-оо дандаа бүгдийг нь үрчихдэг байсан хүмүүс амьдардаг юм” гэж хэлсэн гэдэг.

Ингээд гэртээ иргэж ирсэн хойноо тэд охинд зориулсан хуримтлалын төлөвлөгөө зохиосон нь охины хадгалах хүсэлтэй байгаа 5 $ тутамд аав нь 50 $-ийг түүний нэр дээр хөрөнгө оруулалт хийж байхаар болсон байлаа. Энэ нь сард 250 $ болж байв. Тэд энэ төлөвлөгөөгөө 7 жил хэрэгжүүлж тэр өөрөөсөө төлдөг 250 $-ийг зогсоосон бөгөөд түүний охин 32 нас хүрэхдээ 200 000 гаруй $ болсон байв. Харин миний танил үүнд ердөө 21 000 $ хөрөнгө оруулалт хийсэн юм.

Энд хамгийн чухал нь миний найзын бяцхан охин мөнгөний үзэл санаа, ач холбогдлыг ямар ч зовлонгүй аль эрт сурсанд оршиж байгаа юм. Хүүхдэд мөнгө зүгээр бэлэглэх нь ямар ч хариуцлагагүй үйлдэл байж мэднэ. Тэдэнд мөнгө болон баян чинээлэг аж байдлын үзэл санааг таниулахад бага зэрэг цаг шаардагдах боловч олон хүмүүст тэр бүр тохиодоггүй тийм их боломжийг хүүхдүүд чинь олж авах болно. Тэдний хувьд мөнгө байх ёстой, ердийн тааламжтай зүйл болох ёстой зүйл бөгөөд тэд ч ийм хувьтай.

Хүн ямар ч мөнгөгүй байх үед л мөнгө амьдралын утга учир болдог. Иймд ирээдүйд таны хүүхдүүд мөнгийг хэт үнэлэх бус, чинээлэг аж байдлыг амьдарлынхаа жирийн, салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг болоход таны хувь нэмэр үнэхээр их юм шүү.

No comments: