2008/05/15

Фармеусын эмгэнэлт зvvд


Фармеус маш гоёмсог усан оргилуурын дэргэд зогсон ирэх зочдыг ажиглана. Энэ ер бусын саруулхан шөнө Клеонтусын эдлэн дуу хуур, хөгжөөн наргианаар бялхаж байв. Түүний тансаг шилтгээнд дээдсийн хүрээнийхэн бараг бүгд цугларч, гол танхим хүндэт зочидоор дүүрэх нь тэр. Цагийн зүүнүүд арван хоёрын тоон дээр давхцах үед нүсэр дуу чимээ танхимаар нэг цуурайтах нь цэнгүүн эхэлсэн дохио байлаа.

Энэ бол хөгшин тэрбумтан Клеонтусын төрсөн өдрийн цэнгүүн бөгөөд түүний малгай дээр “энэ жил 90 насыг хүргэлээ” гээд биччихжээ. Түрдэг тэргэнцэр дээр өвгөн Клеонтус Доллар нэртэй нохойгоо тэврэн суух ба үнэнч зарц Бекон тэргийг нь түрэн алхана.

Яагаад ч юм түүнд маш их мөнгө, Бекон, Доллар гурваас өөр сайн найз байхгүй мэт Фармеуст санагдав. Бекон түүнийг түрэн явсаар зочны өрөөний голд байрлуулсан аварга бялууны дэргэд аваачив. Бүх зочид өвгөн тэрбумтан өөд анхаарлаа хандуулан нам гүн болох үед Клеонтус бялуунаас долоовор хуруугаа дүрж амсаад, сөөнгө хоолойгоор:
- Энэ их эд хөрөнгө, нэр төрийг би маш их зовлон зүдүүрийг туулан байж хүртсэн юм гээд аварга том бялууны зүг заан:
- Энэ тансаг амттанг идэхийн тулд олон ч шөнө өлсөж хэвтсэнсэн. Намайг багад эцэг минь далайн худалдаа эрхэлдэг байлаа. Тэр үедээ л нилээд хөрөнгөтэй хүн байсан ч түүний дэндүү чанга хатуу, маш их арвич хямгач, өөрөөр хэлбэл их харамч зангаас нь болоод би хэний ч үзээгүй тийм амьдралыг үзэж туулсан юм даа. Эцэг минь надад мөнгөний үнэ цэнийг дэндүү эрт, дэндүү сайн ойлгуулж өгөөд намайг есөн настай байхад хорвоог орхисонсон. Тэгээд ч би далайн боомт дээр дөнгөж долоон настай байхаасаа л өдөржингөө ажилладаг байлаа. Ачаа ачиж, бас зөөж буулгана. Аварга том хөлгийн тавцанг зүлгүүрдэнэ. Нэгэн удаа модон хайрцагтай ачаанд дарагдаж, эцэг минь намайг дахин ажил хийхийг хориглосон юм. Тэгээд л ачаанд дарагдсан баруун гар минь салга болчихсон нь энэ.

Тэр үеэс л би баян байхын тулд ядуу байх хэрэгтэйг, цатгалан явахын тулд өлсөж сурах хэрэгтэйг, сайхан бүхэнд хүрэхийн тулд муу муухайг үзэж өнгөрөх хэрэгтэйг ойлгосон юм даа. Миний үзэж туулсан тэр муу муухайг олон хүн үзэж туулахын төлөө эхний хундагыг өргөе! Хэмээн хэлэхэд бараг л Фармеусаас бусад нь бүгд алга нижигнүүлэн ташив. Дараа нь Клеонтус багадаа тоглож байсан нэгэн бооцоот тоглоомонд өөрийгөө азийн тэнгэртэй гэж боддог хүмүүсийг урьлаа. Уг тоглоомын ялагч нь долоон оронтой тооноос бүтсэн мөнгөн шагналын эзэн болох эрхтэй бөгөөд чухам энэ л тоглоомноос миний ярих түүх эхлэх юм. Клеонтус ч бас долоон настай байхдаа аавынхаа сэдсэн энэ тоглоомоор тоглож, тэр ч байтугай ялагч болж байснаа дурсан ярив. Энэ тоглоомонд Фармеус азаа үзэхээр шийдэн өвгөн тэрбумтны урд эгнүүлэн тавьсан хөзрүүдээс нэгийг сугалахдаа өөрийнх нь амьдралыг тэр хөзөр орвонгоор нь эргүүлнэ гэж төсөөлсөнгүй. Тэгээд төгөлдөр хуурын хажууд зогсон өнөөх хөзрөө сөхтөл хажуунаас нь халамцуухан эр:
- Гилийн тамга байх шив. Чамд аз таарсангүй бололтой доо залуу минь хэмээн бувтнав. Тэгснээ шилтэй дарснаас аягалан:
- Энүүнээс л болоод би эцгийнхээ үлдээсэн тэр их өв хөрөнгийг үрэн таран хийчихсэн юм даа. Би бол хамаг эд хөрөнгө, нэр төрөө уучихсан Чэстэр гэдэг хүн. За даа энэ ертөнцийн хамгийн азгүй хүн гэсэн ч болно доо. Миний хөзрийг харж байна уу? Одоохон батлаад өгнө. Энэ тоглоомонд би хожигдоно. Яагаад ч юм надад аз хэзээ ч таарч байгаагүй мөртлөө азгүй явдлууд ар араасаа ундраад л байх нь тэр гээд хундагатай дарсаа шуналтай харж:
- Дарс аа гэж, мөнгөнөөс ч үнэтэй эд дээ гээд нэг амьсгаагаар ууж орхиод төгөлдөр хуурын ард суун ямар нь мэдэгдэхгүй ая тоглож эхлэв. Удсан ч үгүй төгөлдөр хуураа дэрлэн хурхирч эхлэх нь тэр. Хөгшин Клеонтус хөзрөө тарааж дуусаад:
- За ингээд тэр мөнгийг хожих азтай хүн нь хэн болохыг бүгдээрээ харъя. Миний гарт байгаа энэ хөзрийг яг дээдэх модоор нь дарж чадах тийм хөзөртэй хүн байвал тэр хүн өнөөдөр надаас долоон оронтой тооноос бүрдэх тэр мөнгийг авах болно гээд толгойгоо эргүүлэн:
- Алив Бекон энийг хараадхаач, нүд минь муу хардаг болжээ гээд Беконы зүг хөзрөө сарвайлаа. Фармеус амандаа:
- Гилийн туг, гилийн туг хэмээн шившинэ. Бекон чанга дуугаар:
- Миний эзэн, өөрөөр хэлбэл ноён Клеонтусын гарт байгаа хөзөр нь дөрвөлжингийн арав гэх нь тэр. Фармеус инээмсэглэн:
- Нээрээ л аз таарсангүй дээ муу амт минь хэмээн төгөлдөр хуур дэрлэн хурхирч буй Честэр лүү харав. Гэтэл Честэр нэг гартаа дөрвөлжингийн боол атгачихсан хурхирч харагдав.
- Та хожчихож гээд Честэрийн мөрөн дээр хүчтэй цохисон ч цаадах нь сэрсэнгүй. Уг нь амьдралд нь таарсан ганц аз нь энэ болохоор түүнийг яаж ийгээд сэрээчихмээр байсан ч Фамеуст хүний нүд хариулж байгаад нөгөө хөзрийг нь дэлсчихээд оронд нь өөрийнхөө гийлийн тамгыг атгуулчих нь арай дээр санагдав. Тэгээд ноён тэрбумтан дээр дөрвөлжингийн боолыг барьсар очвол:
- Харав уу таминь ээ? Энэ залуу авчихаж, өнөө дөрвөлжингийн арвын дээдэх хөзөр дөрвөлжингийн боол энэ байна. Клеонтус инээмсэглэн алив Бекон өнөөх долоон оронтой тоогоо самбар дээр бичээд аль гэв. Бекон самбар дуу дөхөж очоод урьдчилсан бэлдсэн долоон дөрвөлжин нүдэнд 0000010 хэмээн бичив. Хүмүүс тачигнатал хөхрөлдөж, хөгшин Клеонтус ч бахаа ханатал инээж аваад:
- Би ч бас энэ тоглоомонд хожиж байсан юм шүү. Тэр үед миний шунал ямар их хөдөлсөн гэж санана. Би нээрээ л аав надад тийм их мөнгө өгөх нь гэж бодож байсан юмдаг гэхэд л Фармеус энэ тоглоом бол баян хөгшиний даажин тохуу байсныг ойлголоо. Хөгшин инээдээ барьж ядан:
- Залуу минь би чамд бэлнээр нь өгөх үү 10 доллар ч мөнгө шүү. Миний хожиж байснаас таных 10 дахин их гээд бод л доо. Эсвэл та чекээр авах уу гэхэд нь Фармеус үг хэлж чадсангүй зүгээр л толгой дохисоор байв. Алив Бекон чек авчир. Энэ залууд 10 долларын чек бичиж өгөх хэрэгтэй байна. Фармеусын эргэн тойронд нь өөрийг нь тохуурхан инээж хөхрөх баячуудыг хараад яг л сүрэг арсланд баригдсан гөрөөс шигээр өөрийгөө төсөөлөв. Тэгээд хамгийн муухай нь өнөөх цатгалан арслангууд нь түүнийг идэлгүйгээр архиран айлгаж, бамбарууд нь сүүлнээс нь зуун тоглож байгаа мэтээр ургуулан бодов. Тэдэн дунд өнөөх согтуу толгой Честэр гайхсан янзтай суухыг Фармеус гэнэт олж харав. Нээрээ л чи хамгийн азгүй хүн гэдэг нь батлагдлаа. Миний оронд энэ бүх доромжлолыг хүртэх байсан хүн нь Честэр чи юм шүү дээ. Би чамаас энэ азгүй хувь тавиланг чинь хулгайлчихсан юм. Нэг мэдсэн чинь Фармеус чекийг тас атгачихсан хаашаа ч юм гүйж байв. Уг нь болох ёстой юм болдогоороо болсон бол Честэр л түүний оронд эдгээр араатнуудын зугаа болж, энэ бүх доог тохууг амсаж өөрийгөө азгүй хүн гэдгээ ахин нотлох ёстой байсан юм. “Хувь тавилан хааяа зөв сонголт хийх нь бий” гэж хаанаас ч билээ уншсан нь санаанд орлоо.
Шөнөжингөө бороо цутгаж, цахилгаан цахиж, дусаал энд тэнд гоожсоор Фармеус унтаж ч чадсангүй. Аянга цахилгааны хурц гэрэлтэй зэрэгцэн өвгөн Клеонтус муухай шүдээ арзайлган инээж байх нь тодрох тул тэрээр үе үе цочин хөлс нь бурзайна.
Ашгүй нэг өглөө болж шөнөжин унтаагүй Фармеус худалдааны газраар зүүрмэглэж яваад лангуун дээгүүр тэгнүүлээд тавьчихсан шинэхэн тугалын махыг шороотой хутгаж орхилоо. Махны худалдаачин орилж хашгичин олны анхаарлыг түүн дээр татсанд Фармеус сандрахдаа халаасандахаа шавхах зуураа бүтэлгүй Честэр гэж амандаа бувтнаж байв. Байгаа бүх мөнгөө үсчин зогсох худалдаачинд өгсөнд махны худалдаачин үсрэхээ болиод дахиад 4 доллар нэмж төлөхийг шаардав. Фармеус яах ч учираа ололгүй сандарч балмагдав.

Гэтэл замын цаана оршуулгын цуваа өнгөрсөн нь: Бекон өвгөн Клеонтусын хөргийг барьчихсан, жаалхүү Доллар нохойг нь тэвэрчихсэн, хэдэн ноорхой хувцастай хүмүүс хүрз зээтүү дааж ядан чирэн алхаж байсан хэрэг. Фармеус “уйлах хүүхдийн хошного урд өдрөөсөө” гэж хэлээд инээмсэглэн зогсохдоо махны худалдаачны цохиод авахыг ч анзаарсангүй. Гэнэт “ЧЕК ЧЕК”, нээрээ чек байгаа юм байна гэчихээд гүйчихэв. Яг чанх өмнө нь аварга том банк сүндэрлэнэ. Фармеус ч чекээ гозолзуулан банкны хаалгаар солир шиг л ороод явчихав. Хэсэг хугацааны дараа тэрээр судас руугаа хор шахуулчихсан юм шиг хачин муухай царайлчихсан гарч ирээд махны худалдаачинд 10 доллар сарвайсан чигээрээ хөл дор нь шургачин уналаа. Шороотой холилдсон амьгүй тугалын дэргэд яасан нь мэдэгдэхгүй нэгэн хүн дөнгөж амьсгаатай хэвтэж байх ба тугал хэдий үхсэн ч 14 доллар хүрч байхад Фармеус амьд байгаа хэрнээ шороотой хутгалдсаныхаа төлөө 1 ч доллар олж авсангүй. Харин худалдаачин 10 долларыг газар унахаас нь өмнө шүүрч амжилгүй яахав. Дараа нь Фармеус хэзээ ухаан орсноо, яаж гэртээ ирснээ бодоод олсонгүй. Цонхоор харвал нар жаргаж байв. Фармеус шууд өнөөх банк руу. Харамсалтай нь өнөөх банк нь газрын гаваар орчихсон юм шиг оргүй алга болчихсон байв. Фармеуст энэ бүхэн нэг л ойлгомжгүй санагдаад эхлэх нь тэр. Эргэлзээд байгаа бодлоо батлахын тулд халааснаасаа үрчийсэн чек гарган дэлгэлээ. Яах аргагүй “9000010 $ Кортиган Клеонтус” гэсэн байв. Шооч өвгөн Клеонтусын салга гар хамгийн эхний 0-ийн тоог 9 ч гэмээр, 9-тэй хачин адилхан ч гэмээр биччихсэн нь энэ. Хоёр дахь нь л илүү тохирно. Фармеус нүдээ чекээс арай гэж салгаад банк хайх ажлаа үргэлжлүүлэв. Гэтэл өнөөх аварга банк нь дахин өмнө нь сүндэрлэн байх нь тэр. Фармеус өөртэй нь нуугдаж тоглоод байсан аварга том банкны хаалгаар хоёр дахь удаагаа гарч ирэхдээ төрөл арилжчихсан юм шиг, дүрслэн хэлбэл: цагаан хүрэм, цагаан өмд, цагаан гутал, зөвхөн дээд зиндааны баячууд өмсдөг цагаан бүрх малгай бүхий цасан цагаан хүн болчихов. Энэ бүхэн нүд ирмэхийн зуур л болж өнгөрөв.

Фармеус махны худалдаачинг тэврэн авч үнсээд, үүнийхээ дараагаар хөгшин Клеонтусын шарил дээр зогсон “намайг доромжилсонд чинь баярлалаа, өө тийм бурханы аврал-салга гаранд чинь бас баярлалаа” хэмээн хэлж буйгаар өөрийгөө төсөөлсөн ч яагаад ч юм муу юм тохиолдоход хамгийн түрүүн харааж зүхээд байсан өнөөх азгүй Честэрийг ор тас мартаж орхилоо. Үнэндээ тэр энэ бүхнийг хийхийг маш их хүсэж байсан ч өнөөх ганган цагаан хүрэм нь түүнийг явуулахгүй хөшчихөөд байлаа. Ингээд Фармеус цагаан хувцсандаа бүрэн захирагдав. Том цагаан машин түүнийг шилтгээнийх нь үүдэнд хоромхон зуурт хүргэхэд дээдсийн хүрээнийхэн түүнийг алга нижигнүүлэн угтаж, Бекон хөгшний тэргэнцэрийг барьчихсан мэл гайхан зогсон. Энэ бүх хүндэтгэлийн дараа Фармеус өөрийг нь мартахын аргагүй шоолж хөхрөөд байсан нэгэн ноёнтонг хамаг хүчээрээ алгадаад авсан ч нөгөөх нь инээмсэглэсээр байлаа.

Ингээд Фармеуст яг л хөгшин Клеонтусын амьдралыг булаачихсан юм шиг санагдаж, тэрээр энэ амьдралаараа хэд хоног, хэдэн сар, хэдэн жил амьдарснаа ч мэдэхээ болив. Фармеусын толгойд байгаа зүйл гэвэл гэнэт баяжсанаасаа хойш хийсэн нүгэл, муу муухай зүйлүүдээ л санаж байв. Ерөөсөө саная ч гэсэн сайн зүйл байхгүйгээс хойш яая гэхэв.

Яг одоо Фармеус зочны өрөөндөө буйдан руугаа шигдчихсэн сууж байна. Өчигдөр шөнө өөрийн хайртай эхнэрээ зангидсан гар шиг том эрднийн чулуугаар цохиод алчихсандаа өөрийгөө зүхэж, болж өгвөл өөрийгөө зөвтгөх шалтаг хайн ил галын дэргэд дарс залгилан суугаа нь тэр. Дээрэмчид эрдэнийн чулууг нь хулгайлах гэж байна хэмээн зүүдлээд аварга том алмас чулуугаар эхнэрийнхээ толгой дундуур дэлсээд алчихсан хэрэг. Сэрээд хартал цохиж алсан хүн нь өнөөх дээрэмчин биш харин залуухан хайртай эхнэр нь байж л дээ.
Тэр дарс ууж суухад нүд нь улаанаар эргэлдэж, өөрийгөө Честэр болчихсон нөгөө хар өнгийн төгөдлөр хууран дээр гараад суучихсан байгаагаар төсөөлөв. Хэрэв та мартаагүй бол үнэндээ тэр Честэрийн эдлэх ёстой байсан бүх адал явдлыг нь хулгайлчихсан шүү дээ.

Дарснаас нь зарц бүсгүйчүүдийнх нь хүн болж чадаагүй хүүхдүүдийн цус амтагдаж, унтлагын өрөөнөөс эхнэрээс нь урсах цус үнэртэнэ. Өнөө золгүй хүүхдүүдийн “ааваа” хэмээн орилох нь сонсогдоно. Зууханд дүрэлзэх галан дотроос нь, түүнээс дарс хулгайлаад нэвширтлээ зодуулсан гурван өвгөний тарчилан орилох дуу хадна. Фармеусаас болоод өлсөж үхсэн хүмүүсийн сүнс зуухан дотроос хоол нэхэн хашхирахад тэрээр мөнгөний төлөө олон мянган хүнийг ажилгүй болгож, олон мянган хүнийг хоолноос нь салгасандаа гэмшин уйллаа. Удтал суусны эцэст улаан эрээн болгож орхисон унтлагын өрөө рүүгээ алхав. Фармеус одоо өрөөгөө цэвэрлүүлчих зарц ч үгүй орь ганцаараа үлдсэн бөгөөд хөгшин Клеонтус яаж Бекон Доллар хоёрыг хажуудаа үлдээж чадсан нууцыг тайлж ядна. Тэгээд унтлагын өрөөндөө орвол хөгшин тэрбумтны зарц Бекон түрдэг тэргэнцэр барьчихсан зогсож байснаа гайхсан янзтай “эрхэм ээ та хэзээнээс алхдаг болчихов” хэмээн асуух нь тэр. Фармеус ихэд гайхан ханын том толинд гүйн очиж харав. Гэтэл түүний өөдөөс Фармеус биш согтотлоо уусан залуухан Клеонтус урьдын адил дооглон инээж байв. Фармеус түүний энэ харцыг нь ахин тэсвэрлэж чадсангүй, дарсны шилээр толийг хага цохив. Маш их дуу чимээ гарч толины хэлтэрхий нүд рүү нь үсрээд орчихов. Фармеус нүүрээ даран муухай орилоод хэсэг хэвтэв. Тэгээд нүдээ нээтэл өөрийн баян тансаг шилтгээндээ биш хуучин модон байшингийнхаа дээврийн хонгилд хэвтэж байлаа. Тэр юу ч дуугаралгүй зүрхээ даран хэсэг амьсгаадан:
- Чөтгөр намайг аваасай билээ. Ээ тэнгэр бурхан минь энэ чинь ямар тод ямар үнэмшилтэй зүүд байв аа.
Фармеус доошоо буун ширээн дээрх дарснаас хэд балгаад тавихдаа зурвас байгааг олж харав. Тэрээр зурвасыг нээн үзвэл:
- Хөгшин Клеонтусын 90 насны ойн баярт хүрэлцэн очино уу?
Таныг хүндэтгэсэн Кортиган Клеонтус гэжээ.
/Долоон шөнийн эмгэнэлт зүүд романаас/

3 comments:

Different Theory said...

Фармеус ёстой тас далийсан байна шт. Хэхэ

Клеонтусын хувьд баян байхын тулд ядуу байх хэрэгтэйг, цатгалан явахын тулд єлсєж сурах хэрэгтэйг, сайхан бvхэнд хvрэхийн тулд муу муухайг vзэж єнгєрєх хэрэгтэйг эрт ойлгосон явдал нь асар чухал юм даа. Клеонтусыг бол шvтэж байна оо гсн,

PS: Заяа, бичлэг хийхдээ Courier фонт руу шилжvvлж бичвэл их сайн байна. Post хийдэгт баярладаг шvv.

Anonymous said...

энэ Долоон шөнийн эмгэнэлт зүүдийг хаанаас олж болох вэ? их дажгүй зохиол шиг байна....

Б.Батзаяа said...

Мөнгөтэй болчихвол хэвлүүлнээ гсн. хэхэ :(