2008/01/15

Надад дурласан бvсгvйчvvдэд

1.
Навчисаа нөмөрсөн модод шиг зуу зуун бүсгүй
Намар намрын гуниг тээн цонхон дээрээ зогсож байгаа
Над шиг залуус мянга мянгаараа хайр өвөрлөөд
Намар дууссан гэж шивнэсээр очиж яваа

Хоног хугацаа өнгөрсөөр хавар ахиад л ирнэ
Хонгор минь битгий гунигла чи дахиад л дурлана
Яг минийх шиг дурлал сая саяараа ирж явахад
Яах нь вэ намайг, цонхон дээрээ хүлээх хэрэггүй


2.
Гуниглаад л байвал, уйлаад л байвал залуу нас чинь үргээд нисчихнэ
Гандсаар байгаад, шарласаар байгаад навчис хатаад намар болчихно
Хараад л байвал, хүлээгээд л байвал сэтгэл чинь эзгүйрээд надад гомдчихно
Хайрласаар байгаад, итгэсээр байгаад зүрх чинь шархлаад эдгэхээн больчихно

Хоног өдрүүд ээлжлэн цаг хугацаа урсаад л өнгөрнө, тэгээд хавар болно
Хонгорхон бүсгүйн сэтгэл хүлээснээс алдуурч, тэгээд ахиад л дурлана
Амандаа тамхи зуун гуниг суунаглуулсаар над шиг л нэг нь яваад өгнө
Алчуур нөмрөн цонхоор ширтсээр чам шиг л нэг нь хүлээгээд үлдэнэ

3.
Дурсамж бүхэн чинь амттай санаад л санаад л суумаар байвч
Дурлалынхаа зүүднээс нэг л өглөө сэртэл чинь би эзгүй байна
Өдөр өдрөөр учрах мөч ойртоод л ойртоод л байх шиг боловч
Өвчинд шаналсан хүйтэн сар шиг гуниг л чамайг нөмрөөд үлдэнэ

Хагацан холдсон дурлал яг л салхи шиг, яг л гал шиг
Хайртаа хүлээсэн сэтгэл яг л бороо шиг, яг л нулимас шиг
Салхи үлээхэд дурлалын гал унтарна, зарим нэг нь дүрэлзэн асна
Санан хүлээсэн сэтгэлийн бороо түлэгдсэн зүрхийг чинь дэвтээнэ.
Бүү гуниглаарай



Ихэмсэг бардам бүсгүйд

Нас залуу бүсгүй минь чи хээнцэр агаад дэгжин байна
Намайг тоож ч харахгүй ихэмсэг бас бардам байна
Хэн ч тоохгүй гишгэж л орхидог үрчгэр навчсийг хардаа
Хэдхэн сарын өмнө эд чинь чамаас ч үзэсгэлэнтэй байсиймаа



Шөнө

Яг энэ л агшин шиг хэн гуниглаж чадна
Яруу үгсийг минь тэр л ойлгож надад хань болно
Ядахнаа салхи ч үлээхгүй өвс ч үнэртэхгүй
Ямар ч харанхуй нам гүм болоов дээ

Янаг сэтгэлээр намайг хүсэвч хаа нэгтэй хол
Ялгуун саран намайг ширтэвч гунигаас өөр нүдгүй
Ядахнаа навчис сэрчигнэхгүй би гав ганцаараа
Ямар ч аниргүй гүн шөнө ирээв дээ



Хавраас намар хүртэл ...

Хавар нахиалаад намар бүхнийг орхидог навч шиг
Хаа хүрэхээ мэдэхгүй ч эндээс би бүрмөсөн явна
Амьдрал гэж нэрлэсэн тэр л тоглоомоо үргэлжлүүлэх гэж
Амьд төрлийг олоод дахин төрнө гэж итгэхгүй ээ

Хаврын цас шиг хайлан уусчихаад өвөл нь би бударна гэж үү
Хайрлаж хэн нэгэнд дурлалаа гэхэд өмнөх шигээ сэрж мэдрэх үү
Өнчин сарыг удтал ширтвэл өнөөдрийнх шиг гуниглах уу тэгээд
Өөрөө би энэ хэвээрээ дахин төрнө гэж итгэхгүй ээ

Биеэсээ нэгэнт гуужсан бодол сэтгэл минь хаачих бол
Биелээгүй үлдсэн хүсэл мөрөөдлөө би санах уу эсвэл мартах уу
Энэ ертөнц өнө мөнх харин би түнэр харанхуйд ...
Энэ насандаа л би үнэнч хойд насанд бол итгэхгүй ээ

Би байгаагүй
Би байна ...



Сонсоцгоо!

Сонсоцгоо!
Солиотой хүн ярьж байна
Сайхан бүсгүйд хоёр нүдээ өгчихсөн
Сохор хүн ярьж байна

Ар араасаа галд шатсан
Арван зургаан захидал амилж байна
Гурван зуун жаран тав хоног
Гунигт дарагдан зүрх хэлж байна

Хайр гэдэг нэр шигээн гоё биш
Хайрлана гэдэг хүсэл шигээн сайхан биш
Дурлал гэдэг чинь өөртөө оноосон
Дуусашгүй гэгээн гуниг юм байна

Архи уугаад дуулдаг байсан бол уйлдаг боллоо
Аниргүй шөнөөр гуниг дэрлэж шүлэг бүчдэг боллоо
Амьдрал гэдэг зовлон шиг бодогдож
Амраг бүсгүй минь бурхан шиг санагдаж

Хаврын салхийг сэтгэлээн дүүртэл залгичихаад
Хашгирч ч чадахгүй хоосон санаа алдах шиг
Дурласан сэтгэл гэдэг ганцаархнаа шанлаж
Дусал дуслаар биеэс чинь тасарч байхад

Хайртай хүн чинь тавлах мэт цангинатал инээж
Харах ч үгүй зөрөх ямар байдгийг үзээрэй
Сэм сэмхэнээр мартая гэж хичээх тусам
Сэтгэл чинь хайрлана гэж зөрвөл ямар байхав бодоорой

Харцгаа!
Хайрлуулж чадаагүй зүрх үхэж байна
Бүрэнхий үдшийн аниргүйн дунд
Бүлээн цус нь нүднээс урсаж байна



Сарны сонет

Сарны дор гунигт автан уйтгарлан суухуй дор
Сар ч бас над лугаа гунигт дарагдах авай
Орь ганцаар гунигийн ертөнцөд би уйлнам
Орой дээр минь ганцаардлын дууг чи дуулнам

Харанхуй аниргүйн дунд би дотогшоо уйлж
Халуун нулимсаараа сэтгэлээн угаах агаад
Сэтгэл онгойж цээж дүүртэл амьсгалах мөчид
Сар тонгойж сэтгэлийг минь гэрэлтүүлэх мэт

Нугас шувууд ч үгүй эзэнгүй бас л өнчин
Нуурын ус гунигийн аялгууг тоглох шиг санагдана
Яг л тэр гунигт аялгуунд тохирох дууг нь
Ялгуун саран надад зориулж дуулах шиг бодогдоно

Гуниг харуусал шингэсээр нулимс унах аж
Гашуун амт нь нуурын усанд шингэн уусах аж
Саран авхай нуурын уснаа тольдон буух аж
Сар, сэтгэл, нуур гурав ийн нэгдэх аж

Сарны дор гунигт автан уйтгарлан суухуй дор
Сар ч бас над лугаа гунигт дарагдах авай
Орь ганцаар гунигийн ертөнцөд би уйлнам
Орой дээр минь ганцаардлын дууг чи дуулнам



Сар чи

Бүсгүй хүнд дурладаггүйдээ чи ийм бардам
Бүлээн үнсэлт мэдэрдэггүйдээ чи ийм ихэмсэг
Нар шиг илчээр төөнөхгүй чи тийм уйтгартай
Над шиг үхэж чадахгүй чи тийм гунигтай

Цоохор царайн чинь цаана уй гунигаас өөр сэтгэл гэж үгүй
Цор ганцаар оршигч минь чамд шүлэгчээс өөр хань гэж үгүй
Жавартай шөнийн аниргүйд гунигаас өөр илч довтлохгүй ээ
Жаргалтай инээмсэглэл бүхэн наранд л шингэнэ чамд хүртэхгүй ээ

Сэм сэмхэн орчлонг чагнахад хатсан өвс зүрх рүү хатгаад
Сэтгэл минь гунигаар дүүрчихээд дуугарч ч чаддаггүйг чи л ойлгодог
Санаа алдах бүх л сэтгэлтэнийг нулимстай нь хамт өөртөөн шингээгээд
Сар чи уйлах мэт эмтэрч хавирга шиг ёлтойдогийг би л мэдэрдэг

Бүсгүй хүнд дурладаггүйдээ л чи ийм бардам
Бүлээн үнсэлт мэдэрдэггүйдээ л чи ийм ихэмсэг
Нар шиг илчээр ч төөнөхгүй чи тийм уйтгартай
Над шиг үхэж ч чадахгүй чи тийм гунигтай



Дурламтгай нүдээ анилаа

Дурламтгай нүдээ аниад хэнийг ч дахиж харахгүй
Дур хүслээ янгинатал түгжээд хэнд ч дахиж нээхгүй
Хэн нэгний араас ширтээд ганцаар үлдэхгүйн тулд
Хээнцэр цэцэг шиг охидоос дурлал ахиж гуйхгүй

Охидод ахиж хэзээ ч утасныхаа дугаарыг өгөхгүй
Одоо л залгаасай гэж сэтгэл гэгэлзэн хүлээхгүй
Дулаахан биеийг чинь тэвэрч урууланд чинь ахиж шунахгүй
Дурламтгай нүдээ анилаа, хэнийг ч ахиж харахгүй.



Ганцаардал

Намрын шөнө уйтгарт салхи навчис илбээд цааш одно
Намуухан утга уянга шүлгийн мөрүүд сэтгэлд тодорно
Эгчмэд бүсгүйн харцнаас гуниг үргэж зүрхээр нэг тэнүүчилсээр
Эргэлдэн эргэлдэх навчистай нийлэн сэтгэл бүлээцүүлэх нь . . . (ганцаардал)


Тээр тэнд ганц шувуу сарыг үдэж явуулчихаад
Тэртээ холын хэсэгхэн үүл нэг л залхуутай тогтчихсон
Амраг бүсгүйн сэтгэл шиг тэнгэр бүүдийж манан татсаар
Алгуурхан үүрийн гэгээтэй уусаад цонх тогших нь . . . (ганцаардал)

Ширээн дээр цаас дэрлэсэн үзэг минь амьгүй
Цээжинд дотор дурлал мөрөөдсөн сэтгэл минь амьсгаагүй
Бороо шиврээд л байна шиврээд л байна гэнэт чив чимээгүй

Бодол хүртэл надаас зугатаж дусаал дусах нь . . . (ганцаардал)


Дэн буудлын өрөөнд

Дэн буудлын өрөөнд гэрэл байхгүй. Шүдэнз зурлаа
Дэргэдэх бүсгүйн зүрхэнд дурлал байхгүй. Тамхи асаалаа
Хөдлөх бүрийд хуучин ор чихран ёолох шиг, зүрх рүү янхийнэ
Хүйтэн өрөөний булан бүр чимээ чагнах шиг, ганцаардал ханхийнэ
Хархан үс дэрэн дээгүүр асгарч, цагаахан сэтгэл орон дээр хөглөрчээ

Хайр сэтгэл утаа болон замхарч, халуун нулимс янжуурын цогон дээр дусчээ
Дэн буудлын өрөөнд гэвч дурлал байхгүй. Тамхиа унтраалаа
Дэргэдэх бүсгүйн зүрхэнд даанч гэрэл байхгүй. Шүдэнзээ үлдээлээ.



11 давхарын элеги

Он жилүүдын араас он жилүүд өнгөрсөн байна
Охин хонгорыг минь цаг хугацаа намбалаг бүсгүй болгосон байна
Энгэрт нь эрхлэн наалдах бяцхан хүү хүнийх ч гэлээ
Энэ улаахан уруул минийх байсан цаг бас бий

Найман хаврын араас найман намар өнгөрсөн байна
Намайг гомдоосон дурлалын ядам хуруу нь хоосон байна
Энгэрт минь эрхлэе гэхдээн сүрчиг түрхдэггүй бүсгүй заяа
Инээд цөөрсөн уруулаан будаж зүрхэлдэггүй миний дурлал аа

Он жилүүдын араас он жилүүд өнгөрсөн байна
Охин хонгорыг минь цаг хугацаа намбалаг бүсгүй болгосон байна
Найман хаврын араас найман намар өнгөрсөн байна
Намайг гомдоосон дурлалын ядам хуруу нь хоосон байна



Мөн үү чи ...

Үнсэхийг хүсдэг уруулдаа дөнгөж шүргэхийн төдийд л
Үргээд надаас нисчихдэг чи нөгөө дурлал мөн үү
Нойрыг минь хулжааж намайг үүр цайтал гуниглуулдаг
Нойтон ч биш хүйтэн ч биш чи нөгөө дурлал мөн үү

Мөрөөдөж явсан цэнгэл дуусахтай нь зэрэгцээд дундарчихдаг
Мөхдөггүй мөнхөрдөггүй чи нөгөө дурлал мөн үү
Гол улаан махыг минь гэгэлзүүлж гуниглуулж ханадаггүй
Гомдмоор ч юм шиг шунамаар ч юм шиг чи нөгөө дурлал мөн үү

Хаваржин сэтгэлийг минь өнчрүүлж явчихаад
Хаа байсан намар ирэхдээ согтуу тэгээд бас яаруу
Нэг л ирэхэд чинь бүх юм оройтчихсон байх вий
Нээрээ чи дурлал мөн үү ойр ойрхон ирж бай



Модон сандал дээрээс цаг хугацааг үдэхэд

Тэнд би тамхи татаад л сандал дээр гав ганцаархнаа
Тэнгэр санаа алдахад дэргэдэх хэдэн өвс бөн бөн бөхөлзөөд
Мөчир дээрх төөрсөн болжморт хань олдохгүй эл хульхан ахуйд
Мөч хором бүрээс яаралгүйгээр хагацаж ажиглан суулаа би

Тэндхийн салхи нь нэг л зөөлхнөөр хацрыг минь илбэж
Тэнгэрээс бороо нь хүртэл нэг л сайхан намуухан шивэрч
Хаврын уянга шиг тийм нэг бүсгүй дэргэд минь ирээд суух ч юм шиг
Хаашаа ч явмааргүй тамхи татаад л сандал дээр би ганцаархнаа ...


2 comments:

Different Theory said...

Яаая, Заяа ёстой балай авсан байна шдээ. Гоё шvv!
Тун дажгvй юм аа. Биш ээ, бvр гайхалтай болсон байна. Ер нь єєрт тєрж буй мэдрэмжээ цаасан дээр буулгаж авч vлдэнэ гэдэг бол асар хэцvv гэж би боддог, тэр бvр хvмvvс vvнийг мэддэггvй нь харамсалтай. Шvлгvvд асар таалагдав. Онцолвол “Хавраас намар хvртэл...”
хачин их таалагдлаа. Ад мєрийн зєн мэдрэмж, дээр нь гvн ухааны талдаа, мєн амьдарлынхаа тодорхой цаг vед шунан хоргодож байгаа мєрvvд гээд л...
***
Хавар нахиалаад намар бvхнийг орхидог навч шиг
Хаа хvрэхээ мэдэхгvй ч эндээс би бvр мєсєн явна
Амьдрал гэж нэрлэсэн тэр л тоглоомоо vргэлжлvvлэх гэж
Амьд тєрлийг олоод дахин тєрнє гэж итгэхгvй ээ

Хаврын цас шиг хайлан уусчихаад євєл нь би бударна гэж vv?
Хайрлаж хэн нэгэнд дурлалаа гэхэд ємнєх шигээ сэрж мэдрэх vv
Єнчин сарыг удтал ширтвэл єнєєдрийнх шиг гуниглах уу тэгээд
Єєрєє би энэ хэвээрээ дахин тєрнє гэж итгэхгvй ээ

Биеэсээ нэгэнт гуужсан бодол сэтгэл минь хаачих бол
Биелээгvй vлдсэн хvсэл мєрєєдлєє би санах уу эсвэл мартах уу
Энэ ертєнц єнє мєнх харин би тvнэр харанхуйд ...
Энэ насандаа л би vнэнч хойд насанд бол итгэхгvй ээ

Би байгаагvй
Би байна ...

гэж ирээд л, Чи шvv!

“Сонсоцгоо”, “Сар чи” ч гэсэн олон мэдрэмжийг сэрээсэн сайхан шvлэг болжээ. Хэн нэгэн яагаад сар шиг байж болохгvй гэж далийхгvй юу? Хэхэ

Welcome to blog, Заяа

NCAAD said...

Nadad durlasan busguichuuded terguutei shulguudiig ynshihad goyo baino oo, goyo bna. Danke Б.Батзаяа