2007/10/31

Монгол аялгууны гайхамшиг



Шинэ хөгжмийн эрэл хайгуул үргэлжилсээр... (Хахаха, дүрдээ итгэчихсэн дуучин шиг сонсогддог байна шт) Нэг хэсэг учиргүй электро хөгжим сонслоо. Харин өчигдөр "Цахилж яваа гөрөөс кино"-ны дууг Г.Эрдэнэтунгалаг cover хийснийг олж сонсов. Тэнгэр минь, Би өчигдөрийг хүртэл дүлий явж ээ! 😊 Ойрд ийм монгол аялгуутай дуу сонсоогүйг хэлэх үү, үнэхээр тансаг байлаа.

Дууны үгийг Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч З.Түмэнжаргал зохиож, аяыг нь Монгол Улсын төрийн шагналт, хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал бичжээ. Г.Эрдэнэтунгалаг ч тултал нь дуулсан байна лээ. Яаж ингэж өнгө алдалгүй дуулж чаддаг байнаа, хэд хэдэн удаа сонсов, шүтэв. Хувьдаа би хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалийг Жанцанноров гуай шиг дэндүү тансаг монгол аялгуутай хөгжим зохиодог хүн гэж боддог. (юун Балхаа гсн...) "Аргалд явсан Ижий" хэмээх ад мөрийн зөн мэдрэмжтэй мундаг дууны аялгуу мөн энэ л хүнийх.

Дууны үг, аялгууны хувьд асар гунигтай, нэг л ер бусын юм. Үг нь гүнзгий, утга санаа нь голруу гогдсон. (Хатууд халирсан итгэл минь хөөрхий, Хайр даагаагүй чи минь хөөрхий, Хажууд минь бүлтгэнэсэн үр минь хөөрхий, Үйлээ даагаагүй заяа минь хөөрхий...) гэх мэт цаашилбал бүүр л далийх шинжтэй, Гоё шүү! Монгол мэдрэмж, Монгол үг гэдэг нь л энэ байх. Зээрийн сүрэг шиг хулжин одох, Уулсынхаа л дунд уйлж явах үйл заяаны учиг төөргийг биднээс өөр хэн ч ингэж тултал нь мэдэрч үл чадмой...


Нуугаад нуугаад уйлсан юм сан даа
Нулимсан дунд минь уулс дайвалзана аа
Үйлээ даагаагүй заяа минь хөөрхий
Өнчрөөд хоцорсон зүрх минь хөөрхий

Зээрийн сүрэг шиг хулжихыг чинь мэдсэнгүй
Зэрэглээт талдаа дуулж л явахаас даа

Аяархан аяархан мэгшсэн юмсан даа
Аниад харахад минь газар шаргалтана аа
Хайр даагаагүй чи минь хөөрхий
Хайхрамжгүй явсан сэтгэл минь хөөрхий

Усны шувуу шиг буцахыг чинь мэдсэнгүй
Уулсынхаа дундаа уйлж л явахаас даа

Дэндүү дэндүүхэн дассан юмсан даа
Дэнслээд шаналахад минь салхи нь аргадна аа
Хатууд халирсан итгэл минь хөөрхий
Хажууд минь бүлтгэнэсэн үр минь хөөрхий

Усны шувуу шиг буцахыг чинь мэдсэнгүй
Уулсынхаа дундаа уйлж л явахаас даа
Зээрийн сүрэг шиг хулжихыг чинь мэдсэнгүй
Зэрэглээт талдаа дуулж л явахаас даа


PS: Манайханд нэг муу зүйл ажиглагддаг нь зарим мундаг дуунуудын клипыг сулхан хийчихсэн байдаг. Энэ дууны хувьд клип нь бас л сайн болж чадсангүй. Үнэхээр л сайн хийж чадахгүй бол том уран бүтээл барьж авахаасаа зарим нэгэн нь жаахан ч гэсэн эмээдэг баймаар юм, Манайхан бодоорой гэсэн. 😊 Гоё дуу pass хийсэн Spamchin-d thx.

No comments: