2008/11/04

Цуврал II - Хариуцлага

“Хэнд та бурууг тохно
Түүнд эрх мэдлээ алдана”
Доктор Вэйн Дер.


Байнгын хариуцлагаа ухаараагүй байхад бид хөрөнгөтэй болох боломжгүй юм. Хариуцлагыг бид дараах маягаар тодорхойлж болох юм: Таньд тохиолдсон үйл явдал бүрт (бусдын буруутай үйлдэл, гэнэтийн явдал мөн хамаарна) та хариуцлага хүлээх бус зөвхөн тэр тохиолдолыг хэрхэн хүлээн авч түүнд ямар хариу үйлдэл хийснийхээ төлөө л хариуцлага хүлээх учиртай. Өнгөрсөнд гаргасан шийдвэрүүд тань өнөөдрийн таны байгаа байдлын шалтгаан юм. Таны зөв хариу үйлдэл хийж чадаж байгаа эсэх нь таны ирээдүйн амжилтыг тодорхойлох учраас бид үүнийг сайн тооцоолох хэрэгтэй.

Бид өөрсдийн хариуцлагыг хүлээн авсан цагт л аливаа сөрөг сэтгэлийн хөдөлгөөн, муу чанарууд маань хүчээ алддаг. Таныг шууд хянаж эсвэл нөлөөлж болох тийм зүйлүүд гэж байдаг. Тэднийг хяналтын хүрээ гэж нэрлэе. Хариуцлагыг хүлээн авснаар өөрийн амьдралын хяналтын хүрээг тэлж чадна. Бидэнд хяналтын хүрээгээ тэлэх дөрвөн боломж байдаг.

-Бид өөрсдийн тухлаг бүс буюу аюулгүй, амар тайван байж чаддаг тэр орчноос гарах хэрэгтэй.

Би 16 настайдаа анх Калифорнид байхдаа өөрийн тухлаг бүсээс маш хол байсан ба удалгүй тэр хотод учраа олж эхэлснээр миний хяналтын хүрээ үлэмж тэлсэн байлаа. Түүнээс хойш би өөр ямар ч улсад очсон таатай байх болсон буюу өөрийн тухлаг бүсээс гарсан ч тайван байж чаддаг болсон байлаа.

-Бэрхшээл нь бидэнд хяналтын хүрээгээ тэлэх боломж өгч байдаг.

Бэрхшээл бол бидний хувийн ертөнцөд хамаарах асуудал боловч хяналтын хүрээнд ордоггүй. Үүнийг боломж гэж хар, нөгөөтэйгүүр: “Яагаад ийм бэрхшээлд оров” гэж асуух бус “Энэ бэрхшээлд ахин орохгүй байхын тулд би ямар нөхцөлийг бүрдүүлэх ёстой вэ” гэж өөрөөсөө асууж бай. Бэрхшээлээс айдаг хүн чинээлэг байдалд хүрч чадахгүй.

-Өөртөө зөв асуулт тавьж сур.

Бидний тархи тасралтгүй асуулт тавьж өөрсдөө түүнд нь хариулж, үндсэндээ бид дотроо үргэлж өөрсөдтэйгөө харилцан ярилцаж байдаг билээ. Хэрэв бид өөрөөсөө: “Би үүнийг хийж чадах болов уу?” гэж асуувал шууд л боломжоо хааж өөрөө өөртөө эргэлзээ бий болгоно. Үүний оронд: ”Би үүнийг яаж хийх вэ?” гэж асуугаад үз. Нөгөөтэйгүүр хэмжээгүй удаан бодож байж шийдвэр гаргадаг мөртлөө түүнийгээ байн байн өөрчлөөд байдаг хүмүүс асуултынхаа зөв дарааллыг олох хэрэгтэй байдаг.

-Би үүнийг хийх үү? Тийм эсвэл үгүй.

Үүнийг яаж хийх вэ? Энэ бэрхшээлийг яаж арилгах вэ? Ингэхдээ зөв шалтгаанаа (зорилгоо) үргэлж нүднийхээ өмнө алдалгүй байлгах хэрэгтэй.Бидний дотоод харилцан яриа бидний явах зүгийг тодорхойлох ба бидний хяналтын хүрээг тэлж эсвэл хумьж ч болдог.

-Хариуцлагагүй амьдрах хялбар уу?

Бид өөрсдийн үйлдэл төдийгүй мөн бусдын үйлдлийн төлөө ч хариуцлага хүлээх болдог. Хариуцлагаас зайлсхийж, түүнийг өөр дээрээ хүлээж авахгүй байх нь бидэнд илүү хялбар амар мэт санагддаг. Гэвч үүний төлөө төлөх үнэ цэнэ маш өндөр бөгөөд өөрийгөө бусдын тоглоомын бөмбөг буюу бусдын бичсэн ном дүрмийн дагуу амьдрах зам руу оруулна. Хариуцлагыг хүлээж авахгүй байх нь ядуурлыг бий болгодог. Ирэх долоон жил та хичнээн мөнгө хуримтлуулах нь өөр хэний ч бус гагцхүү таны хариуцлагаас шалтгаална.

No comments: