2008/11/13

Цуврал VI - Єр

Тэнэг ба ухаалаг зээлүүд

“Урт хугацааны асуудалд
богино хугацааны шийдлийг
хэзээ ч бүү зөвшөөрч бай”
Даниэл.С.Реи.


Өртэй байна гэдэг өнөө үед олон хүмүүсийн хувьд нийтлэг зүйл болжээ. Яагаад болохгүй гэж? Бүх л амьдралынхаа турш нарийлж байхыг хэн хүсэх вэ дээ. Германд гэр бүлүүдийн дөрөвний гурав нь ямар нэг хэмжээгээр зээл тавьсан байдаг. Зээл бүхэн өр биш гэдэг нь ойлгомжтой. Газар, байшин зэрэг үл хөдлөх хөрөнгө худалдаж авах үед гардаг зээлийн хэлбэр нь зээлээ төлөх өөрийн гэсэн зарчимтай бөгөөд өөрийн гэсэн үнэлгээний аргачлалтай байдаг. Миний хувьд хэрэглээний зээл авах нь маш аюултай гэж үздэг. Автомашин, тавилга, амралт, зурагт, хөгжим, угаалгын машин бүгд хэрэглээний зээлийн сонгодог шалтгаан. Ихэнх залуу хүмүүс байшинтай болсон өдрөө л түүнийг иж бүрэн тохижуулах ёстой гэж боддог нь буруу. “Бидний хүсч байгаа бүхэн бидэнд шаардлагатай гэсэн үг биш”

Бидэнд өөрийн хүч энергээ зарцуулах хоёр боломтой чиглэл бий. Бид үүнийг урт хугацааны үйл хэрэгтээ зарцуулна эсвэл богино хугацааны тулга тойрсон, хуурмаг үйлдэлдээ зориулна. Богино хугацааны шийдэл нь үнэн чанартаа биднийг урт хугацааны зорилгоос холдуулж байдаг. Бидний зорилго бол чинээлэг аж байдал байх ёстой. Бид өөрсдийн тэмүүллийн томоохон хэсгийг ирээдүйн нөхцөл байдал сайжирна гэсэн итгэлээс олж авдаг. Ийм сайжралд бид зөвхөн урт хугацааны стратеги боловсруулж, өөрийгөө мэргэшүүлж байж хүрэх ёстой. Хувийн өр дарамталж байхад ийм стратеги боловсруулах цаг болон урам зориг илт дутдаг ба үүний оронд таны өрөө төлөх цаг тулсан учраас ямар ч хэрэггүй шахам зүйлийг байнга хийхээс өөр аргагүй болдог.


Өр яаж үүсдэг вэ?

Та өөрийн нөхцөл байдалд аргаа олохгүй байгаадаа бус, гагцхүү буруу итгэл үнэмшилээс болж өр тавьдаг гэдгийг ухаарах нь чухал.

Бидний тархи яаж ажилладагийг та санаж байгаа биз дээ. Хүн зовлонг багасгаж баяр цэнгэл эдлэхийн тулд, юу ч хийхээс буцдаггүй зантай. Бусдын чадсан зүйлийг авч хүчрэхгүй байгаа нь атаархалыг төрүүлж, тэр нь бөөн зовлон мэт санагдана. Ингээд л хэн нэгэн тэрхэн мөчид зовлонгоо багасгах гэж хүссэнээр ихэвчлэн өр үүсдэг. Гэхдээ энэ мөч хэнд ч тааламжтай санагддаг. Бид сайхан хувцас худалдаж авах, эсвэл амралтанд явснаар баяр цэнгэлийг эдэлдэг биз дээ. Ингэж л бидний тархи яг одоо шууд болж байгаа процесст илүү хүчтэй хариу үйлдэл үзүүлдэг юм. Хэрэв бид хэтэрхий их зүйл худалдаж аваад байх юм бол аажимдаа маш хэцүү байдалд шилжинэ гэдэг нь тархинд тийм ч чухал биш. Учир нь тэр яг одоо тулгарч буй түрхэн зуурын зовлонг багасгаж, өөрийгөө баярлуулахыг хүснэ.

Гэвч хүмүүст дүн шинжилгээ хийх болон урт хугацааны стратеги төлөвлөх чадвар бас хөгжсөн байдаг. Гэвч одоогийн зовлонг багасгаж, жаргал амтлах программ нь ухаалгаар дүн шижилгээ хийдэг программаасаа илүү хүчтэй ажилладаг байна.

Түрхэн зуурын атаархал, бачимдлаас үүссэн багахан зовлон нь их хэмжээний өрөнд орсноор үүсэх хожмын том зовлонтой харьцуулахад өчүүхэн зүйл гэдгийг бид мэднэ. Ямар ухаалаг мэдлэг вэ? Гэвч энэхүү мэдлэг нь сүүлийн 4000 жилийн туршид хэрэглээний зээл авах явдлыг багасгахад ямарч нөлөө үзүүлсэнгүй. Ингэхлээр өр нь оюун ухаан дээр үндэслэж үүсдэг зүйл биш бололтой.

Өрнөөс зайлс хийх арга

Хичнээн авьас чадвартай байгаад сахүүгийн асуудлаа сүйрүүлчихсэн хүмүүс байхад, 10 жилийн өмнө тэгээс эхлээд өнөөдөр ихээхэн эд баялагтай болсон хүмүүс ч байна. Энэ бүхний ялгааг гаргадаг гол зүйл нь зовлон ба цэнгэлийг бидний итгэл үнэмшил хэрхэн томъёолж байгаагаас шалтгаална. Бид аливаа үйлдэл хийхдээ өөрийн “логик ухаан” болон санаа бодлын бус, харин итгэл үнэшлээ үндэс болгодог. Уг итгэл үнэмшлээ өөрчилж чадвал санхүүгийн байдал ч түүнийг дагаад өөрчлөгдөнө. Таны ямар итгэл үнэмшил өр тавихад хүргэж байгааг өөрөөсөө асуу:

Надад өрнөөс гаръя гэхэд ямар бэрхшээлүүд тулгардаг вэ? (танд ийм бэрхшээлүүд байгаагүйсан бол та ямар ч өргүй байх байсан) Боломжтой бэрхшээлүүд: эрх мэдлээсээ татгалзах, нэр хүндээ алдах, хэрэглээний хязгаарлалтууд...

Хэрэв өрнөөсөө салвал надад ямар давуу талтай вэ?


Эдгээр давуу талуудаас цаашид өөр ямар давуу талууд бий болох вэ?

Хэрэв би цаашид өртай байх юм бол ямар муу үр дагаварт хүрэх вэ?

Би ямар шийдвэр гаргавал зүйтэй вэ?

Өр хорогдуулах зөвлөмж


Өөрийгөө урт хугацааны зорилгодоо хандуул. Таны бодож ярьж, хийж байгаа бүхэн таныг зорилгодоо хүрэхэд хувь нэмрээ оруулж байгаа эсэхийг асуу.

Та: “Үүнээс нэг их юм шалтгаалахгүй” гэж хэзээ ч бүү хэлж бай. Энэ нь ганц гэлтгүй доллар бүхнээс хамаарна.


Бүх зарлагаа жагсааж, зардлаа төсөвлөж эхэл. Үүнд бага зэрэг оролдлого хэрэгтэй боловч үр ашгаа өгнө гэдгийг танд амлая.

Та мөнгө зээлдүүлэгч нартайгаа илэн далангүй ярилцаж бай. Нуугдмал байдал нь танд зөвхөн уур уцаар, ойлгомжгүй байдлыг л авчирна. Үүний оронд нээлттэй ярилцсанаар таны санал болгосон эргүүлэн төлөх нөхцөлийг тэд зөвшөөрнө.


Та өрөндөө дээд тал нь сард төлж чадах хэмжээнийхээ тал хувийг санал болгож бай.

50/50 зарчим

Илүү гаргаж чадах мөнгөнийхөө 50%ийг л өрөө дарахад зарцуул. Үлдсэн 50%ийг хадгал


Ингэснээр та чинээлэг байдлыг шууд байгуулаад эхэлж болно.

Танд урам зориг өгөх зорилгын төлөө ажилла. Чинээлэг аж байдлыг бүтээх, өр дарах хоёрыг нэгэн зэрэг хий.

Бэлэн мөнгөний хатуу нөөцтэй болж чинээлэг байдлын ухамсараа хөгжүүл. Уг хатуу нөөц нь таныг өрнөөс болж хүндрүүлж байгаа бэрхшээлийн 80%ийг шийдэх аваар ослын нөөц болно. Үнэндээ хүнийг өрийн хэмжээ бус түүний нөлөөгөөр үүсдэг “жижиг” асуудлууд л дарамталдаг. Энэ нөөцийг та өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэнд, сайн сайхны төлөө заавал хэрэгжүүлэх ёстой.


Зарлага гаргах бүртээ: “ Энэ үнэхээр хэрэгтэй юу, зайлшгүй шаардлагатай зарлага мөн үү?” гэж өөрөөсөө асууж бай.

Та сард зарлагадах ёстой мөнгөнийхөө дээд хэмжээг болон сард олох ёстой мөнгөнийхөө доод хэмжээг хатуу тогтоож занш.


Өртэй харьцах стратеги

Ямар ч бэрхшээлд сайн тал байдаг учраас бид өр хүзүүгээр татаад ирэхийн цагт хэний ч бахдалыг төрүүлэхээр гавшгай, авхаалжтай нэгэн болж хувирдаг. Гэвч үүний хажуугаар өртэй хүмүүс үргэлж өөрсдийгөө зэмлэж, махалж байгаа нь ажиглагддаг. Тэд өртай байж болно, тэглээ гээд тэд бүгд бүтэлгүй амьтад биш шүү дээ. Та өөрийн хүч энергийг өөрийгөө буруутгахад бус өрөө дарахад зарцуул. Та өөрийгөө ч, өөр хэнийг ч буруутгах хэрэггүй.

ТА өртэй байдлаа сахилга баттай болохдоо ашигла. Хэрэв та итгэл үнэмшлээ өөрчлөх юм бол сахилга баттай болох хялбархан. Өмнө нь би эрх чөлөө гэдгийг “Хүн юу хүссэнээ хийж, юу хүссэнээ өөртөө зөвшөөрөх боломж” гэж ойлгодог байсан. Харин миний шинэ тодорхойлолтоор “Эрх чөлөө гэдэг нь зорьсон үйл хэргээ бүтээхийн тулд өөрийн зарчмыг хатуу баримтлах явдал” болсон юм. Сахилга бат бол хүч бөгөөд бидний хэмжээгүй их чадавхийг бодитой, хэлбэр дүрстэй болгодог зүйл юм. Сахилга батгүй бол ямар ч авьяас оргүй хоосонтой адил.


Ихэнх өрөнд орсон хүмүүс муу үр дагавартай төгсгөлд хүрдэг. Та өртэй болсон нь баян болох авьяасгүйдээ бус гагцхүү буруу итгэл үнэмшилтэй байснаас үүдэлтэй гэдгийг мартаж болохгүй. Өрөнд орсон хүмүүс зорилгоосоо няцдгийн ганц шалтгаан нь өөртөө итгэх итгэл дутсанд оршино. Бидний итгэл бид юунд хүрэхийг тодорхойлно. Амьдралаас их зүйл хүлээж байдаг хүмүүст амьдрал ч ихийг өгдөг. Тиймээс та зорилгоо өр дарахаас илүү өндөрт хатга. Санхүүгийн дарамт бидэнд хор болж чадна эсвэл эм ч болж чадна. Аль нь байхыг та л шийднэ.

Мөнгө үрэхгүй байх, хэмнэх гэдэг нь гэрэлт дэнлүү лугаа адил өрийн харанхуйг гэрлээг гийгүүлдэг. Өрийг угтаж гүйх нь (дарах) харанхуйг үүрч явахтай адил. Иймд 50/50 зарчим их чухал байдаг. Өртэй тэмцэх хамгийн сайн арга бол хөрөнгө хуримтлуулах явдал юм. Өр гэдэг жинхэнэ бэрхшээл биш харин бидний өрийг хэрхэн хүлээж авч үзэх хэлбэр л жинхэнэ бэрхшээл байж болно.

No comments: