2008/11/05

Цуврал IV - Хvмvvс яагаад чинээлэг болдоггvй вэ?

“Алдахгүйн тулд тоглох,
хожихын тулд тоглох
хоёрын хооронд том ялгаа бий”
Даниел С.Рен.

Өмнө нь дурьдсанчлан чинээлэг болох ийм хялбархан байхад яагаад ихэнх хүмүүс ядуу хэвээрээ байдаг вэ гэсэн асуулт гарч ирж байна. Учир нь ядуу байх чинээлэг байхаас илүү амархан болоол тэр. Сар бүр орлогынхоо багахан хувийг хадгалах амархан шиг хадгалахгүй үрэх бүр амархан, хадгалсан мөнгөө ашигтай зүйлд хөрөнгө оруулах амархан бол түүнийг зүгээр үрэх илүү хялбар.

Мөнгөгүй хүмүүс хоорондоо өмч хөрөнгөтэй болохоос байнга хойш сууж байдгаараа төстэй байдаг. Тэдний гаргадаг алдаанууд болон түүнийг шийдвэрлэх аргуудын талаар дурьдвал:

Мөнгөгүй хүн баялгийг тодорхойлж чаддаггүй.

Таны амьдралаас хүсэх зүйл тодорхой байх хэрэгтэй. Таны ирээдүйн зорилго яг хэдний, хэдэн цагт, ямар хэмжээний мөнгөтэй байх зэрэг тодорхой үр дүнг тусгасан байвал сайн. Ирээдүйд олж болох мөнгөө мэдэж байж тэр байдлаа өөрийн ухамсартаа сайн хэвшүүлж өгвөл биелэх магадлал төдий хувиар өсч байдаг.

Мөнгөгүй хүн чинээлэг амьдралыг туйлын зорилгоо болгож чаддаггүй.

Өөрийн ирээдүйд мөнгө олох байдлаа зайлшгүй хийх ёстой, түүнээс өөр гарах гарц байхгүй гэж өөртөө итгүүлэх хэрэгтэй. Мөн нэг чухал зүйл бол тэрхүү таны тавьсан зорилт том байх тусам түүнд хүрэхэд хялбар байх болно. Учир нь жижиг зорилгууд анхны томоохон бэрхшээл тулгарангуут түүнтэй харьцуулагдан байнга өөрчлөгдөх буюу хүчингүй болж байдаг. Ийм зорилгуудад хэзээ ч хүрч чаддаггүй. Бид чинээлэг амьралыг “Би хийх ёстой” гэсэн төлөвт оруулах хэрэгтэй. Амжилттай яваа хүмүүс өөрийгөө “Би хийх ёстой” төлөвт оруулах хэрэгтэйг мэддэг ба тэд зорилгодоо хүрэхгүй л бол хэзээ ч сэтгэл нь амардаггүй.

Мөнгөгүй хүн тэсвэргүй байдаг.


”Хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч...
Бүү бууж өг!” Уйнстон Черчил.

Мөнгөгүй хүн хариуцлага хүлээх чадваргүй байдаг. Амьралынхаа хамгийн их орлоготой сарыг олж, тэрхүү олсон мөнгийг 12 дахин үржүүлсэнтэй тэнцэх мөнгө сар бүр олж түүнийгээ 10%-иар тогтмол нэмэгдүүл. Хэрэв та үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол өөрийн амжилтыг сүйтгэгч гол хүч нь та өөрөө болж хувирна.

Мөнгөгүй хүн өөрийгөө 110% дайчилж чаддаггүй.

Шалтаг, уучлал хоёр нь хүний амьдралын хэвшил болох аваас хамгийн их аюулыг авчирдаг. Бид өөрт байгаа бүхнийхээ төлөө гарцаагүй талархах ёстой. Түүгээр зогсохгүй маргаашийн хангалуун байх үндэс болсон хүний өсөж хөгжих хэрэгцээг үгүйсгэж болохгүй. Мод амьд байх хугацаандаа зогсолтгүй өсч байдагтай адил өсөхөө больсон хүн үхэж эхэлдэг. Хүн хамгийн хүчтэй сэтгэл ханажийг аливаа зүйлд өөрийгөө бүрэн зориулах үедээ л олдог.

Мөнгөгүй хүмүүст сургагч дутагдаж байдаг.

Баялаг бүтээх хамгийн чухал суурь нь сургагч буюу танаас илүү амжилттай яваа, таныг дэмждэг, ивээл дор нь орж болох хүнийг олж авах хэрэгтэй байдаг. Би хөрөнгө чинээтэй хүмүүстэй ярилцаж байхад тэд бүгд ямар нэг сургагчтай, үгүй ядахдаа үлгэр жишээ болох хүнтэй байсныг олж мэдсэн юм. Тэд амжилтынхаа 80%-ийг өөрийнх, илүү гарсан нь түүний сургагчийн гавьяа гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Росс Перрот, Ричард Брэнсон мэтийн хүмүүс ч мөн адил. Таны сургагч:

-Танаас дор хаяж 10 дахин илүү хөрөнгөтэй хүн байх ёстой.
-Тэр танд тусалж гаргах алдааг багасгана.
-Тэр таны авьяасыг хөгжөөж, цаг үрэхийг чинь зогсооно.
-Таныг хүчтэй өдөөх төдийгүй тан дээр бяцхан “зовлон” туршихаас ч сийхгүй.
-Тэр таны дэвшлийг ажиглаж, бүтээмжийг тань хянах болно.
-Тэр таныг ганцаараа зүрхлэхгүй зорилго руу хөтлөнө.

Мөнгөгүй хүн өөрийн сул тал дээр төвлөрдөг.

Таны давуу тал таныг баян болгоно. Та өөрийн сул талдаа тохирсон шийдэл, давуу талдаа сайн сургагч олох хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд чинээлэг байдлын төлөө таны төлөх үнэ бол гагцхүү цаг юм. Гэвч чинээлэг байдлын хүрсний дараа танд олдох цагтай харьцуулахад өчүүхэн зүйл юм. Чинээлэг байдал танд амьралынхаа утга учрыг санаа зовох зүйлгүй, тайван бодох нөхцлийг бүрдүүлнэ.

Чинээлэг аж байдлын үнэ цэнэ ямар вэ?

Хэрэв таны амьдралд мөнгө анхдагч нөлөөтэй болох аваас мөнгөгүй байснаас ч долоон дор эрүүл мэндийг тань хохирооно. Ужгирсан мөнгөний өвчин нь чинээлэг байдалтай харьцуулахад танай гэр бүлд маш том хар сүүдрийг нөмөргөдөг.

Чинээлэг болох нь харьцангуй хялбар. Энэ номонд ойлгомжтой бичигдсэн энгийн тодорхой алхам бүрийг хэрэгжүүлэхэд л болно. Үүний тулд та тодорхой үнэ төлнө. Энэ бол таны цаг. Ингэлээ гээд та гэр бүлээсээ хөндийрөх шаардлагагүй ба энэ номыг уншиж судлахад өдөрт хэдхэн цаг зарцуулахын хамт санхүүгийн байдлаа ул суурьтай зохицуулах багахан л цаг гаргахад хангалттай. Мөн ирээдүйгээ төлөвлөхөд зориулж сар бүр хэдхэн цаг гаргах хэрэгтэй болно. Энэ нь таны хожих цагтай харьцуулахад юу ч биш.

Саббат жил

Таван жилийн дараа нэг бүтэн жилийн амралт авч болно гэж бодъё. Та бүтэн жил хүссэн бүхнээ хийж, үүний хажуугаар бүх тооцоогоо төлж чадна гэсэн үг юм. Та жирийн өдөр зав гаргаж чаддаггүй тийм зүйлүүдээ буюу аялах, зугаалах, наргих цэнгэх гээд таалагдсан бүхнээ л хийнэ.

Энэ санаа "Хуучин Гэрээслэл"-ийн цагаас үүдэлтэй юм. Семитийн ардууд 9 жил ажиллаад 1 жил амардаг байжээ. Энэ нь тэдний хувьд ахуйгаасаа холдож, ухаан сууж бясалгах ёстой жил юм. Энэ хугацаанд тэд амьдралынхаа чиг зорилгыг хянаж, ирэх 10 жилээ төлөвлөдөг. Мөн алс хол аялж эсвэл юу ч хийхгүй байж болдог.

Миний хувьд 9 жил ажилласны дараа мөнгө ямар ч асуудал биш болж, харин "байх ёстой" агуулгаараа буюу миний амьдралын баталгаа болсон байв. Нэг ёсондоо би хуримтлуулсан мөнгөнийхөө хүүгээр амьдарч чадахаар болжээ. Иймээс би 1 жилийн амралт авсан юм. Эхний 7 хоногт нь би бараг юу ч хийгээгүй. Дараа нь би нэлээд хэдэн семинаруудад сууж бас бясалгаж сурав. Миний амьдралыг баяжуулсан хийгээд өөр бусад мэргэжлийн номнуудыг бүгдийг нь орхиосон. Би өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсож сурсан. Би өөрийнхөө ирээдүйг төлөвлөхийг хүсч байсан боловч, ямар ч хариулт биш зөвхөн асуултууд олж байгаагаа баттай мэдсэн. Мөн олон асуултууд хойно хойноосоо урсан гарч байсан боловч эцэст нь бүгд үндсэн хоёр том асуудал руу нягтарсан юм. Би хэн бэ? Би яагаад энд байна вэ? Миний амьдралын утга учир юу вэ? гэдгийг л мэдэхийг хүсч байлаа. Эдгээрийн хариултыг олохын тулд би бичиж эхлэв. Би Кариб руу явж, дал модны дор суугаад өнөөх хоёр асуултынхаа хариуг тунгаав. Энэ цаг мөч надад ямар үнэ цэнэтэй байсныг та төсөөлж байгаа гэдэгт итгэж байна. 11 хоногийн дараа олон олон хуудас бичсэний эцэст би нэг зүйлийг маш тод харсан. Энэ бол миний "зориуллага" байв. Хүч чадал, энерги, хүсэл тэмүүлэл, мэдлэг - энэ бүгд амьдралын утга учиртай хэрхэн нийцдэг нь гайхалтай байлаа. Ингэж амьдралынхаа хүсэл тэмүүлэлийг нээсэн юм. Таньд ч гэсэн амьдралын тань хүсэл тэмүүлэл болоод тайван байдалд бодож эргэцүүлэх, цаг хугацаа шаардсан зүйл байдаг л биз. Хэрэв Саббат жил авах болвол юу хийх вэ? Энэ бүтэн жил зөвхөн танд л зориулагдах ба энд мөнгө ямар ч нөлөөгүй байх болно.

Мэдээж амьдралын утга учираа олохын тулд заавал санхүүгийн хувьд эрх чөлөөтөй байх албагүй ч мэдээж тустай гэдгийг хүлээн зөвшөөрнө биз ээ. Олон хүмүүс өөрсдийн өдөр тутмын аар саар зүйлд санаа тавьж явсаар амьдралын хамгийн чухал асуулттайгаа нүүр тулан суух цаг зав гаргаж чаддаггүй юм уу даа гэж бодогддог.

Миний хувьд хүн өөрийн чинээлэг аж байдлыг бүтээхгүй байсны төлбөр төлөөс нь хэтэрхий хүнд тусдаг гэдгийг л мэдэж байна. Хүн өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алддаг юм. Хэвийн эрүүл мэндтэй байхад ч тодорхой хэмжээний санхүүгийн аюулгүй байдал шаардлагатай. Энэ номын тусламжтайгаар ухаалаг замаар чинээлэг байдлыг бий болгохын тулд та өөрийн цагаар хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болж байна. Энэ хөрөнгө оруулалт танд олон дахин эргэн төлөгдөнө. Үүгээр та маш их цаг хугацаа, бүр Саббат жил ч хожиж болно.

Мөнгөтэй байх нь ач тустай гэдгийг би итгэлтэйгээр хэлж чадна. Өвчин зовлонд баригдаж ядуу амьдарснаас, эрүүл чинээлэг аж төрөх нь хавьгүй дээр биз дээ. Мөнгөтэй байх нь хүний мөн чанарт ч илүүтэй тохирно. Энэ нь та өөрөө өсөхийн хамт таны мөнгө ч өсч байх ёстой гэсэн үг. Дөнгөж түрүүхэн бид магадгүй танд таагүй мэдрэмж төрүүлэхүйц зарим асуудлыг хэлэлцэх шиг боллоо. Магадгүй таны өөрийн итгэл үнэмшил дотоод сэтгэлтэйгээ зөрчилдөж ч байж болох юм.

No comments: