2007/06/13

Б.Галсансvх - Тvvвэр шvлгvvд


Цувралаа “Болор цом 2006” наадмын цомын эзэн пост модернист Б.Галсансүхээр үргэлжлүүлж байна.

. . . Сайн шүлгийг уншихад эхлээд солиотой, сонирхолтой, тэгээд сайхан. Сайн (сонсоход биш шүү уншихад) тэгээд зүгээр л сонгодог санагдана.

Жич: Зохиогч нь заавал зөрүүд, замбараагүй, задгай (завхай гэсэн үг биш шүү) зожиг, ганцаардсан байдаг юм.

Гэгээн алсад одохсон...Сэтгэлд минь мөс хийсэн хүн бүрийг би уучилна. Элэг минь эмтэрч, зүрх минь зүсэгдлээ ч би уучилна. Б.Галсансүх


"Шивээстэй бүсгүйн хаалга"
Ертөнцийн хаалганы наана ер бусын өдрүүд үргэлжилж
Ердийн амьдралыг минь чимсэн шивээстэй бүсгүй чи
Ердөө ч надад хаалгааа тайлахаа болив. Орох хаалга
Ертөнцөд олон боловч онцгой байсан юм чиний
Шивээстэй хаалга. Онгон залуу цогцосны амтанд
Шумуул адил шимтэн шунасан юм. Өнгөрчээ. Тэр
Хаалга бүр мөсөн хаагджээ. Өө. Тэгэвч
Хөх загалмайтны ялалтын хаалгыг би хөрсөн
Сэтгэл шиг чинь мартаж чадна. Янаглахуйн
Сэрэл болоод нууц эрдмийг яргуй адил залуу охинд
Яг чамд заасан шигээ зааж чадна. Шивээстэй бүсгүйн
Янагийн хаалганы тухай яруу шүлэг шивнэх болно. Түүнд
Тэр үед шивээстэй бүсгүй юу хийж байх болоо?
Тэнгэр хараад л, од тоолоод л, үүл сонжоод л
Тэмдэглэлийн дэвтэртээ юу ч юм бичээд л, тамхиа татаад л
Тэгээд тэр ээжийгээ үгүйлж, аавыгаа зүхэж, ном уншиж
Ертөнцийн хаалганы цаана орших ер бусын
Ертөнцийн тухай ердийн нэгэнд хөөрч байх биз ээ.
Шивээстэй бүсгүйтэй танилцахсан гэв үү? Хэрэггүй, хэрэггүй
Шулам юм тэр, цус сорогч юм тэр, нүдийг чинь ухчихна
Шүү тэр, Надад ингэж бодох сайхан санагдсан...
Шулам, цус сорогч, харалган болгогчидтой найзлахаа
...Би больсон...


Ганцаардал
Ганцаардан шаналдаг өрөө минь – Ганц нүдтэй
Ганц тэр нүдээр – Гадагшаа намайг
Харахад эмнэлэгийн хана шиг цас
Харааг минь ядраана. Хүсээгүй байхад
Бэлэглэсэн хайр чинь хачин хүнд юм
Бэлэглэсэн хайрыг чинь би даахгүй байна
Нойрны эмнүүд шиг цас надаас бусдыг нь
Нойрсуулахад хорвоогийн хязгаарт хүргэх
Хос мөнгөн далавчийг ганц нүдтэй өрөөндөө
Харанхуй шөнөөр ухаанаа гарган урлахад
Хүрээд ир гэсэн хайр чинь
Хөнгөн юм. Хөнгөн хайрыг чинь би хүсэхгүй
Байна. Олон ангит цуврал зүүд шиг
Барагдаж дусахгүй бүрхэг өглөө бүхнийг
Базаж хуниад хогийн хувинд хийгээд
(Бүгдийг нь) чүдэнз зураад шатаачихмаар
Санагдахад Оюун ухаанлаг хайр чинь
Сохор юм. Сохор хайр чинь надад
Сонирхолгүй байна. Сонирхолгүй (уучил)
Сохор хайр чинь уйдсан үед санагдах юм


Хүлээлт
Хүсэл минь зангираад булчин шиг чинэж
Хайр минь хүлээлтэндээ нуруу шиг чилж
Дур минь дэлбэрэх гээд дарс шиг шуугиж
Дэр минь ганцаардаад хун шиг өнчирч
Уулга алдах учралыг удаан хүлээж байна
Үүд минь баярласандаа хэрээ шиг бархирах

Үг минь догдолсондоо сувд шиг бөмбөрөх
Цай минь хөөрч хүүхэд шиг дэвхцэх
Цонх минь цочирдож толь шиг хөлрөх
Үйл явдлыг үсээ цайтал хүлээж байна
Уруул минь үнсэлтийг чинь үгүйлэн хагасаж

Ухаан минь цэнгэлийг хүсэмжлэн хагасарч
Мэдрэхүй минь үнэрээр чинь дутагдаж
Мэдрэл минь аалиар чинь амьсгалах гэж
Хайраар чинь цанган хүлээж байна
Бараа бараагаа харалцсандаа балмагтах

Биеэ барьж чадахгүй тэврэлдэх
Зүрхээ дарж үгээ мартах
Зүүдээ гүйцээж магнай хагарах
Аймаар учралыг амьсгаагаа түгжин хүлээж байна.



* * *
Хүүхэн хүн гэдэг бол загас юм
Харин би бол загасчин юм
- Үмхэж байна уу?
- Үмхэхгүй байнаа 
Амьдрал гэдэг бол арал юм
Айдаа би бол аялагч юм
- Ганцаараа аялах хэцүү байна уу?
- Ганцаардахгүй хэцүү юм 
Мөнгө гэдэг будаа юм
Миний бие бол тагтаа юм
- Тонших будаа хэрэгтэй юу?
- Өгөөд үз л дээ 
Үхэл гэдэг бол тэнгэр юм
Үүрийн цолмон бол би юм
- Харваагүй л байна уу?
- Харвадаггүй од гэж бас байх юм...


Сэтгэл
Миний сэтгэл гонзгой урт – улаан хоолой шиг
Мушгирч уурлахаараа пөмбийж хавагнаад томболздог
Баярлахаараа агшиж сунаад агшиж сунаад агшиж сунаад
Байдгаараа тэлээд тэлээд тэгээд, тэгээд сөөчихдөг
Гомдохоороо үрчийж хорчийгоод хальс шиг болж хатаад
Гол дээр тоглож байгаа хүүхэд шиг сураггүй болчихдог
Хорсохоороо хачин шар ногоон өнгөтэй болж хувираад
Хороо шахаж байгаа могой шиг чивчрээд хагарчихдаг
Тайван байхдаа гонзгой урт юм л унжийгаад талимаараад
Таньдаг хүн мэндэлж байгаа юм шиг тайван байдаг
Атаархахаараа... Аа нэн аюултай татвас татвас хийгээд
Амьсгаа нь давчадсан хүн агаар эрэх шиг аль ч учраа олохгүй
Догдлохоороо дэндүү гоёо дороо цовхчин ийш тийшээ санжигнаад
Долоон өнгөөр солонгороод даанч дэндүү гоё, гоё, гоё
Хүлээхээрээ миний сэтгэл хааяа нэг, хааяа нэг хөдөлснөө
Хүлээтэй юм шиг хөдөлгөөнгүй хөхрөөд хүлээгээд л байдаг
Миний сэтгэл баярладаг, гомддог, догдлодог, атаархдаг
Миний сэтгэл муухай, сайхан, хорсдог, уурладаг, хүлээдэг
Миний сэтгэл өөр яадаг билээ? Гунигладаг, эрхэлдэг, эмзэглэдэг
Миний сэтгэл заримдаа надад сэтгэл байхгүй юм шиг санагддаг.


Мастурбаци
Сармагчин бид хоёр л
Сааж чадна
Сайхан хүүхний зураг
Сармагчинд байхгүй ч
Гавал байна
Гар байна
Ганцаардал байна
Галзуу дур байна
Сармагчин бид хоёр л
Сааж чадна
Сармагчинд
Сармагчингийн
Сүрэг байвч
Саах хэрэг гарна
Сармагчин бид хоёр л
Сааж чадна
Ганцаардахад
Гар байна
Гавал байна
Галзуу дур байна
Сармагчин бид хоёр л
Сааж чадна
Хүн сүрэг
Хажууд байвч
Харин саах
Хэрэг гарна.


“Маркиз Дэ Садын богинохон зөвлөгөө”
Тамхи нас богинсгохгүй. Тайвширцгаа. Татацгаа.
Тэр чинь худлаа үг. Тэгээд мэдсээр байж, Бүү шаналцгаа.
Архи амьдралд гай болохгүй, Айх хэрэггүй, Ууцгаа.
Алтан дэлхийг хаая гэсэн согтуу харах сайхан.
Өндөрөөс бүү ай, Алив үсэр, Харай, Шунга.
Өргөн дэлхийн агаарыг шүхэрчин шиг амталцгаа
Хүйтнээс бүү ай, Гарч зугаалцгаа, Мэдэрцгээ
Хөрст дэлхийн амьсгалыг хүйтэн чулуун дор мэдрэнэ гэж байхгүй.
Бүсгүйчүүдээ самуурцгаа. Цэнгэцгээ. Садарлацгаа.
Эр хүний сайхныг энэ ертөнцөөс өөр газар мэдрэхгүй.
Эрчүүдээ самуурцгаа. Цэнгэцгээ. Садарлацгаа.
Бүсгүй хүний сайхныг энэ ертөнцөөс өөр газар амсахгүй.
Шүтээндээ мөргөцгөө. Залбирцгаа. Сүсэглэцгээ.
Шүтлэгийнхээ хэрээр диваажингийн зиндаанд заларна.
Хэрэлдэцгээ, Зодолдоцгоо, Алалцацгаа, Үхцгээ.
Хэн ч энэ ертөнцөд дахин төрөхгүй
Тэвэрлдэцгээ, Эвлэрцгээ, Уйлцгаа, Инээцгээ
Тэнгэр биднийг харж байна. Тэнд ийм боломж олдохгүй.


БИ...
Би... буриад, хүү, эцэг, ах, гон бие
Бас яруу найрагч, тамхичин, сэтгүүлч
Мөрөөдөгч, азгүй нууц амраг, анархист,
Мөнгөнд дурлагч, уншигч, тэнүүлчин
Даарамтгай ч халуунд дургүй, юм угаах дуртай
Гэнэтхэн гуниглагч, хуурамч даруу загнагч, салхинд зугаалагч
Муур хочит, муухай аашт, сайхан зант
Үүд тогшигч, үрэлгэн загнагч, үүрээр унтагч
Үүл шохоорхогч, үсээ засуулагч, өмд худалдан авагч
Хөгжим сонсогч, худлаа яригч, ханиад хүрэгч
Харандаа үзүүрлэгч, өрөө хөлслөгч, өрөнд баригдагч
Явган зорчигч, яриасагч чалчаа биш
Яаруу адгуу ч хойрго бус хааяа найрлагч
Шашингүй үзэлтэн ч шинжлэх ухаан ч биш панк
Шуугиан таригч, чимээгүй амьдрагч, сар шүтэгч.
Шинэчлэлийг гүйцэтгэг ч уламжлалыг судлагч мөн идеалист
Шөнө зүүдлэгч, чихэр идэгч, сахлаа хусагч....


Хувь заяатайгаа би ...
Хувь заяатайгаа би эвлэрэх дургүй нь сайхан
Хуучин бүхнийг дурсах хэрэггүй нь сайхан
Цагийн юм цагтаа гэдэг үг
Цээжнээс минь гардаггүй нь сайхан
Зовлон болоод ганцаардал гэдэг үг
Зөвхөн надад хамаатай байх нь сайхан
Ярихын аргагүй сэтгэлийн хөдлөл
Янз янзын үед илрэх нь сайхан
Хүссэн бүхэн шаналал болж
Хүсээгүй зовлонг надад авчирах нь сайхан
Өнө эртнээс надад зориулж бэлтгэсэн
Өгөөмөр зовлонг жаргал шиг эдлэх нь сайхан
Эдэлж эдэлсэн энэ жаргалаасаа болж
Эрлэгт очоогүй байх нь сайхан.
Харин тэр үед би харамсалгүй
Харамж шан адил зовлонгоо дааж чадах нь сайхан.


Символист- хүн судлал
Цусны минь эргэлтийн аясыг дагах
Цэнхэр наран, улаан саран эрээлжлэх
Сүнс минь биедээ эргэж ирэлгүй, оролгүй
Сэтгэлийг минь хийсгэж салхилангуй, амарлингуй
Ирээдүй минь бүдэг цайвар, шаналангуй
Итгэл муутайхнаар бие минь сүнсээ хүлээнгүй
Дусаад тогтсон харанхуй буланд "би" биеэ орхичихсон
Дээвэр дээр сүнс минь од тоолоод суучихсан
Зүүд минь хоёр биеийн завсар ганцаардчихсан
Зорих зам минь өмнөөс хоёр тийш одчихсон
Оюун санаа, сэтгэл зүрхний минь амь цогийг
Ойрмог тохиох үйл явдлууд цэнэглэх байх ...
Сүүлийн үед бүх л бие минь хүндрэн өвдөөд
Сүнс минь биендээ ирж байх шиг ...
Хар аяндаа бие минь сульдан алдраад
Хоёр дахиа мэндэлж байгааг минь
Хэн ч анзаарахгүй байх шиг ...


Сентминталист - хүн судлал
Зөрөх нэгэн нүдийг минь хараагүй бол
Зовлонг минь ойлгоход бэрх ...
Зүрхний шигдээснээс илүү хүчийг
Зөвхөн тамхи надад өгөх ...
Зөвлөх андын үгнээс илүүг
Зайлуул энэ бор дарснаас олох ...
Хүрэх газрын холд
Хуучин цамц минь хань болох ...
Өнгөрсөн бүхний сайхныг
Өнөөдөр нулимс минь гэрчлэх ...
Учрах зовлонг тосоход
Уур хилэн, бардам сэтгэл минь туслах ...
Зорьсондоо тэмүүлэх хүнд
Зам тавин өвс болж туслах ...
Өнгөрсөн, одоо, ирээдүйд
Өөрөө өөрийнхөөрөө үлдэх ...


Сонгодог авангард - хүн судлал
Нэг дэлбээ, хоёр дэлбээ, гурван дэлбээ
Надад цэцгээр мэргэлэх сайхан байна.
Үхэх үү? Эсвэл амьдрах уу?
Үйлийн үр үү? Эсвэл зурсан зураг уу?
Нэг амьдрал, Урьдах амьдрал, Хойд амьдрал

Надад энд амьдрах сайхан байна.
Тэгээд Үхэх үү? эсвэл Амьдрах уу?
Тэндхийн диваажин дээр үү? эндхийн там дээр үү?
Нэг мөрөөдөл, нөгөө хүсэл, өөр найдвар
Надад өөр зүйл хэрэггүй нь сайхан байна.
Амьдрах уу? Тэгвэл үхлийг үзэн яд.
Үхэх үү? Тэгвэл амьдралыг үзэн яд.
Нэг хайр, бас шохоорхол, нууц тачаал
Намайг энэ бүхэн нь хүрээлдэг нь сайхан байна.
Үйлийн үр үү? Тэгвэл хүлцэн тэвч.
Зурсан зураг уу? Тэгвэл ерөөлөөрөө болог.
Нэг амьдрал, өөр мөрөөдөл, бас шохоорхол
Надад цэцгээр мэргэлэх сайхан байна.
Үхэх үү? амьдрах уу? найдах уу? хайрлах уу?
Үйлийн үрээ эдлэх үү? Нөгөө хүслээ гүйцээх үү?


Гэгээн гуниглал минь
Гэгээн гуниглал минь
Гадны хүн орж болохгүй гэсэн бичигтэй тэнцүү.
Тунгалаг инээд минь
Тамирдсан сэтгэлийг минь илааршуулахгүй.
Ариун хайр минь
Авсанд орсон хойно үнэд орно.
Харанхуй ганцаардлыг минь
Хэн ч анзаарахгүй.
Цайлган бачуурал минь
Цаг хугацаатай тэмцэлдүүлнэ.
Хөнгөн алхаа минь
Харалган болгосноос цаашгүй.
Зүүрмэглэх төдий нойр минь
Зүүд гэдэг өвчнийг сэдрээнэ.
Хувирамтгай сэтгэл минь
Хорин дөрвөн цагт
Хэлэхийн аргагүй нэг л зүйлд
Хувьсгалч шиг зовно.
Хувирашгүй шаналана.
Өөрийгөө таних гэж оролдсон минь
Өвчин болж хувирав.
Өргөс шиг авчихаж болохгүй энэ өвчин
Үхсэн хойно ч салахгүйг би мэдэв.

5 comments:

Anonymous said...

Salsansuhiig dahin unshih bolomj olgosond bayarlalaa.
Oyutan bhdaa unshaad neg l bish sanagdaad ahij barag haraagui yum boluu.
Unuudur unshaad nad setgegdel torloo. Gehdee yamar gedgiig n helehgui ee.

Huniih n huvid bi hundeldeg l dee. Ugaasaa...

Harin ene buhnii daraa uulzaj yariltsmaar sanagdaj bna.
Neg l dulood yavdag baisan yum.

Nomoo ogson ch yahav. He he.

Different Theory said...

Магадгvй Галсансvх уламжлалыг тас эвдэж чаддагт нь би учиргvй дуртай байдаг юм болов уу даа. Нисванисийн Амгаатай муухай адилхан вкустэй. Жаахан хvvхэд шиг хөөрхөн бачка шvv. Лаг найзууд гэсэн байх аа. Супер төлчинөөр ямар их дэмжив ээ. Амьд болгож байгаа нь Quiza тэр 2 л байгаа юм чинь. Миний хайртай залуучууд улам л нэмэгдсээр байна даа. Тэмvvжин байна. Удахгүй Монголын улс төрд цахиур хагална даа. Гэснээс Галсансvх Горькийг төгсөж ирээд бичсэн "Сэтгэл гэдэг эрхтэн" номыг найздаа төрсөн өдрөөр нь бэлэглэж байсын тэр vед хальт л эргvvлсийн. Тухтай уншиж чадаагvй болохоор ч тэрvv ойлгоход асар хvнд байж билээ. Vнэндээ миний толгой, мэдрэмж дутаж байна лээл дээ. Одоо нэг тухтайхан барьж аваад vг vсэггvй нэг махчилж уншиж vзэх юмсан. Алтан өд авсан ном мөлжvvртэй л байх учиртай даа. Ингэхэд SO чиний ном юу болж байгаа вэ? Зохиол, сэтгvvл зvй гэдэг угаасаа л чиний хийх ажил болохоор зэвэрч болохгvй шvv! Тодорхой хэмжээгээр чи хvмvvст танигдсан гэж би боддог. Чиний шvлгvvдийг уншихад чи яавч хоосон биш. Маных нь ширэээний номнуудын нэг болж чадсан шvv. Орост хvртэл чиний шvлгvvдэд анализ, задаргаа хийж эхэлсэнийг бодоход муугуй л амжилт. Мань мэтийн сонирхогч хvртэл уншаад амжсаныг бодоход...

Яанаа, сvvлийн vед би асар их нуршиж байна шvv... Хэхэ

Anonymous said...

Bayarlalaa. Goy sanagdaj bna.
Neg hun ch gesen ene buhniig mederch bval bi YAG ENE UYED UHSEN CH YAHAV.
He he. Yostoi chinii heldgeer Daliichlaa...

Hiih l sanaa bna. Gesnees uchigdor neg shuleg torov. Yostoi goy.
Neg shulgiin toloo amidardag huniig oilgoh hun hovor l doo. Gehdee setgel hangaluun utga uchirtai bnaa huu.

Ugluuhun ajildaa ireh zamdaa Bi SANAMSARGUI AMIDRAAGUI gedgee meddeg gesen ug orj ireed bsan yum. Hend heleh bsan yum bol. He he...
Bayarlalaa.

Bi ahiad Galsansuhiin zurgiig olson shdee.
Tegs hiij bgaad Galsansuhtei uulzaj talitsaj durluulna aa. He he...

Anonymous said...

Zadgai, hungun, gaihamshigtai.

Anonymous said...

Uneheer gaihaltai nairagch shuu. Shulguudiig ni unshih toolond shine uhaaral, shine sanaa turdug yum shuu. Minii huvid Galsansuhiin shulgees uidnaa l gej bdgui yum.