2010/10/19

Дахин дэлхийн эдийн засгийн хямрал болох уу?


Америк найтаахад дэлхий ханиад хvрдэг гэж ярьдаг. Ноён долларын эрүүл мэндэд аюул тулгарав. Энэ нь нэг талаасаа Барак Обамагийн засаг захиргааныхныг баяр­луулж байгаа бол нөгөө талаас Япон, Европ, Хятад тэргүүтэй орныг хүндхэн бай­далд оруулах бололтой. Баярлуулж байна гэхийн учир нь валютын дайнд орол­цогчдын тэргүүн эг­нээнд АНУ яваа. Тэд бу­сад хөгжингүй орны нэг адил ам.долларын хан­шаа унагах замаар экс­порт­логчдынхоо бараа бү­­тээг­­дэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулахыг хичээх болсон.

Гэвч ам.долларын ханш буураад байвал түүнийг дагаж АНУ-ын эдийн засаг сэргэнэ хэ­мээн өнгөц ойлгож болохгүй юм. Өнгөрсөн долоо хоногт ам.долларын бусад гол валюттай харьцах ханш буурсан билээ. Японы иентэй харьцах ханш нь сүүлийн 15 жилд байгаагүй шинэ түвшинд хүрч, Швейцарийн франк, австрали долларыг мөн л чангаруулсан. АНУ-ын төв банк болох Холбооны нөөцийн сангийн тэргүүн Бен Бернанк өнгөрсөн долоо хоногт банкны сис­тем дэх мөнгөний нөө­­цийг нэмэгдүүлэх зорил­гоор мөнгөний бодлогоо шинэчлэх хэрэгтэй бай­гаагаа албан ёсоор мэдэгдсэн. Энэ нь мөнгө­ний нийлүүлэлтийг хя­нах энгийн бодлого ал­дагд­сан тохиолдолд авч хэрэгжүүлдэг арга хэмжээ юм. Б.Бернанкийн мэдэгдэл гарсны дараа нэг ам.доллар 1.6104 паундтай тэнцэж, өмнөх өдрийнхөөсөө 1.007 хувиар чангарснаас гадна 81.40 иентэй тэнцэж, 0.65 хувиар өсчээ. Энэ бүхний дүнд нэг унци алт 1387.1 ам.доллар хүрч, өмнөх амжил­таа эвдсэн юм.

АНУ-ын төв банкны Холбооны нээлттэй зах зээ­лийн хорооны сүүлийн хуралдаан өнгөрсөн сарын 21-нд болсон билээ. Энэ үеэр гишүүд нь сэт­­гэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Хэдийгээр дахин том хямрал үүснэ гэх болгоомжлол хараахан бий болоогүй ч АНУ-ын эдийн засгийн ерөнхийдөө тааруухан байгаа учраас тэр. Өнгөрсөн сарын байдлаар америк­чуудын амьдрах өртөг буур­сан нь дотоод зах зээл нь хумигдаж байгаагийн илрэл юм. Хэрэглээний үнийн индекс 0.1 хувиар өсч, хувьцаа, үнэт цаасны эрэлт нэмэгдсэн аж. Эрчим хүчний үнэ ч өссөн. Худалдааны алдагдал 46.3 тэрбум ам.долларт хүрч мөн л ихэсчээ. Энэ нь зарим талаараа импорт 2.1, экспорт 0.2 хувиар өссөнтэй холбоотой. Эдийн засгийн нэг гол үзүүлэлт болох ажилгүйдлийн түвшин 9.6 хувьтай гарсан. Энэ нь 2008 оны арваннэгдүгээр сараас хойшхи хамгийн муу дүн юм.

Тун удахгүй Их 20-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт Өмнөд Солонгост болно. Энэ үеэр дэлхий дахинд нө­лөө бүхий улстөрч, эдийн засагчид хуралдаж, дэл­хийн эдийн засгийн төлөв байдлыг тодорхойлно. Шинжээчдийн үзэж бай­гаагаар тааруухан эдийн засгийн үзүүлэлтүүдээс болж тэртэй тэргүй ханш нь унаж, тогтворгүй болоод байгаа ам.долларын асуудал хамгийн түрүүнд сөхөгдөх нь дамжиггүй. Сүүлийн таван жилийн хугацаанд ам.долларын бусад валюттай харьцах ханш нь 14 хувиар буурсан. Гэтэл ердөө л өнгөрсөн нэг сарын туршид 6.5 хувиар багассан. Түүхэндээ анх удаа австрали, канад долларууд ам.доллартай эн зэрэгцэх түвшинд арилжигдаж эхэлсэн билээ. Үүнээс нэг л дүгнэлт хийж болох юм. Ам.долларын хөрвөх чадвар суларчээ. Энэ нь түүхий эдийн арилжаанд хамгийн их нөлөөлж байна. Одоогоос яг 10 жилийн өмнө нэг унци алтыг 275 ам.доллар, нэг унци мөнгийг 4.80 ам.доллараар арилжиж байв. Гэтэл өнөөдөр тэдгээрийн үнэ ойролцоогоор зургаа дахин өссөн гэхэд болно. Ам.долларын ханшийн уналт нь зөвхөн үнэт металлуудад нөлөөлсөнгүй. Хөвөн даавуу, үр тариа, кофены арилжаанд ч сүүдрээ тусгасаар байна.

АНУ-ын Холбооны нөөцийн сан мөнгөний бодлогоо тэлэхээр болсон тухай дээр дурьдсан. Үүнийг өөрөөр тайлбарлавал, их наядаар тоологдох хэмжээ­ний ам.доллар үйлдвэрлэж, зах зээлд гаргана гэсэг үг. Тэр мөнгө нь АНУ-ын Засгийн газрын өр, үл хөдлөх хөрөнгө барьцаалан олгож байгаа зээлийг ихэсгэж, бодлогын хүү буурч, иргэдийн хэрэглээ өсөхөд зарцуулагдах юм. Үүнээс өмнө Холбооны нөөцийн сан “QE I” хэмээн нэрлэгдсэн, одоогийнхтой төс­тэй бодлого хэрэгжүүлж байсан. Уг бодлогын хүрээнд 1.75 их наяд ам.доллар зарцуулсан ч тэр нь үр дүн­гээ өгөөгүй болохыг эдийн засагчид онцолж байх юм. Харин энэ удаад “JP Morgan”-ы шинжээчдийн тооцож байгаагаар ойролцоогоор хоёр их наяд ам.доллар зар­цуулж байж АНУ-ын эдийн засгийг 2011 он гэхэд 0.3 хувиар өсгөх боломжтой аж. “Goldman Sachs”-ын эдийн засагчид бүр 30 их наяд ам.доллар хэрэгтэй хэмээн “Telegraph”-т гаргасан өгүү­лэл­дээ онцолжээ. Энэ их мөнгө зах зээлд гарах сургаар л ам.доллар унаж байна.

АНУ-ын гадаад өр 14.7 их наяд болсон билээ. Өөрөөр хэлбэл, америк хүн бүр 47800 ам.долларын өртэй гэсэн үг. Хэдийгээр одоохондоо зү­гээр гэх боловч энэ нь хамгийн том асуудал мөн гэдгийг эдийн засагчид онцолж байна. Хятад, Япон, Саудын Араб, ОХУ, Бразиль, Өмнөд Солонгос, Герман, Энэтхэг зэрэг орон АНУ-ын Засгийн газрын 4.2 их наяд ам.долларын өрийн бичгийг эзэмшдэг. “Grandfather Economic Report”-д дурьдсанаар АНУ-ын Засгийн газраас нийгмийн халамжийн салбар, зээл олголтыг дэмжихэд зар­цуулж байгаа хөрөнгө зэргийг бүгдийг нь тооцож үзвэл нийт өр нь 57 их наяд ам.доллар болох аж. Энэ их өрийг төлж барагдуулахын тулд АНУ-ын Холбооны нөөцийн сан шинээр мөнгө хэвлэхээр болсон хэмээн дүгнэх эдийн засагч цөөнгүй байна. Өөрөөр хэлбэл, АНУ-ын гадаад өрийн хямрал нь дэлхийн валютын хямрал болон хувирчээ. Ямартай ч Сөүл хотод удахгүй болох Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ярих нэг гол сэдэв нь ам.доллар байх бололтой.

Саяхан АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа Хятад гол тоглогч болохыг хичээж байгааг онцолсон. Тэрбээр гол тоглогч байна гэдэг бусдын өмнө хариуцлага хүлээхийн нэр гэдгийг сануулаад Хятадын эрх баригчдаас хариуцлагатай байхыг шаардсан юм. Тэгвэл үүнтэй адил валют арилжааны гол тог­логч, нөөц валют болох ам.долларын тогтворгүй бай­дал, ханшийн уналт нь бусад валютаа хөлдөө чирж, цаашлаад дэлхийн эдийн засгийг тогтворгүйжүүлэх үн­дэс болж байна уу гэлтэй. Тиймээс ч Б.Обамагийн засаг захиргааныхан экспортыг дэмжих замаар эдийн засгаа сэргээхийн тулд ам.долларын ханшийг унагахыг зорьж байгаа нь үнэхээр зөв алхам мөн эсэхэд эргэлзэгчид цөөнгүй байна.

1 comment:

Anonymous said...

sonirholtoi sedew bn.teheer mo-d tsaashda dollariin hansh unaad bh bolow u,yah bol?