Америк найтаахад дэлхий ханиад хvрдэг гэж ярьдаг. Ноён долларын эрүүл мэндэд аюул тулгарав. Энэ нь нэг талаасаа Барак Обамагийн засаг захиргааныхныг баярлуулж байгаа бол нөгөө талаас Япон, Европ, Хятад тэргүүтэй орныг хүндхэн байдалд оруулах бололтой. Баярлуулж байна гэхийн учир нь валютын дайнд оролцогчдын тэргүүн эгнээнд АНУ яваа. Тэд бусад хөгжингүй орны нэг адил ам.долларын ханшаа унагах замаар экспортлогчдынхоо бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулахыг хичээх болсон.
Гэвч ам.долларын ханш буураад байвал түүнийг дагаж АНУ-ын эдийн засаг сэргэнэ хэмээн өнгөц ойлгож болохгүй юм. Өнгөрсөн долоо хоногт ам.долларын бусад гол валюттай харьцах ханш буурсан билээ. Японы иентэй харьцах ханш нь сүүлийн 15 жилд байгаагүй шинэ түвшинд хүрч, Швейцарийн франк, австрали долларыг мөн л чангаруулсан. АНУ-ын төв банк болох Холбооны нөөцийн сангийн тэргүүн Бен Бернанк өнгөрсөн долоо хоногт банкны систем дэх мөнгөний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөний бодлогоо шинэчлэх хэрэгтэй байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Энэ нь мөнгөний нийлүүлэлтийг хянах энгийн бодлого алдагдсан тохиолдолд авч хэрэгжүүлдэг арга хэмжээ юм. Б.Бернанкийн мэдэгдэл гарсны дараа нэг ам.доллар 1.6104 паундтай тэнцэж, өмнөх өдрийнхөөсөө 1.007 хувиар чангарснаас гадна 81.40 иентэй тэнцэж, 0.65 хувиар өсчээ. Энэ бүхний дүнд нэг унци алт 1387.1 ам.доллар хүрч, өмнөх амжилтаа эвдсэн юм.
АНУ-ын төв банкны Холбооны нээлттэй зах зээлийн хорооны сүүлийн хуралдаан өнгөрсөн сарын 21-нд болсон билээ. Энэ үеэр гишүүд нь сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Хэдийгээр дахин том хямрал үүснэ гэх болгоомжлол хараахан бий болоогүй ч АНУ-ын эдийн засгийн ерөнхийдөө тааруухан байгаа учраас тэр. Өнгөрсөн сарын байдлаар америкчуудын амьдрах өртөг буурсан нь дотоод зах зээл нь хумигдаж байгаагийн илрэл юм. Хэрэглээний үнийн индекс 0.1 хувиар өсч, хувьцаа, үнэт цаасны эрэлт нэмэгдсэн аж. Эрчим хүчний үнэ ч өссөн. Худалдааны алдагдал 46.3 тэрбум ам.долларт хүрч мөн л ихэсчээ. Энэ нь зарим талаараа импорт 2.1, экспорт 0.2 хувиар өссөнтэй холбоотой. Эдийн засгийн нэг гол үзүүлэлт болох ажилгүйдлийн түвшин 9.6 хувьтай гарсан. Энэ нь 2008 оны арваннэгдүгээр сараас хойшхи хамгийн муу дүн юм.
Тун удахгүй Их 20-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт Өмнөд Солонгост болно. Энэ үеэр дэлхий дахинд нөлөө бүхий улстөрч, эдийн засагчид хуралдаж, дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг тодорхойлно. Шинжээчдийн үзэж байгаагаар тааруухан эдийн засгийн үзүүлэлтүүдээс болж тэртэй тэргүй ханш нь унаж, тогтворгүй болоод байгаа ам.долларын асуудал хамгийн түрүүнд сөхөгдөх нь дамжиггүй. Сүүлийн таван жилийн хугацаанд ам.долларын бусад валюттай харьцах ханш нь 14 хувиар буурсан. Гэтэл ердөө л өнгөрсөн нэг сарын туршид 6.5 хувиар багассан. Түүхэндээ анх удаа австрали, канад долларууд ам.доллартай эн зэрэгцэх түвшинд арилжигдаж эхэлсэн билээ. Үүнээс нэг л дүгнэлт хийж болох юм. Ам.долларын хөрвөх чадвар суларчээ. Энэ нь түүхий эдийн арилжаанд хамгийн их нөлөөлж байна. Одоогоос яг 10 жилийн өмнө нэг унци алтыг 275 ам.доллар, нэг унци мөнгийг 4.80 ам.доллараар арилжиж байв. Гэтэл өнөөдөр тэдгээрийн үнэ ойролцоогоор зургаа дахин өссөн гэхэд болно. Ам.долларын ханшийн уналт нь зөвхөн үнэт металлуудад нөлөөлсөнгүй. Хөвөн даавуу, үр тариа, кофены арилжаанд ч сүүдрээ тусгасаар байна.
АНУ-ын Холбооны нөөцийн сан мөнгөний бодлогоо тэлэхээр болсон тухай дээр дурьдсан. Үүнийг өөрөөр тайлбарлавал, их наядаар тоологдох хэмжээний ам.доллар үйлдвэрлэж, зах зээлд гаргана гэсэг үг. Тэр мөнгө нь АНУ-ын Засгийн газрын өр, үл хөдлөх хөрөнгө барьцаалан олгож байгаа зээлийг ихэсгэж, бодлогын хүү буурч, иргэдийн хэрэглээ өсөхөд зарцуулагдах юм. Үүнээс өмнө Холбооны нөөцийн сан “QE I” хэмээн нэрлэгдсэн, одоогийнхтой төстэй бодлого хэрэгжүүлж байсан. Уг бодлогын хүрээнд 1.75 их наяд ам.доллар зарцуулсан ч тэр нь үр дүнгээ өгөөгүй болохыг эдийн засагчид онцолж байх юм. Харин энэ удаад “JP Morgan”-ы шинжээчдийн тооцож байгаагаар ойролцоогоор хоёр их наяд ам.доллар зарцуулж байж АНУ-ын эдийн засгийг 2011 он гэхэд 0.3 хувиар өсгөх боломжтой аж. “Goldman Sachs”-ын эдийн засагчид бүр 30 их наяд ам.доллар хэрэгтэй хэмээн “Telegraph”-т гаргасан өгүүлэлдээ онцолжээ. Энэ их мөнгө зах зээлд гарах сургаар л ам.доллар унаж байна.
АНУ-ын гадаад өр 14.7 их наяд болсон билээ. Өөрөөр хэлбэл, америк хүн бүр 47800 ам.долларын өртэй гэсэн үг. Хэдийгээр одоохондоо зүгээр гэх боловч энэ нь хамгийн том асуудал мөн гэдгийг эдийн засагчид онцолж байна. Хятад, Япон, Саудын Араб, ОХУ, Бразиль, Өмнөд Солонгос, Герман, Энэтхэг зэрэг орон АНУ-ын Засгийн газрын 4.2 их наяд ам.долларын өрийн бичгийг эзэмшдэг. “Grandfather Economic Report”-д дурьдсанаар АНУ-ын Засгийн газраас нийгмийн халамжийн салбар, зээл олголтыг дэмжихэд зарцуулж байгаа хөрөнгө зэргийг бүгдийг нь тооцож үзвэл нийт өр нь 57 их наяд ам.доллар болох аж. Энэ их өрийг төлж барагдуулахын тулд АНУ-ын Холбооны нөөцийн сан шинээр мөнгө хэвлэхээр болсон хэмээн дүгнэх эдийн засагч цөөнгүй байна. Өөрөөр хэлбэл, АНУ-ын гадаад өрийн хямрал нь дэлхийн валютын хямрал болон хувирчээ. Ямартай ч Сөүл хотод удахгүй болох Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ярих нэг гол сэдэв нь ам.доллар байх бололтой.
Саяхан АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа Хятад гол тоглогч болохыг хичээж байгааг онцолсон. Тэрбээр гол тоглогч байна гэдэг бусдын өмнө хариуцлага хүлээхийн нэр гэдгийг сануулаад Хятадын эрх баригчдаас хариуцлагатай байхыг шаардсан юм. Тэгвэл үүнтэй адил валют арилжааны гол тоглогч, нөөц валют болох ам.долларын тогтворгүй байдал, ханшийн уналт нь бусад валютаа хөлдөө чирж, цаашлаад дэлхийн эдийн засгийг тогтворгүйжүүлэх үндэс болж байна уу гэлтэй. Тиймээс ч Б.Обамагийн засаг захиргааныхан экспортыг дэмжих замаар эдийн засгаа сэргээхийн тулд ам.долларын ханшийг унагахыг зорьж байгаа нь үнэхээр зөв алхам мөн эсэхэд эргэлзэгчид цөөнгүй байна.
1 comment:
sonirholtoi sedew bn.teheer mo-d tsaashda dollariin hansh unaad bh bolow u,yah bol?
Post a Comment