2007/05/23

Течение совести


Урьд шөнө найзтайгаа чаталж суутал тэр цагт нөхөрлөж явсан нэгэн найзын тухай яриа бидний дунд өрнөх зуур сэтгэл тавгүйцэн орхин гарахаас өөр аргагүй байдалд хүрэв. Тэгж байтал нэгэн хүүрнэл санаанд орж ухаж төнхөн байж олж сийрүүллээ... 

Морины сайныг унан байж, хүний сайныг ханилан байж мэддэг гэж үг бий. Эргээд харахад миний сэтгэлийн хаалгаар мөн ч олон хүн орж, бас мөн ч олон хүн гарчээ. Тун цөөхөн хүн хүндтэй суудалд налайсаар он жилийн уртыг элээж байх юм. Яагаад тэгэв? Би адгийн новш юм болов уу? Тэгвэл тэр олон хүмүүс анхнаасаа орж ирэхгүй байж болох биш үү? Эсвэл... 

За яршиг гол зүйлдээ оръё. Олон жилийн өмнө уншсан нэгэн өгүүлэл толгойд минь хадагдаад өдий хүртэл мартагдах нь бүү хэл байн байн бодогдож цагийн өнгө бүүдийж, хүний мөс нимгэрэх тусам сэтгэл зүрхний эмзэг нарийн утсыг энэ л хоёр үг базаад, маажаад, мэрээд малтаад байх шиг...

Олон сайхан нөхөд минь цагийн шалгуур эс даан миний сэтгэл зүрхнээс ачаа хөсгөө хөтөлсөөр холдон одож... Зарим нь нэг л мэдэхэд чимээгүйхэн явчихсан, заримыг нь би хөөгөөд явуулчихсан, заримтай нь зам нийлэхгүй заяа тавилангийн хатууг гайхалцаад тэврэлдэн салсан. Зарим нь эргэж бууя хэмээн үүд тогшиход би хаалгаа нээгээгүй. Заримыг нь эргээд ирээч хэмээн урин дуудахад нэгэнт оройтсон байсан. Зарим нь бууж мордож хуучин дурсамжаа сэргээн хуучлах төдий... Зарим нь өчнөөн хугацааны дараа эргэж учраад бидний хооронд он цагийн тасархай байсныг ор тас мартан хойморт минь заларч буй. Юм болгоныг гэгээнээр хардаг, хүн болгон ариун санагддаг залуу насанд энэ мэт орчил хөдөлгөөнийг ямар ч эмзэг хүлээж авдаг байж вэ... 

Бавуугийн Лхагвасүрэнгийн "Одоо хэдий ингэж нэгэн гүүний унага мэт ижилдэн байвч Овоон дээр тавьсан алиныхаа яснаас үргэж явах бол доо хөөрхийс" гэсэн ад мөрийн зөн мэдрэмжтэй шүлгийн мөрийг тэр үед гүйцэд ухаарах билгийн мэлмий нээгдээгүй байж... Үргэлж сэтгэлээрээ байж, ямагт бусдын ая тухын төлөө өөрийгөө зольдог, үүнийхээ улмаас ойр дотныхонтойгоо хүртэл зөрчилддөг байсан минь намайг нийтийн хэрэглээний эд зүйл мэт болгож, овжин зальжин, ашигч хонжооч олон ч хүн надаар шатны гишгүүр, хаалт бамбай, гал хамгаалагч хийсэн дээ. Гэвч тийм хүмүүс үдлээд мордохоос үлдэж хоцордоггүй нь юутай сайн хэрэг билээ. 

Яруу найрагч Ойдовын Содномпил нэгэн шүлэгтээ "Намайг тойрон эргэлдсэн дагуул гаригууд хайчаа вэ?" гэж асуусан шиг тэд одоцгоосон. Тэхдээ тэд надад хамгийн үнэтэй зүйлийг үлдээгээд одсоноо мэдэхгүй л дээ. Тэр нь юу гээч? Ухаарал. Амьдралыг хайрлах, хүн чанарыг дээдлэх ухаарал. Энэ маань надад алдсанаа нөхөх, илүү сайн хүмүүстэй учрах үүд хаалгыг нээж өгсөн юм. Одоо би хаана хүн чанар шүүрч байгааг мэдэрдэг болсон. Харин энэхүү течение совести гэдэг үгийг монгол хэлнээ буулгаж чадахгүй өдий хүрч байна. Магадгүй бидний сэтгэлд энэ үг ойрхон тул ийнхүү эх хэлэнд маань буудаггүй ч юм бил үү? Тийм л байгаасай гэж юутай их хүснэ вэ...

4 comments:

Anonymous said...

"Одоо хэдий ингэж нэгэн гvvний унага мэт ижилдэн байвч Овоон дээр тавьсан алиныхаа яснаас vргэж явах бол доо хөөрхий"
Гэж яасан айхтар vг вэ.

Бодож байгаагvй л сэдэв байна. Vхээд хөрсөнд хэвтэхээрээ бvгдээрээ ижил болох юм чинь бvгдээрээ амьддаа жаахан өөр өөр байцгаая гэж нэг хvний хэлсэн vг санаанд орж байх чинь...

Anonymous said...

Нvцгэн төрөөд нvцгэн л буцдаг хорвоо доо. Хvний нас гэдэг дэндvv богинохон. Тэрvvхэн жоохон хугацаанд бид чинь мөн ч их "жижгэрэх" юм даа. Уужуухан явахсан гэж хичнээн их боддог ч нэг л болохгvй. Хvмvvн ертөнцийн өнгө дэндvv эрээнтэй, бараантай юм даа. Сэтгэлийн нvнжигтэй, сэтгэлгээний цараатай явахсан даа ...

Anonymous said...

Ene bichleg setgeliin gund baidag nandin utsiig hodolgoj orhiloo. Neeree bodood baihad nadad olon naiz, taniluud baijee. Salaa zamiin erheer salj oson neg ni baihad, bi zarimaas ni nuuree ch buruulj baisan ni bii. Zarim neg ni nadaas holsohiig husej chimeeguihen holdsoor baij dee.

Anonymous said...

uneheer saihan bichij nairuulj gargaj irjee