2010/05/31

Санах л юм даа євєє...

Он цагийн буурал салхинд илбүүлж нэг, шавхуурдуулж нэг дүнхийх нутгийн хөх уулсынхаа чулуун дунд хөл нүцгэн дэгддэг байсан он жилүүд улам бүр алсалсаар...

Эхэлсэн бүхэн дуусч, төрсөн бүхэн оддог нь хорвоо ертөнцийн жам ч тэнгэр нурж, газар цөмрөх мэт болсон тэр өдрөөс хойш нэгэн хаврыг элээж байна өвөө минь...

Цагийн саалтыг нар салхи, цас бороон дор үдсээр зүс нь гундаж, дээл нь гандсан өвөө минь... он цагийн урсгалыг дагаж биш сөрж амьдарсан буурай минь...

Ухаан орсон цагаас нүдэнд дасал болсон хөрслөг бор царай, зөөлөн бор нүд, аядуу намуун төрх, бусдыг чимээлэх таны ханиад, алив ажлыг хийсэн шиг хийдэг зан чанар...

Миний өвөө Халх түмний үр сад... Уг гарал Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Сүрэнгийн хүү бор Дамдин хэмээх билээ...

...Сургах сануулахын завсар хэлсэн хармын хэдэн үгс нь он цаг улирахын хэрээр холдон одох биш, бодол сэтгэлд улам бүр ойртон тодорно... Хэлсэн эзэн нь орчлонгийн жамаар их уулсын бэл хормойн наран ээвэр хөрснөө аль эрт шингэсэн атал ийн улам бүр тодрохын чухам учир юусан билээ?

...Таныхаа тухай зөндөө л бодох юм... ачлал энэрэлийг чинь зөндөө хүртэж өдий зэрэгт хүрчихээд ажил амьдралын давалгаанд амжихгүй явсаар бурханы орны зүгт таныгаа үдсэн гэхээр өр зүрх зүсэгдэж, өмрөн тасрах шиг болж байна. Цаг хугацаанд юунд тэгтлээ итгэнэ вэ... хэдийхэн л наслах билээ дээ та минь..

Их болсон зургаан зүйл, хамаг амьтан өвдөх зовлонгүй, үгүйрэх гарзгүй байг... Ум ма ни бадми хум

Таны минь хойд насны буян дүнчүүр маань лугаа үржин, дэлгэрэх болтугай.



3 comments:

bolo said...

um mani bad me hum! Saihan sanagdlaa chinii moron deer zalrah burhanii duriig dahin harj buidaa bayartai b,a. bi l huvidaa ovoo emeegee deerees harj hamt baigaa gedegt itgej talarhaj zalbirdag.

Anonymous said...

таны энэ бичлэгийг үзээд өөрийн эрхгүй нулимс асгарч байна. Эмээ өвөө 2 минв дэндүү сайн хүмүүс байж дээ.
Үнэхээр их санаж байна аа 2 буурлыгаа.

Anonymous said...

odongaraw_1983 040403