2009/09/15

Жаргах цагт ч нєхєрын чанар танигдана...


Зовох цагт нөхрийн чанар танигдана гэх үг эрин зуунаар шалгагдан нотлогдсоор бидний үетэй золгожээ. Зовох цагт гар сунган, сэтгэл гарган тусалж байгаа хэн боловч сайн нөхөр. Тусалж сүйд болох чадал мөхөс ч сэтгэл уужирч, дотор онгойх цөөн ч атугай хэдэн үг чин зүрхнээсээ хэлж байгаа хүн чиний эрхэм дотны нөхрөөс өөрцгүй. Зовох цагт гар татуу, сэтгэл дутуу, атаа харамын хор шингэсэн баргар царайгаа харуулан зовлон дээр зовлон нэмэгч сайн нөхдийн эгнээнд байх эрхгүй. Зүрхний угаас бус хэлний үзүүрээр хий хоосон өрөвдөж, ёс болгон хөөрхийлөгчийг нөхрөө гэж андуурах хэрэггүй. Өрөвдөж хайрласан сайхан үг цувуулан урсгах мөртлөө өрөвдөх сайхан сэтгэлээ эс үзүүлэгч сайн нөхөр хэзээ ч байгаагүйг мэд. Дотор бачуурч, сэтгэл давчидсан цухал үед чамайг ойлгож, чиний сэтгэл зовинолын билэггүй яриаг тэвчээртэй сонсож, зовлонг хуваалцдаг нөхдөдөө таларх.

Өвдөж зовсон цаг дор тор дүүрэн бэлэгтэй ирж, эрүүл энхийг ерөөж байгаа найз мэдээж сайн хүн. Тор дүүрэн бэлэггүй ч тэвэр дүүрэн инээд бэлэглээд явж байгаа анд чинь түүнээс дутуугүй сайн хүн болохыг тань. Бүх зовлонгийн дотроос өвдөх шиг адгийн зовлон үгүй. Цорын ганцхан тохиолдолд л өвдөх сайхан гэж хэлсэн ухаантны үг байдгийг сонсоод бүү гайхаарай. “Эдгэрэхийг чинь айсуй баяр мэтээр хүлээж буй сайн нөхөд бий гээд бодохоор өвдөх ч сайхан”.

Зөвхөн зовох цагт төдийгүй жаргах цагт ч нөхрийн жинхэнэ чанар танигддаг ажээ. Нэгэн ахмад дайчин ойр дотны нөхдийн хамт найрлаж суунгаа гэнэт, энэ урт удаан амьдралын туршид надад үнэнч найз нөхөд байсангүй гэж хэлээд шүүрс алдав. Чи ингэж ярьж арай ч болохгүй, юу ярьж байгаа юм бэ гэх мэтээр нөхөд нь тал талаас нь шуугилдав. Нэг нөхөр нь түрүүлэн ам нээж, чамайг хөөгдөн туугдаж, гадуурхагдан шоовдорлогдож явахад өмөөрч өмгөөлсөн хүн хэн билээ, эргэж нэг санаач! Тэр нөхөр чинь би байна, чиний өмнө амьд сууж байна гэв. Нөгөө нэг нөхөр нь, чиний байшинг дайснууд шатааж орох оронгүй болсон үед чамтай хамт шинэ байшин барилцсан хүн хэн билээ? Би хамт байсан шүү дээ гэв.

Гуравдахь нь, амь хайргүй тулаанд чамтай мөр зэрэгцэн явж, чамайг амь биеэрээ хамгаалж байсан нөхдөө мартлаа гэж үү гэв. Ахмад дайчин, миний төлөө та бүхэн юу хийснийг би бүгдийг маш тод сайн санаж байна. Та нартаа хайртай, чин сэтгэлээсээ баярлаж явдаг шүү. Та нар миний зовж явсан үеийн чанараа таниулсан найз нөхөд. Гэхдээ жаргалтай үед надад найз нөхөд байгаагүй гэдэг чин үнэнийг би та нарт хэлэх ёстой. Миний амьдралд жаргалтай явсан мөч хуруу дарам цөөхөн дөө. Нэг удаа ан хоморго хийж явахад би ноёнтны амийг аварч билээ. Тэгэхэд ноёнтон бүхний нүдэн дээр намайг чанга тэвэрч, жинхэнэ баатарлаг эр хүн гэж үнэлсэн. Бүгд л надад сайн сайхан үг хэлсэн, харин найз нөхдийн маань зүрх сэтгэл нь чив чимээгүй байсан юм.

Нэг удаа би дайчин нөхдөө удирдан дайснаа бут цохиход намайг ард түмний авран хамгаалагч, ардын баатар хэмээн мандуулж байлаа. Энэ үед найз нөхдийн маань зүрх сэтгэл мөн л чив чимээгүй байсан. Хамгийн шилдэг бүсгүйг эхнэрээ болгон авч хуримлаж байхад мөн л зүрх сэтгэлээсээ бидэнд баяр хүргэсэн найз нөхөд байгаагүй. Хүн аз жаргалтай байх үедээ уулын оргилд байгаа мэт. Оргилд байгаа хүнд биш, бэлд байгаа хүнд л найз нөхөд нь зүрх сэтгэлээсээ ханддаг юм билээ. Жаргах цагт ч найз нөхдийн чанар танигддаг бөгөөд аз жаргалтай үед жинхэнэ үнэнч найз нөхөд байдаггүй гэдгийг би ойлгосон гэж ахмад дайчин хуучилсан тухай сургамжтай домог байна. Эртний энэ домог яриа үнэнд нэн ойр. Хамгийн гол нь жаргах цагт ч нөхрийн жинхэнэ яс чанар танигддаг нь гарцаагүй үнэн билээ. Анд нөхрийнхөө аз жаргалтай мөч бүрийг чамд тохиосон баяр мэтээр зүрх сэтгэлдээ мэдэрч түүний өмнөөс чи илүү баярла. “Амьдрал дахь хамгийн том аз жаргал бол өөрийг чинь хайрлаж байгааг мэдэрсэн баттай итгэл юм”.

Аз жаргалтай мөчийг чинь жинхэнэ ёсоор, чин сэтгэлээсээ хуваалцаж байгаа анд чинь ан авд хамт явж болох үнэнч нөхөр мөн. Атаархлын хор цусанд нь шингэж судсаар нь гүйж байгаа зүрх анд нөхрийн сэтгэлээр хэзээ ч цохилохгүй. “Андын атаатан илүү нөхөр” гэдэг үг андын үүргээ умартсан хүмүүсийн буруу үйлдэл, бусармаг явдлаас болж анх хэлэгдсэн байх магадлалтай. Андын баг өмсөж, нөхрийн нөмрөг нөмөрсөн хоёр үзүүртэй зүү шиг инээд нь ил, хорлол нь далд хүмүүсээс үргэлж болгоомжил. Тэд сайн нөхөд байж хэзээ ч чадахгүй. Хоёр үзүүртэй зүү хоёр талдаа иртэй хутганаас ч аюултай. Найз нөхдөө хийж чадах, хэлж болох бүхнээрээ дэмжихийг хичээ. Ойр дотны хүмүүстээ хүчтэй дэмжлэг болж дээш татах ёстой болохоос хүнд ачаа болж доош чангааж болохгүй. Сайныг дагавал сарны гэрэл гэдэгчлэн ухаантай, эр зоригтой найз нөхдөөсөө сайны үлгэр авч, давуу сайн шинж бүхнийг нь биедээ шингээж авахаар чармай. “Ухаантай хосолсон эр зориг нь эр зориггүй ухааныг бодвол хүнд илүү тус болно”. Дутууг чинь гүйцээж, дундуурыг чинь дүүргэж явах хүчтэй, чадварлаг хүмүүстэй ойр шадарлан үерх.

“Сулхан хүнийг нөхрөө болгосноос дайснаа болгосон нь дээр”. Нөхдийн хийснийг үнэл, өөрийн хийснийг чамла. Хар дотортой хүмүүсийн хар муухай санаанд хууртаж хагацашгүй сайн нөхөртөө хар буруу санаж, хорсол өвөрлөн бүү цухалд. Зүрх сэтгэлдээ хар толбо тээж явснаас нүүрэндээ хар тос нялсан нь дээр. Эв эвдэх хэрээн хошуутны хорон үгийн тоншилтыг хэрэг болгож бүү сонс. Үнэнийг үл мэдэх мунхгийн шалтгаанаар үнэнч нөхрөөсөө холдож, үг хэлээ ололгүй хагацаж ч мэднэ. Нөхрийн талаар буруу ташууг сонсвол нүүрэн дээр нь ил хэлж, сэтгэлээ нээн тухлан ярилцаж, нүүр нүүрэн дээрээ цайрч, санаа амар. Хүн сэтгэлээсээ ярьж байхад сэтгэлээсээ сонсож сур. Ухаан муутад учирлан ойлгуулах гэж үйл тамаа үзэх хэрэггүй. Ухаан мууттай ярилцах усанд чулуу хаяхтай адил. Нөхдийн амжилтанд чин сэтгэлээс баярлаж байна уу, нэр бодож ёс гүйцээж байна уу гэдэг нь хэлж буй үг, хүргэж буй аялга, харж буй харцнаас үндсэндээ тодорхой.

Шагнал урамшил хүртсэн найздаа шазуур зуун баяр хүргэе гэж заналтай нь аргагүй хэлж байх юм гэнэ. Магтах нь бүү хэл загнах шахам баяр хүргэсэн гаж тохиолдол байсан тухай сонслоо. Нааш харж баяр хүргээд, цааш харж муу хэлдэг нөхрийг жаргалтай цагийн сайн найз гэж хэлэх аргагүй. Найз нөхөд нь аз жаргалтай байгааг хараад ертөнцийн төгсгөл ирчихсэн юм шиг цухалдан бачуурч, арцалдан аашлах огт хэрэггүй л байхгүй юу. Жаргалтай үед үнэнч найз нөхөд яагаад цөөрдөг буюу огт үгүй болдог юм бэ? Айлсан амьсаад сүрхий байсан тэдний хооронд ан цав үүсэхийн үндсэн шалтгаан нь атаа жөтөө хэмээх шулмын хорлол гүйсэнтэй холбоотой. Хайрлах сэтгэлд нь атаа жөтөө, шунал тачаалын хор нэвчсэн хүн сайн нөхөр чинь хэвээр байна гэж санахын ч хэрэггүй. Тэд хайрлаж нигүүлсэх мэт дүр эсгэж дөнгөнө.

Гэтэл тэр нь өнгө цагаан, өр хар нигүүсэл байдаг юм. Тийм хүмүүсийн найз нөхдөө хайрлах хайр нь үлээхэд алга болдог тоос төдий, ялихгүй, шалихгүй. Ийм хүмүүсээс гэгээлэг эрчим ялгарна гэж үгүй, хаяа нь өлзийгүй, хаялга нь өгөөжгүй. Харанхуйгаас харанхуй л төрнө. Ажил төрөл нь амжилттай сайн, аз жаргалтай, алдар хүндтэй амьдарч яваа анд нөхдөдөө атаархан цухалдаж, дотор сэтгэлээ үзэн ядахуйн нянгаар хордуулж яваа хүмүүс энэ амьдрал, ирэх төрөлдөө ичвэл таарна. Найз нөхрийнхөө жаргалтай үед нь өөрт ирсэн баяр, жаргал мэт сэтгэл зүрхнээсээ хамт баярла.

Зовох цагт хүн чанараа таниулсан, түүнчлэн жаргах цагт хүн мөсөө харуулсан анд нөхдөө хайрлан хүндэтгэ.

Н.Багабанди

No comments: