2007/03/19

Толгодын vлгэр


Тэр охин надад толгодын тухай үлгэр ярьж өгдөг байсан юм. Түүний ярьж байгаагаар толгод дуулдаг, уйлдаг гэнэ. Би түүний ярианд итгэн толгодыг чагнаж үзсэн. Толгод юун уйлах, юун дуулах. Зөвхөн өвс сэрчигнэх, салхи шуугих, хаа нэгтээ малын хөлд шороо нурах төдийхөн чимээ надад өгдөг байв. Би зөвхөн түүнтэй хамт байхын тулд үгийг нь дагаж:

"-Тийм байна. Уйлж байна. Толгод уйлж байна" хэмээн өгүүлэхэд охин:

"-Чи худлаа хэлж байна. Толгод дуулж бүр инээж байна" гэж намайг учиргүй дооглон хөхөрдөг байж билээ. Тэр бүхэнд би аргаа өөрчлөн "-Үгүй наадах чинь мэгштэл уйлж байна" хэмээхэд тэрээр ямар ч тоосон шинжгүй:

"-Чи үнэхээр худалч хүн, итгэхийн аргагүй хүн байна. Наад толгод чинь дуулж байна. Юун тухай дуулж байна вэ? гэвэл бүр аргаа барсан хайрын дуу дуулж байна" 


гэж хэлчихээд цэцэг илбэн суудагсан. Тэгээд тэр охин дараа нь өвсний ч юмуу, усны ч юмуу шинэ үлгэр өгүүлнэ. Аанай л би үгийг нь дагана. Заримдаа эс дагана. Алинд нь ч охин надтай огтхон ч санал нийлдэггүй байлаа. Эцэст нь бид хоёр хэзээ ч санаа нийлэн ойлголцох үлгэрийн оронд хамт байж чадахгүй гэдгээ ухааран салцгаасан юм. Тэрхүү салалт миний цээжинд насан туршид хадаатай хэвээр явдаг агаад тэгэхэд охин эрс шийдэмгийгээр:
"-Толгод уйлдаг ч үгүй, дуулдаг ч үгүй юм шүү" гэж хэлчихээд яваад өгсөн билээ.

Дараа нь би эхнэртэйгээ танилцаж байхдаа аанай л толгодын үлгэр зохиож үзсэн билээ.


"-Энэ толгод дуулдаг, уйлдгийг мэдэх үү чи" гэхэд эхнэр маань галзуу солиотой хүн анх үзэж харж байгаа юм шиг харсанаа:


"-Чи чинь юу яриад байна аа. Юу гэж толгод уйлдаг юм бэ? юу гэж толгод дуулдаг юм бэ? Надаас өөр хүнд ингэж битгий яриарай" хэмээж билээ. Толгод дуулдаггүй, уйлдаггүй гэдгийг нэгэнт л хоёулаа мэдэж байсан болохоор бид хоёр гэрлэсэн биз. Тэгэхэд эхнэр маань "-Наад толгод чинь чиний хэлж байгаагаар уйлж байна. Чиний хэлснээр дуулж байна" гэсэн бол -Бид хоёр гэрлэх байсан болов уу? гэж өөрөөсөө асуух өдөр нэг биш гарч байсан юм даг.

Тэр охин надад толгодын үлгэр ярьж өгснөөс хойш олон жилийн дараа би охинтойгоо толгодын тухай үлгэрээ дахин сэргээж ярьж билээ.


"-Охин минь чи хардаа. Энэ толгод уйлж байгаа биз" гэхэд "-Ааваа яагаад уйлаад байгаа юм бэ? Тэгээд толгодын нүд нь, нулимс нь юунд харагдахгүй байгаа юм бэ?" гэж гайхширан асууж билээ. Охиныхоо энэ эгдүүтэй асуултанд хариулт олж чадаагүй юм. Харин эвгүй байдалд орсон аавыгаа юунд ч юм сэнхрүүлсэн охиндоо баярлаж явдаг юм. Охин минь тэгэхэд:


"-Ааваа толгод биднээс өөр юм чинь, биднээс өөрөөр л уйлж таараа даа" гэж билээ.

Заримдаа би хүний амьдралын зовлон жаргалын тухай бодохдоо энэ л толгодын үлгэрийг санаж явдаг юм.

2 comments:

Anonymous said...

hey uuchlarai ene blog deere zochilson humuusiin too gedeg zuiliig yaaj tawih ve?

Different Theory said...

Хай? Энэ жилийн сvvлчийн comment чинийх болох бололтой. Браво

Тэгэхээр Анонмоус, Зочдын тоог гаргахад амархан шд. Онлайнаар дvvрэн counter-ууд байгаа. Сонголт хийх л асуудал. Миний хувьд http://www.rapidcounter.com-ийг ашигладаг. Домайнаа бvртгvvлээд л болчихно шvv дээ. Goodluck

PS: За ингээд шинэ он гарлаа. Энэ жилийн хувьд Санта Клаус ажлаа ч сайн хийж байх шиг, хаа сайгvй л цас ороод л сайхан байна даа гэж...

За ингээд ирэх ондоо олон, олон бэрхшээлтэй нvvр тулахын тєлєє. Тэр бvгдийн ард гарахын тєлєє. Санхvvгийн хямрал тєгсгєл болж Америкийн эдийн засаг сайжрахын тєлєє. Сэхсэн ч vхсэн ч сэргэлэн болжмор шиг жиргэхийн тєлєє энэ хундагыг гээл vv. Keke. Champagne гоё шүү!

Happy new year to everybody! I love you all. Anyway, Happy Holidays!