2009/02/03

Заяа - Сэтгэлгээний хямралаас ангижрахуй

* * *
Намуун салхи талыг туулахдаа
Би явж байна гэж хашгирдаггүй
Навчис мөчирөө орхин хаа ч юм нисэхдээ
Би явж байна гэж орилдоггүй
Хээрийн бор өвс орчлонгоос тасрахдаа
Би явж байна гэж чаралдаггүй
Хэнд ч юу ч хэлэх хэрэггүйг
Би тэднээс олж мэдсэн

Бороонд нуугдаж уйлсан ч чулуу
Би гуниглаж байна гэж хэлдэггүй
Болор сар мянган оныг үдэвч
Би ганцаардаж байна гэж шивнэдэггүй
Бодол сэтгэлд минь гуниг ганцаардал
Мянгантай ирж мянгантай буцсаар
Богинохон амьдрал минь өнөөдөр дуусах байлаа ч
Би яг тэдэн шиг анир чимээгүй одох болно


* * *
Гунигийн хотод жирийн л нэг навчаар гэр бариад
Гуниглах ч үгүй уйтгарлах ч үгүй дөнгөж амь зуух юмсан
Гуу жалганд шунаг ёроолгүй сэтгэлээ мөнхөд булж хаячихаад
Гунигийн хотод дуу дуулж хэдхэн жил амьдраад үхэх юмсан

Дурлалын хотод жирийн л нэг гараар хөшөө босгож
Дуусашгүй мөнхийн сэтгэл гэж байдгийг нотлох юмсан
Орчлонгоос тасарч тоостой далавчаараа үүл хүртэл нисээд
Одот тэнгэрт саран дээр сууж сүүлчийнхээ шүлгийг бичих юмсан

Хээр тал ой шугуйд нуугдсан гоо сайхнуудыг нээж
Хэдхэн жил салхи шиг тэнэж яваад чимээгүйхэн үхэх юмсан
Олон жилийн гунигаа гартаа цуглуулж хүзүүний зүүлт хэлхээд
Олдохгүй газар үнэт эрдэнэс шиг нууж санаагаа нэг амраах юмсан

Гунигийн хотод жирийн л нэг навчаар гэр бариад
Гуниглах ч үгүй дуу дуулж хэдхэн жил амьдраад үхэх юмсан
* * *
Тоос татуулан өнгөрөх хулангийн сүрэг шиг залуу нас минь удахгүй дуусаж
Тогтоол ус шиг намуухан мэлтэгнэх он жилүүд надад ирнэ
Усны мандалд омголон хулангийн бүлээн уруул хүрэхэд дурсамжийн цагариг дугуйрч
Улбар ганц навчны ойчих чимээнд сэртхийн цочих
Удахгүй надад ирэх уйтгараар дүүрэн тогтоол ус мэт он жилүүд

Тал дүүрэн ургасан гоо цэцэгсийн дээгүүр эрвээхэй шиг нисэж өнгөрөөгүй
Таалж дэргэд нь өвс мэт дуугүйхэн ганхаж гуниг хураасан залуу нас минь
Тэнгэр эсгэх шувуудын далавчны салхи шиг хаа нэгтэй сарнина
Тэгээд надад тэмдэглэлийн дэвтэрийн шаргал хуудас шиг тийм өдрүүд үлдэнэ
Тэртээгээс над руу үлээх дурсамжийн салхи мэт намуухан он жилүүд

5 comments:

Different Theory said...

Sain uu Zaya? Sonin shulegnuud bna. Thx. Bugd l taalagdlaa, gehdee 2 dahi shuleg iluu goyo sanagdalaa.

PS: Gesnees, Zaya mongold irchihsen uim aa daa? Keke.

Б.Батзаяа said...

Баярлалаа. Монголдоо л байсаар байгаа.

Хол явах юмсан орон гэрээ санаж уйлах юмсан
Хоног өдрүүдийг тоолж, хэн нэгний илгээсэн нулимсан дусалтай захиаг уншиж өөрийгөө мэдрэх юмсан... гэж мөрөөдөх авч Монголдоо л байсаар байгаа.

Anonymous said...

ёооо, тэр хамгийн эхний шvлэг .., хэлэх ч vг алга. яасан гоё шvлэг вэ. тэр шvлгийг чинь шvтчихье!

Bolor Dulambayar said...

buh shuleg chine goyo bn, tehdee ehniih ni buur goyo amjilt husie

mep said...

энэ эхний шүлэг чинь ямар нэртэй юм бэ би дуу болгож болох уу