Би гурван хоног ертөнцийг мартан унтлаа. Нойрон дунд минь цав цагаан бороо ороод л байх юм. Би хэний төлөө амьдарч байгаа юм бэ? Өөрийнхөө төлөө юу? Хүний төлөө юу? Аль алиных нь төлөө юу?
2
Би урт удаан амьдармаар байна. Хөгжмийн гайхамшиг, шүлгийн гайхамшиг, ерөөсөө ертөнцийн гайхамшиг, энэ бүгдийг би урт удаан жил таашаамаар байна.
3
Энэ цагаан бороо юунд намайг тойрч шиврэнэ вэ? Морьдын төвөргөөн, өвсний сэрчигнээ, шувуудын жиргээ бүхэн орчлонгийн төгс үнэн байдаг. Энэ цагаан бороо ч орчлонгийн шивнээ юу?
4
Тэгээд яагаад заавал зүүдэн дунд минь л цагаан бороо ороод байгаа юм бэ? Тэгээд яагаад миний сэтгэл өвдөөд байна вэ? Ийм урт замд зогсохийг би хүсэхгүй байна.
5
Би үхэхгүй, би төгсөхгүй. Миний жаргалыг ч, зовлонг ч хүмүүс ойлгохгүй. Зөвхөн зөөлөн цагаан бороог харсан хүн л намайг дурсана.
1 comment:
Shuleg shig sanagdaj bn. Barag l shuleg bolgoj bolno. Tugsgul taalagdlaa. Zoolon tsagaan boroo mini.
Post a Comment