2007/03/19

Vл таних зохиол


I can understand the hesitation of my generation, indeed it is no longer mere hesitation; it is the thousandth forgetting of a dream dreamt a thousand times and forgotten a thousand times; and who can damn us merely for forgetting for the thousandth time? Franz Kafka

Хуучин ном дэвтэр, бичиг цаасаа цэгцэлж суутал шарлаж урагдсан, хавтас нүүрээ гээсэн үл таних ном оллоо. Царай алдсан, өнгө үзэмжийн хувьд тун тааруухан, хэвлэл муутай энэ ном нэг л содон харагдана. Ном болгон өөрийн дүр төрх, үнэр танар, зан чанартай байдаг бол энэ ном ямар ч өвөрмөц шинжгүй, таних тэмдэггүй байв. Нүүр хуудас нь аль дээр алга болсон бололтой, зохиогчийн нэр нь ч мартагджээ. Миний шүүгээнээс ийм содон ном олдох нь тун сонин хэрэг -Би амьхандаа номнуудаа аль болох эмх цэгцтэй байлгахыг хичээдэг юм л даа. Гунигт амьдралын минь үнэн ч нөхдүүд зөвхөн эд юм шүү дээ! Өчнөөн олон удаа уншиж, үг үсэг бүрийг нь цээжлэх дөхсөн номнуудаа өөрийн хар амьнаас илүүтэй хайрлаж сургасан он жилүүд минь... Хөврөн өнгөрөх цаг хугацааны огтлолцолд зөвхөн эдгээр номнууд л надаа ухаарал хайрлаж, сэтгэлийг минь дэвтээсэн. Гэтэл нэг нэгэнгүй мэдэх номын шүүгээнд минь ийм нэгэн өнчин зохиол явж байдаг... Хаанаас гараад ирэв ээ? Аливаа нууцлаг зүйл хүний сонирхолыг заавал татдаг тул сониуч зандаа хөтлөгдөн эл номыг шөнөжин сууж уншив. Хайр дурал, үерхэл нөхөрлөлийн талаар үл мэдэх зохиолч маань ямар сэтгэл хөдлөм бичээв? Залуу нас минь нүдний өмнө зурайн өнгөрөх шиг боллоо. Гэнэн ч байж, цайлган ч байж... залуу байж дээ. Түүнтэй учирсан мөч, түүнийг мөрөөдөж хоносон өдрүүд минь бүгд энд хадгалаастай байлаа. Тэр үед би хайрлаж чаддаг байж, мөрөөдөх тэнхээтэй байж... омголон байж дээ. Миний залуу насны мөрөөдөл ийнхүү зөвхөн хэн нэгэн үл таних зохиолчийн шарласан хуудаснаа намуухан эгшиглэх хувьтай байж. Хэн мэдлээ... Үл таних зохиолчийн бүтээл хайр сэтгэлийг магтан дуулжээ. Түүний бийрээр сийлэгдсэн дурлалын түүх юутай сэтгэл хөдлөм санагдана вэ? Ердийн нэг хайрын түүх юутай уянга эгшиг агуулна вэ? Гэвч энэ бүхэн ердөө сэрүүн зүүд төдий зүйл билээ. Хүн бол зөвхөн адгуус төдий өрөвдмөөр амьтан -арчаагүй, атаархуу, амиа хичээсэн, адгийн араатнаас долоон дор амьтан. Хайр дурлал, халуун сэтгэл гэх хийсвэр үлгэрээр өөрийнхөө арчаагүй сул дорой байдлаа халхалж, гэгээн цайлган бурханы дүрд тоглох дуртай цорын ганц амьтан бол хүн. Худал хуурмаг бүхнээ хайр дурлалын золиос хэмээн хаацайлж, хар бараан бүхнээ хатан сэтгэлийн тэмцэл хэмээн хамгаалдаг цорын ганц амьтан бол хүн. Үл мэдэх зохиолч маань андуурчээ. Түүний бийрээр сийлэгдсэн уран үгс зөвхөн хүн төрөлхтний мөнхийн үлгэрийг үргэлжлүүлж, бусдыг сайхан төрхөөрөө хуурч мэхлэхийг санаархах гоёмсог зэрэглээ... Ийнхүү бодлогширсоор мөнөөх номоо уншиж дуусгалаа. Цонхоор хартал үүр цайсан байв. Үүлэн дунд бүдэгхэн сүүмийх өглөөний наран мөнөөх номын сүүлийн хуудсыг гэрэлтүүлэв. Үл таних зохиолч өөрийн гарын үсгээ татласан байсныг унштал, Хайрт чамдаа зориулав Ж гэсэн байлаа... Бурхан минь, миний гарын үсэг байна шүү дээ!

2 comments:

Anonymous said...

Uuu, he he gesen

Different Theory said...

Ёстой хөөрхөн коммент байна. Амина