2013/07/07

Хөөрхөн Халиун


“Хөөрхөн халиун ДОЛГИОН шүү
Хөлд нь сууж бариарай”
 
Ардын дуу цусанд минь, эсэнд минь байгаа юм болохоор, сонссон даруй нүх сүв бүгдээр минь нэвчин дотогшилж, бодол ухааныг минь тэтгэнэм... 

Энэ л мөрүүд төрөн гарсан тэр цаг үеийн монгол ахуй өнөөдөр алга гэхэд хилсдээд, гүжирдсэн болох биз... Цус минь мартаагүй, мартах ч үгүй олон, олон үнэт зүйлсийг бид мартаж, өнөөдөр ахуйд нь амьдрахгүй, ахуйг нь үгүй хийсний үрээр үгүйсгэж, үл тооно...

...Үргэмтгий, цочимтгой зантай халиун морь, Тэр нүд ам... чих толгой... гэж үгүй ээ мөн уран сайхан амьтан аа... Тиймдээ ч ХӨӨРХӨН ХАЛИУН хэмээн нэрийдсэн хэрэг дээ гэх бодол тархинд хөвөрнө... 

Бидний мартсан тэр олон, олон үнэт зүйлсийн нэг нь агт морины зан аашны тухай ойлголт, мэдлэг хомс болсныг дээрх хоёр мөрөнд буй "ДОЛГИОН" гэх үг гэрчилнэ.

Дууны үгийг цахим ертөнцөд шивж, эхийг нь бэлтгэсэн хотын, тэр дундаа адуу малаас баахан хөндий охид бүсгүйчүүд алдсан байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэнгээ үүнийг бичиглэж сууна.

“Долгион” гэвэл орчин цагийн монгол хэлнээ “усны мандал дээгүүр атриатан гарах давалгаа”, мөн “физикийн тодорхой орчинд үүссэн хөдөлгөөний эрчим хүчний хэлбэлзэл, тархалт” гэх утга зааж байна.

Хөөрхөн ч бай, муухай ч бай амьд амьтан физикийн ухааны үүднээс хөдөлгөөний эрчим хүчний тодорхой орчин мөн. Тиймээс “хөөрхөн халиун долгион шүү” гэчихэд болохгүй газар үгүй ч юм шиг санагдаж байж мэднэ.

Эгшиг томолтыг тэмдэглэсэн байдлаас үзвэл “дой-хой-л-гоо-оо-хо-хо-хоон-шүү-/өө/” гэх аж. Эгшиг томолтын талаар дуулсан төдий, аль эсхүл огт дуулаагүй хүмүүс үүнийг хараад “яагаад долгин ч юмуу, долгион ч юмуу гэдэг үг ийм болж байгаа юм бол” гэж бодох нь эргэлзээгүй.

...Хэрэв эргэлзээ л төрж байгаа бол өөрт чинь сурах хэрэгцээ үүсч байна гэсэн үг. Тиймээс уртын дууны мэдлэгээ мөчидхөн дээшлүүлэх үест учир нь амархаан тайлагдаад ирэх биз. Энэ удаад би эгшиг томолтыг тэмдэглэсэн тэмдэглэгээ нь уг үгэлбэрийг "долгион" гэж ухаж байгаагаас үүдээд буруу байх вий л гэсэн атхаг санаагаар хэрэггүй шахам юм тэмдэглэж суугаа нь энэ...

Эцэст нь ХУРДАН, ТҮРГЭН, ХӨНГӨН, ХИЙСГЭЛЭН, СЭРГЭЛЭНСЭРВЭЛЗСЭН, ҮРГЭМТГИЙ, ЦОЧИМТГОЙ зантай морийг манай өвөг дээдэс “ДОЛГИН” гэж нэр оноожээ гэж үзвэл, дараагийн:

“Хүний газар хэцүү шүү
Хүлээн байж дасаарай” гэдэг мөрүүдтэй хамсарч ямар утга санаа хэлнэ вэ...

Сүүлийн мөрөнд хөг аялгууны туйл нь таарч байгаа болов уу гэж санана. Ямартай ч, гол утга нь энд гарч байна.
 
Хүний хувьд цочир ууртай энэ тэр байх нь сул тал, муу зан биз, гэхдээ агт морины хувьд огт өөр юм. Цовоо сэргэлэн, хурдан хөнгөн байна гэдэг давуу тал, сайн зан чанар юм. Үйл заяаны эрхээр төрж, өссөн нутгаа орхин, харь хол хүний газар амьдран суухаар явах гэж буй охин нойтон үрдээ ижий хүн л учирлан, сургаадаа гэж өөрийн эрхгүй бодогдох...

Хүмүүний амьдралын ийм л нэгэн тохиолд, морь эзэн хоёрыг харилцан биедээ түшиг болж яваасай гэсэндээ аав нь өөрийн унаган морио эмээллэж, ижий нь охин үрдээ учиртай үгийг дуулган үдээ биз...

Тэгвэл түүний нарийн учир нь чухам юу байж болох вэ... Урт холын замд унаж гарахаар завдаж буй мориных нь аашаар үлгэр хийж, “охин минь аашаа мэдэж яв, чи хурдан түргэн шүү” гэдгийг сануулан, сургамжлахын тухайд энэ дууг зохион дуулж гэж ухах нь зөв шиг санагдана....

Энэ тохиолдолд, "Хөөрхөн халиун" хэмээх эл дууг яасхийн аргадаж дуулах вэ гэж бодогдох... “хээ-ээ-цүү /өө/-өө-хө-хө-хө-шүү /өө/” хэмээснээс үзэхэд хөг аялгууны туйлын туйл энд, харин дууны шүлгийн утгын туйлын туйл нь хүлээн байж дасаарай”, “хайрлан байж дасаарай” гэсэн мөрөнд онож байна.

Чухам энд дуучнаас дуулах ур дүй, амьдралыг таньсан сэтгэлийн эрдмийн ид хавыг шаардаж байх шиг...


Хөөрхөн Халиун

Хөөрхөн халиун ДОЛГИН шүү
Хөлд нь сууж бариарай
Хүний газар хэцүү шүү
Хүлээн байж дасаарай

Хайчин халиун ДОЛГИН шүү
Хазаарыг нь татаж мордоорой
Харийн газар хэцүү шүү
Хайрлан байж дасаарай

Нарийн халиун ДОЛГИН шүү
Наласхийгээд мордоорой
Насний бага нь гэнэн шүү
Найрсаг харилцаж яваарай


Д.Даваасүрэн

No comments: